Т.ЭРДМАА
Монголбанкны бодлогын 15 хувьд хүрч арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэнд олгож буй хэрэглээний зээл хумигдсан. Зээл хүсээд авахаас авахгүй нь их болов. Хүсэлт нь биелсэн ч жилийн 25-30 орчим хувьд хүрч буй юм. Ингээд Банк бус санхүүгийн байгууллагыг зоригчдын тоо эрс нэмэгдээд байгаа. Учир нь, арилжааны банк шиг зээлийн барьцаа, шалгуургүй, түргэн шуурхай олгодог гээд давуу тал ихтэй. Тэгээд ч зээлийн хүү нь арилжааны банкуудтай адил зарим тохиолдолд бага ч гардаг аж. Ингээд ББСБ-аар үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон тул шинээр зөвшөөрөл авч ажлаа эхэлж байгаа газрууд ч борооны дараахь мөөг шиг олширч байна. Арга ч үгүй биз. Эрэлт хаана байна тэнд нийлүүлэлт нэмэгддэг жамтай. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээс үзвэл энэ онд 53 ББСБ үйл ажиллагаа явуулах эрх авчээ. Тэгвэл дөрвөн газар эрхээ цуцлуулав.
Монгол Улсын хэмжээнд эдүгээ 499 ББСБ ажиллаж байна. Тэдний нийт хөрөнгө нь 676 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 122 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ДНБ-ий 6.1 хувийг эзлэх боллоо. Хэдийгээр нийт хөрөнгө нь нэмэгдсэн ч олгосон зээлийн хэмжээ эрсдэл дагуулж эхлээд байгаа юм. Тухайлбал, нийт хөрөнгийнхөө 412 тэрбум төгрөгийг нь зээлд гаргажээ. Нэг ёсондоо нийт хөрөнгийнхөө 81.2 хувийг зээлүүлсэн байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ огцом өсч эхлэв. Одоогоор 50 орчим тэрбум төгрөгийн зээл чанаргүй гэсэн ангилалд орлоо. Бас хугацаа хэтэрсэн зээл 32 тэрбум төгрөг давав. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь, эдийн засгийн хямралын улмаас иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн билээ. Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын чанаргүй зээлийн хэмжээ өсч байгааг анхааралтай ажиглаж байгаа. Байдал бүр хүндэрвэл зохих арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Зээлийн эргэн төлөлт өнгөрсөн онд ямар байсныг сонирхоё. ББСБ-ууд нийт 391 тэрбум төгрөгийн зээл гаргажээ. Үүний 7.7 тэрбум төгрөг нь л хугацаа хэтэрсэн гэсэн ангилалтай байв. Тэгвэл энэ онд 32 тэрбум төгрөг боллоо. Нэг ёсондоо хугацаа хэтэрсэн зээл 32 хувиар өссөнийг илтгэнэ. Чанаргүй зээлийн хэмжээ 20 тэрбум төгрөгөөс 49 тэрбум төгрөгт хүрч 72 хувиар өссөн дүн гарлаа. Тэгвэл огт төлөгдөхгүй байгаа гэж болох муу зээл 11.4 тэрбум төгрөг байна. Эргэн төлөлт нь хамгийн хүндрэлтэй байгаа зээл нь гадаад валютынх. ББСБ-ууд 38 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютын зээл олгожээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд хүүгийн зөрүүнээс ашиг харж гадаад валютын ханш доогуур байх үед зээл авдаг. Гэтэл энэ жил ам.долларын ханш савалгаа их байгаа тул ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байгаа. Энэ бүгдээс үзэхэд цөөнгүй ББСБ дампуурлын ирмэгт тулжээ. Гэхдээ ББСБ-уудын нийт ашгийг тооцож үзвэл одоогоор 25 тэрбум төгрөг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс дөрвөн тэрбум төгрөгөөр илүү юм. Харин 93 ББСБ ашиг олсонгүй. Тэд 3.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
ХЗХ-ны хугацаа хэтэрсэн зээл 4.1 тэрбум төгрөгт хүрлээ
Монгол Улсын хэмжээнд 277 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд нийт 63.6 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрсөн дүн бий. Харин хоршоологчдын хөрөнгө нь 10 тэрбум төгрөг. Тэгвэл тэдний олгосон зээл ч бас асуудал тарьж эхлэв. Тэд одоогоор 81.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 35 тэрбум төгрөг буюу 15 орчим хувиар өссөн үзүүлэлт. Тэгвэл нийт хөрөнгө 105.4 тэрбум төгрөг байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ бас л өсч 3.8 тэрбум төгрөгт хүрэв. Мөн хугацаа хэтэрсэн зээл ч нэмэгдэж 4.1 тэрбум төгрөгт хүрсэн дүн гарлаа. Өөрөөр хэлбэл, хамгийн их асуудал дагуулах бичил санхүүгийн салбар бол Хадгаламж зээлийн хоршоод болоод байна. Нийт ХЗХ-дын орлого 12 орчим тэрбум төгрөг болжээ. Гэвч зардал нь өнгөрсөн жилийнхээс 14 хувиар өсөв. Тэгвэл нийт ХЗХ-ны 60 хувь ашигтай ажилласан дүн байгаа юм. Харин долоон хувийнх нь ашиг, алдагдал тэнцсэн бол 33 хувь нь алдагдалтай ажиллав. Ийнхүү ХЗХ-ны чанаргүй хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ огцом өссөн, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн явдал Санхүүгийн зохицуулах хороог ажилтай болгож эхлэв. Тус хорооноос ХЗХ-нд тавигдах шалгуурыг өндөрсгөх, хяналт шалгалт хийх зэрэг дампуурлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болоод байна. Эцэст нь хэлэхэд, ХЗХ-д дампуурч олон хүн хохирсон явдал гарсан. Үүний ул мөр одоо хүртэл арилаагүй, хөрөнгө мөнгөний маргаан шүүх, хуулийн байгууллагаар үргэлжилсээр байгаа. Гэтэл эдийн засгийн хямралын урхагаар дахин ХЗХ-д дампуурч нийгмийг доргиосон цочрол үүсгэхгүй гэх баталгаа алга.