Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шенхуа” 49 хувиа, бид 51 хувиа Хятадаас босгох уу


Т.ЖАНЦАН


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр замын ажлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 2020 он дотор хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах юм. Харин Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлж буйгаар 2018 оны эцэс гэхэд энэ замыг ашиглалтад оруулсан байх гэнэ. Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд чиглэлд Гашуунсухайт боомт хүртэл тавигдах нийт 267 км урт төмөр замын ажилд 197.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан Хөгжлийн банкны тайлангаас харвал, нийт ажлын гүйцэтгэл 51.8 хувьтай байгаа аж. Тэгвэл үлдсэн 48.2 хувийн ажлыг хэн, хэрхэн үргэлжүүлэх вэ, гэдэгт Мэргэжлийн Засгийн газар хариулж түвдээд байх асуудал биш бололтой. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж, үр өгөөжийг нь хүртэх ёстой” талаар ярьжээ. Тэгэхээр ямар ч ажил явуулахад саадгүй болсон 65-ын бүлэг, Засгийн газар Тавантолгойг хөдөлгөхдөө эхлээд төмөр замын ажлыг нь шувтрахаар шулууджээ. Гэхдээ ямар байдлаар явуулах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. “Монголын төмөр зам” ТӨХК оролцогч хэвээрээ байна.

Энэ замын ажлыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани гүйцэтгэж байсан бөгөөд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар үр өгөөжөө удаан хугацаанд өгдөг төсөлд цаашид хөрөнгө оруулах боломжгүй гэсэн тул төмөр замын ажил үндсэндээ зогссон. Мөн энэ ажлыг хийхдээ “Монголын төмөр зам” хэт их хөрөнгө мөнгөөр бага ажил хийсэн гэх шүүмжлэл гарч, үнэн, худал эсэхийг нь шалгах хуулийн байгууллагын ажил хараахан дуусаагүй байна. Харин энэ төслийг анх эхлүүлсэн нь “Энержи Ресурс” компани байдаг. БНСУ-ын “Samsung CT” компанитай “Энержи ресурс” компани нь 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр эхлээд гэрээ хийсэн байдаг. Харин дараа нь буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид олгосон билээ. “Монголын төмөр зам” компанид Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил шилжихэд “Samsung CT” болоод “Энержи ресурс” хоёрын хооронд хийгдсэн гэрээнд заасан үнийн дүнд ямар ч өөрчлөлт ороогүйг нийслэлийн Прокурорын газраас тогтоосон.

Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам” компанийн удирдлагууд хөрөнгө мөнгөө тооцоод, Хөгжлийн банкийг “сэгсэрчихсэн” юм биш гэдэг нь тодорхой болсон. Харин 200 орчим сая ам.доллараар яг хийх ёстой ажлаа хийсэн үү, зүгээр шороо овоолоод орхисон уу, гэдгийг нь тогтоох асуудал тусдаа. МАН-ын Засгийн газарт багтаж байгаа Д.Ганбат сайдын хэлснээр ч гэсэн төмөр замыг барихдаа шороо овоолдог бөгөөд хяналтыг гадаадын нэр хүнд бүхий компани тавьж, Монголын 13 компани оролцсон. Харин аудитын байгууллага нь хөрөнгө мөнгөндөө таарсан ажил уу, гэдгийг нь үнэлэх юм билээ. Ямартай ч, багагүй асуудал дагуулсан “Монголын төмөр зам” компани цаашид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр замын 51 хувийн эзэмшигч, оролцогч хэвээр байх нь тодорхой байгаа. 49 хувь нь “Шенхуа” хэвээрээ Өнгөрсөн засгийн үед Хятадын төрийн өмчийн “Шенхуа” компани Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Төмөр замын асуудлаар ч гэсэн яриа хэлэлцээрт хүрч, 100 хувиас буурсаар 49 хувийн хөрөнгө оруулалт дээр зогссон. Гэвч, энэ компанийн дотоод асуудлаас болж, мөн гадаад зах зээлд нүүрсний үнэ эрчимтэй уруудсанаар төмөр замд хөрөнгө оруулах ажил удааширч, зогссон гэх албаны тайлбар байдаг. Харин сонгуулийн дараа тус компанийн төлөөллүүд төмөр замын 49 хувьд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдсэнээр, хөрөнгө оруулагч тал бодлоо өөрчлөөгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл энэ компани 49 хувийн хөрөнгө оруулалтаа өөрсдийнбуюу Хятадын Хөгжлийн банкнаас босгох гэж байгаа гэх мэдээлэл байна.

Харин бид хаанаас хөрөнгөө босгох нь асуудлын гол байгаа юм. Хөрөнгө хаанаас босгох вэ Энэ төсөлд нийтдээ ~1.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо байдаг. Хятадын талаас Тавантолгойн нүүрсний уурхайд хөрөнгө оруулах компани төмөр замын ажилдаа оролцоод хөрөнгө оруулалтаа шийдэх нь зөв гэх талыг баримталдаг ч манай талаас дэмждэггүй тул “Монголын төмөр зам” компани өөрсдөө хөрөнгөө босгож, эсвэл “Шенхуа” компанийн авсан зээлийн өөрсдийн 51 хувьд ногдох хэсэгт зээлийн эргэн төлөлт хийх асуудал байж болно. Тиймээс энэ мөнгийг Хятадаас урт хугацаатай зээлж, “Монголын төмөр зам” компанийг санхүүжүүлэх үү гэх хардлага нийгэмд үүссэн байгааг зарим талаараа үгүйсгэх аргагүй. Тухайлбал, саяхан МАН-ын дарга М.Энхболд Хятадад айлчилсан. Энэ нь хэдийгээр төрийн айлчлал биш, намынх байсан ч Сангийн сайдаа дагуулж явсан, дэрээс нь Хятад туслалцаа үзүүлж, тодорхой төслүүд дээр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ зарлачихсан таатай нөхцөл бүрдсэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд саяхан манай улсад айлчилсан БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан айлчилсан гэдгийг төмөр замын асуудалтай холбон тодотгосон байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Хятадад айлчилж, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны удирдлагуудтай уулзахдаа, төмөр замын төслийг Хятад санхүүжүүлэх бодлого нь хэвээрээ гэдгийг нь нотолчихоод ирсэн. Бүдүүн зураглалаараа бол Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бид 100 хувь Хятадын хөрөнгөөр барих мэт харагдаж байна. Гэтэл төмөр замыг дан урд хөршийн хөрөнгөөр баривал бид зээлээ хэзээ төлж дуусах нь томоохон асуудал болно. Мөн төмөр зам тавьсны дараа тээврийн тариф тогтоох асуудал хэрхэн яригдахыг мэдэхгүй. Энэ мэт ганцхан уулсын зээл, түүний хүү нь стратегийн чухал ач холбогдолтой томоохон орд, түүний тээврийн асуудалд хүчтэй нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, “Энержи Ресурс” компани 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг тавьсан байдаг. Энэ замаар Тавантолгойгоос нүүрс олборлож буй компаниуд нүүрсээ зөөж, автозам ашигласны татвараа төлдөг байсан. Автозам барьсан компани өөрсдийн зөөж буй нүүрснээс тонн тутамд 75 цент авдаг байсан бол бусад компаниуд хоёр ам.доллар төлж, зарим нь энэ мөнгийг өгч чадахгүйн улмаас засмал замын хажуугаар тоос татуулсан давхиж байгаль орчин сүйтгэдэг болсон. Эцэстээ, төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компани энэ замыг 100 сая ам.доллараар, 18 сая ам.долларыг нь замын хураамжаас төлөхөөр тохиролцож асуудлаа нэг тийш болгосон гашуун туршлага бий. Товчхондоо, төмөр замд нэг тал хэт давамгайлж эхэлбэл, энэ замаар хэн явах, юу зөөх, хэдэн төгрөг төлөх гээд олон асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан