Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их сургуулиудын төлбөр хоёр сая төгрөг давбал бүү гайхаарай

Сар гаруйн өмнө дөө МҮЭ-ийн хорооныхон төрийн өмчийн их сургуулиудын багш нарын цалин нэмэгдэхгүй байгаа талаар хурал хийлгэхээр зэхсэн ч бүтэлгүйтсэн. Энэхүү асуудалд нь тийм ч таатай хандаагүй их, дээд сургуулийн удирдлагууд “Багш нарынхаа цалинг нэмэх боломж бидэнд байхгүй. Засгийн газар, БСШУЯ-ны зүгээс инфляцтай уялдуул гээд оюутнуудын төлбөрт хязгаарлалт хийдэг. Харин улсаас энэ асуудалтай холбоотойгоор татаас өгөх юм бол багш, ажилчдын цалинг нэмж болох л юм” хэмээн жинтэйхэн хариу барьж МҮЭ-ийн холбооныхны амыг барьсан. Хэдэн багшийн эрх ашгийн төлөө ийнхүү явсан биш төрийн өмчийн сургуулиудын удирдлагад сайхан өгөөш болчихлоо, энэ асуудал нь.

Нэгэнт л улсын төсвөөс их хэмжээний татаас өгч чадахгүй болохоор их сургуулиудын удирдах зөвлөлийнхөн энэ долоо хоногоос эхлэн ээлж дараалан хуралдаж оюутнуудынхаа төлбөрийг өөрсдөө тогтоон, нэмэхээр зэхэж байна. Яг хэдэн төгрөгөөр нэмэхээр болсныг нь тандахаар албаны хүмүүстэй холбогдох гэсэн боловч МУИС-ийн захирал С.Төмөр-Очир гадаад руу явсан бололтой утас нь мессэж руминг дээрээ тавигдчихаж. Харин Боловсролын их сургууль руу утас цохивол “Сургалтын төлбөр хэд болж нэмэгдэх талаар ямар ч мэдээлэл алга. Манай сургуулийн удирдах зөвлөл хуралдаагүй. БСШУ-ы сайдын завыг л хараад байх шиг байна. Энэ баасан гаригт хуралдах болов уу. Ирэх даваа гаригт эргээд холбогдоорой. Тэр үед нэг шийдвэр гарна байлгүй” хэмээн харилцуур авсан багш ярилаа.  Бусад сургуулийнхан ч энэ мэтээр сургалтын төлбөрөө эцэслэн гаргаагүй байгаагаа дуулгав.

Мөн энэ талаар олон ч хүн лавлаж буй талаар ярьсан юм. Ямартай ч, УИХ-ын сонгуулийн сүр хүчинд дарагдаад байсан эл асуудал одоо л нэг хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн нь энэ бололтой. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар их сургуулиудын сургалтын төлбөр хоёр сая төгрөг давж байгаа гэнэ. Гэхдээ төрийн өмчийн их сургуулиудын удирдлагууд өөрсдийн гаргасан жишиг үнээ БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт танилцуулсны дараа сайд эцсийн шийдвэр гаргана. Тэгэхээр хэдэн төгрөгөөр нэмэгдэх эсэх нь сайдын мэдлийн асуудал болоод үлдэх нь. Эцсийн шийдвэр хэдийд гарах талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын нэгэн мэргэжилтнээс тодруулахад, есдүгээр сард гэснээс өөр хариу өгсөнгүй.

Харамсалтай нь, их, дээд сургуулиуд элсэгчдээ бүртгээд эхэлчихсэн энэ үед сургалтын төлбөрийн тухай мэдээлэл хамгийн хэрэгтэй. Халаасан дахь мөнгөндөө захирагдаж аль сургуульд элсэн суралцахаа шийдэх болохоор хамгаас чухал мэдээлэл байхаас ч яахав. Их сургуулиудын элсэлт эхнээсээ дуусгавар болж буй учир нүдэн балай, чих нь дүлий мэт л бүртгүүлцгээж байна, цаад элсэгчид чинь. Магадгүй өнөөдөр улсын сургууль гэж хошуурч уралдах шахам бүртгүүлж байгаа хэдий ч сургалтын төлбөр нь эцэслэн гарсны дараа олон хүн сонголтоосоо буцах вий дээ. 

МУИС-ийн хувьд нэмэлт шалгалтгүй хөтөлбөрүүдийн элсэлтийн бүртгэл энэ сарын 1-нээс эхэлсэн бол өнөөдөр 18:00 цаг гэхэд дуусгавар болно. Харин нэмэлт шалгалттай хөтөлбөрүүдийн бүртгэл өнөөдөр 12:00 цагт дуусч буй. ШУТИС мөн л өнөөдрийн 18:00 цаг хүртэл элсэгчдээ бүртгэж дуусна. Тус сургуулийн хувьд сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан залуусаа ирэх сарын 15-25-нд бүртгэж хичээл сонголтыг нь хийлгэсний дараа 27-ны өдрөөс хичээлийн шинэ жилээ эхлүүлнэ. Боловсролын их сургуулийн хувьд элсэлт  нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 8-ныг дуустал үргэлжлэх гэнэ. Удирдлагийн академи энэ сарын 9 хүртэл элсэлтээ авах юм.  Ерөнхийдөө төрийн өмчид харьяалагддаг их, дээд сургуулиудын элсэлт ирэх даваа гариг гэхэд дууссан байх нь. Тэр хүртэл сургалтын төлбөр хэд байх нь таамаг хэвээр л үлдлээ.

Харин хувийн дээд сургуулиудын төлбөр тодорхой болсон учир суралцах хүсэлтэй залууст хаалга, үүд нь нээлттэй л гэсэн үг. Тэгээд ч хувийнх гэдэг утгаар нь БСШУЯ-ны зүгээс сургалтын төлбөрт нь ямар ч хяналт тавих боломжгүй учир дур мэдэн өөрсдийнхөөрөө тогтоожээ. Хувийн тодотголтой дээд сургуулиудын сургалтын төлбөрийн тухайд гэвэл ихэнхийнх нь сая төгрөг давжээ. Багадаа л 900 мянган төгрөг байгаа юм. Өнгөрсөн жилийнхээсээ 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тэгэхээр улсын гэх тодотголтой сургуулиуд тэднээс нэг их дутахгүйгээр нэмцгээх нь ойлгомжтой. Үнэндээ төрийн өмчит их, дээд сургуулиуд зах зээлд бий болсон үнийн зохиомол хөөрөгдлөөр шалтаглаж төлбөрөө нэмдэг гэдэг. Ямартай ч эцэг, эх болоод элсэгчдийн санааг зовоож буй энэ төлбөрийн асуудлыг нааштайгаар шийдээсэй билээ. Талхныхаа мөнгийг яая гэж байгаа тэдэнд чихэнд чимэгтэй мэдээ дуулгана гэж л найдъя.

Дээд сургуулиудын сургалтын төлбөр хэд болж нэмэгдсэнийг сонирхуулъя.
“Идэр” дээд сургууль 900-980 мянга
Кино урлагийн дээд сургууль 980-985 мянга
“Рояал” академи 2500 ам.доллар
 “Санко” дээд сургууль 350 мянга /15 жилийн ойн хямдрал зарлажээ/
“Түгээмэл” дээд сургууль 808000
Утга зохиолын нийгмийн ажилтан саяас дээш
“Сан” дээд сургууль сая 200 мянгаас дээш
“Тэнгэр” дээд сургууль 850-980 мянга
“USI” мэргэжлийн сургууль хоёр сая
“Хүрээ” дээд сургууль сая 300 мянга
Техник технологийн коллеж сая 100 мянга
“Их Монгол” дээд сургууль 900 мянгаас дээш
Монголын үндэсний дээд сургууль сая 200 мянга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан