Б.БИЛГҮҮН
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэр нь “Хөтөлийн “Цемент шохой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй гэрээ байгуулсан гээд энэ сарын 17-ны өдөр мэдээлэл өгч, гэрээний хуулбарыг нийтэд дэлгэсэн билээ. Ямар гэрээ байв гээд харвал,
1. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй 2017-2021 он хүртэлх хугацаанд шохой нийлүүлэх
2. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй 2017-2021 оны хооронд ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх Худалдах, худалдан авах гэсэн хоёр гэрээ байсан.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн энэ хоёр гэрээг дэлгэсэн шалтгаан нь нэгдүгээрт, энэ гурван үйлдвэр Худалдаа хөгжлийн банкинд харьяаллагддаг болсноос хойш хийгдсэн. Хоёрдугаарт, гэрээнд зааснаар “Эрдэнэт” үйлдвэр Хөтөлийн “Цемент шохой”-д урьдчилгаа гэж 15 тэрбум 258 сая төгрөг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гэрээний нийт дүнгийн 40 хувь болох 87 тэрбум 119 сая төгрөгийг шилжүүлэхээр заасан нь түүний гэрээг дэлгэх шалтгаан болсон байв.
Түүнийхээр бол дээрх хоёр гэрээний урьчилгааны нийт дүн нь 102.3 тэрбум төгрөг болж байгаа. Харин гэрээний нийт хугацаанд 400 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс Хөтөлийн “Цемент шохой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т орно гэж байгаа юм. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн мөнгийг энэ хоёр үйлдвэр рүү шахаж, улсын төсөвт орох ёстой мөнгийг гэрээний аргаар “цувчуулж” байна гэж үзсэн. Гэвч, нөгөө талаас буюу “Эрдэнэт” үйлдвэр 49 хувь нь “Монголын зэс” компанид очихоос ч өмнө энэ хоёр үйлдвэртэй хамтын ажиллагаатай байсан гэх мэдээллийг өгч байна. Мөн гэрээ нь хуулийн дагуу явагдсан байхад компани хоорондын гэрээг нийтэд мэдээллэх шаардлагатай эсэх асуудлаар Хөтөлийн “Цемент шохой” компанийн захирал А.Шоовдор ярьжээ. Мөн энэ асуудлаар “Эрдэнэт” үйлдвэр мэдэгдэл гаргаж, УИХ-ын дэд даргын мэдээллийг няцааж байх жишээтэй.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр хэд, хэдэн хуулийн заалтыг дурдаж, “...“Эрдэнэт” үйлдвэр компанийн зүгээс үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудтай байгуулсан дээрх гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байна” гэжээ. Мөн “...УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн мэдээлэлд дурдсанчлан “Дарханы төмөрлөгийн” болон Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрт 100 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн олон нийттэй харилцах албанаас нь мэдээлжээ.
Хэдийгээр УИХ-ын дэд дарга байтугай энгийн иргэн хүртэл хардаж, сэрдэх эрхтэй ч хууль, хяналтын байгууллага шалгаж эхлээгүй, үнэн зөв нь олдоогүй асуудлаар “нөгөө төсөвт орох ёстой 100 тэрбум орохгүй байсан, энэ гэрээгээр тэр үйлдвэр рүү явсан юм шиг байна” гэж “шүгэлдэх” нь эрхгүй анхаарал татах нь ойлгомжтой. Дээрээс нь энгийн нэг хүн биш УИХ-ын дэд дарга ярьж байгаа учраас энэ гэрээ “но”-той гэх мессеж хуурай өвсөнд түймэр дэгдэхтэй адил нийгэмд тарсан. Улмаар иргэдийн дунд “Эрдэнэт” гэрээ хийж, татварт орох ёстой байсан 102.3 тэрбум төгрөгийг аваад идчихсэн байна гэх бодол тээсэн хүн хэд болсныг таах аргагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ гэрээ хуулийн дагуу хийгдсэн үү, үгүй юу гэдгийг хэн ч, хаанаас ч тогтоогүй байна. Шүүхээр тогтоогоогүй л бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэх ойлголт үндсэндээ нуран унасан нь “Эрдэнэт”-ийн мэдээллийн араас үзүүлсэн нийгмийн хандлага хангалттай харуулсан болов уу. Мөн аль зургадугаар сараас хойш яригдаж эхэлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал өнөөдрийг хүртэл зөв, буруу нь тогтоогдоогүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шалгахад МАН-д хангалттай эрх мэдэл, хүч байгаа. Тиймээс аливаа хэргийг зөв, буруу гэж нийгэмд хандахаас өмнө үнэн, зөвийг тогтоосны дараа мэдээлж байвал иргэд хоёр хуваагдаж, Ц.Нямдоржийн эсвэл Ц.Элбэгдоржийн талд зогсож, “дайтах” шаардлагагүй болох биз.