Английн Кент гүнлэгт хүйсээ өөрчлөн эмэгтэй болохыг хүсдэг сурагчийг хичээлдээ эмэгтэй хүүхдийн хувцастай ирэхийг сургуулийн удирдлага зөвшөөрсөн тухай “Daily Mail” мэдээлжээ.
18 настай эрэгтэй сурагч хүйсээ өөрчлөх хүсэлтэй гэдгээ бусдад ойлгуулахын тулд нэрээ Лили Мэдиган гэж эмэгтэй болгон өөрчлөөд хичээлдээ банзал өмсөн ирснээр хэрэг манджээ. Мэдиганы сурдаг сургууль нь католик шашны сургууль тул иймэрхүү үйлдэлд тун хатуу ханддаг. Сургуулийн багш нар нь Мэдиганд сануулга өгсөн нь ойлгомжтой. Харин Мэдиган эрхээ хамгаалахаар шийдэн интернэтээр дамжуулан өөрийн үйлдлийн зөв гэдгийг дэмжих санал хураах аян явуулсан байна. Үр дүнд нь мянга гаруй хүн түүнийг дэмжиж байгаагаа мэдэгдэхэд сургуулийн удирдлага хичээлдээ банзал өмсч ирэхийг арга буюу зөвшөөрсөн гэнэ. Үүнээс гадна Мэдиган нь сургууль дээр охидын хувцас солих өрөө, бие засах газраар орох эрхтэй болсон байна. Мэдиган онцгой эрх эдлэх болсны дараа сургуулийн багш, ажилтнуудын дунд трансжендерүүдтэй хэрхэн зөв харилцах талаар сургалт явуулж эхэлсэн аж.