Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос аюул заналхийллээс яаж хамгаалахаа хэнээр ч заалгахгүй


Өмнөд Солонгосын Чежудо мужийн амбан захирагч Вон Хи Рён нь пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн “THAAD” системийг нутагтаа байрлуулах эсэх нь улсынх нь дотоод хэрэг гэж мэдэгджээ. Вон Хи Рёнийг 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй нөлөө бүхий хүн гэж үзэж байгаа тул сүүлийн үед хэлсэн ярьсан болгоныг нь Солонгосын төдийгүй бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцгойлох болсон. Тэрээр “Бүгд найрамдах Солонгос улс нь тусгаар улс тул аюулгүй байдалтай нь холбоотой шийдвэрийг бие даан гаргадаг. Пеньянаас гарч байгаа аюулыг тооцон үзвэл Солонгос улсад “THAAD” байршуулах нь гарцаагүй зүйл гэж бодож байна” гэжээ.

Гэхдээ Хойд Солонгосын цөмийн асуудлыг амжилттай шийдвэрлэж чадвал Өмнөд Солонгос нь пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн системийг байршуулахаас татгалзаж болно гээд  “Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй, цөмийн хөтөлбөргүй статустай болгож чадвал түүний хэрэг байхгүй болно” гэжээ.
Өмнөд Солонгос ба АНУ хоёр дараа жилээс “THAAD”-ыг өмнөдийн нутагт байршуулахаар тохиролцсон тухайгаа өнгөрсөн долдугаар сарын 8-нд албан ёсоор мэдэгдсэн. “THAAD” нь баллистик пуужингийн цөмийн цэнэг агуулсан толгойн хэсгийг бай руу ойртож эхлэх үед тосч устгадаг газрын байрлалтай систем. “THAAD” нь АНУ ба түүний холбоотнуудын чухал хот, объектуудыг баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай юм.

 Өмнөд Солонгост Америкийн систем байршуулах гэж байгааг БНХАУ ба ОХУ хоёр эрс эсэргүүцсэн. Учир нь, Хойд Солонгосын пуужин нь Өмнөд руу эсвэл Япон руу ноцтой цохилт өгөх хэмжээнд хүртэл хөгжөөгүй, “түүхий” байгаа  нь илэрхий тул үнэн хэрэг дээрээ Америкийн “THAAD” систем нь Хятад, Оросын баллистик пуужингийн эсрэг чигэлсэн гэж тэд үзэж байгаа юм.

Америкчууд Европт пуужингийн довтолгооноос хамгаалах өөрийн системийн радар ба пуужингуудыг байршуулах болоход оросууд мөн адил эсэргүүцэж байсан. Тэгэхэд пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Оросын пуужингийн эсрэг бус харин Өрнөд Европын түншүүдээ Иран, Хойд Солонгосын пуужингийн болзошгүй довтолгооноос хамгаалахын тулд байршуулж байна гэж АНУ мэдэгдэж байсан. Харин оросууд үүнийг нь үгүйсгэн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах системийн радар, пуужин байршуулснаар болзошгүй цөмийн дайны үед америкчууд Оросоос харвасан баллистик пуужинг өндөр ба хурд авч эхлэх эхний шатанд буюу хамгийн эмзэг үед нь амдан сөнөөх боломжтой болсноор ОХУ ба АНУ хоорондын стратегийн зэвсэглэлийн тэнцвэр алагдаж байна гэж эсэргүүцэж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан