Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүсэл сонирхол, сэтгэхүй, танин мэдэхүйг хөгжүүлэх, “Багачуудын музей” “Шангри Ла” зочид буудлын гурван давхарт нээгдлээ. Хүмүүс музейг хуучны эдлэл, уран дүр дүрслэл бүхий янз бүрийн зураг, ховор олдвор гэж ойлгох элбэг. Харин “Багачуудын музей”-н 2-7 настай хүүхдийн онцлогт тохирсон бөгөөд үзмэрийг өөрийн гараар барьж тоглох боломжтой юм байна. “Багачуудын музей” эхний удаад барилга байшингийн тохижилт сэдэвтэй гарчээ. Музейд хүүхдүүдэд барилгын тухай мэдлэгийг олгох зорилгоор барилгад ашигладаг материалыг хүүхдийн тоглоомоор хийсэн байсан нь багачуудыг сонирхлыг ихэд татаж байсан юм. “Багачуудын музей” Азид саяхнаас дэлгэрч эхэлсэн бөгөөд 100 гаруй жилийн өмнөөс АНУ-ын томоохон хотуудад “Багачуудын музей”-г байгуулж эхэлсэн аж. Энэхүү музей уламжлалт музейгээс өөр бөгөөд хүүхэд тоглохын хажуугаар бодож сэтгэх, харьцуулж ойлгох, сурч хөгжих боломж олгодог онцлогтой. Цаашид тус музейн хамт олноос эцэг эхчүүдийн оролцоог дэмжсэн, бага насны хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Барилгачин найзууд” музей ирэх зун хүртэл багачуудад нээлтэй байх юм. Хүүхдийн анхны музейн албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болох юм байна. Музей өдөр бүр 10-22 цагийн хооронд ажиллах юм.