Б.БАДРАЛ
Шотландыг Их Британиас гарах тухай бүх нийтийн санал асуулгыг 2020 оноос өмнө явагдаж магадгүй тухай Шотландын Засгийн газрын тэргүүн сайд Никола Стрежен мэдэгджээ. Стрэжен нь 2014 онд Шотландыг Их Британий бүрэлдэхүүнээс гарах тухай бүх нийтийн санал асуулгыг санаачлан явуулсан Шотландын үндэсний намын удирдагч юм. Хэдийгээр 2014 онд шотландчууд Их Британийн бүрэлдэхүүнд үлдэнэ гэж саналаа өгсөн ч тус нам нь сонгуулиар Шотландын парламентад олонх болж Засгийн газар бүрдүүлсэн.
Brexit-ийн үеэр шотландчуудын 62 хувь нь Европын холбооны бүрэлдэхүүнд үлдэхийн төлөө санал өгсөн ч нийт дүнгээр Их Британи тус холбооноос гарахаар болсон. Их Британи нь Европын холбооноос гарах “зөөлөн” ба “хатуу” гэсэн хоёр хувилбар байгаа аж. Зөөлөн хувилбараар гарвал тус улс эдийн засгийн хувьд Европын холбоотой харилцаагаа таслахгүй, зөвхөн улс төрийн түвшинд л бүрэн бие даасан бодлого явуулдаг болно. Харин хатуу хувилбараар гарвал эдийн засгаа ч Европын холбооноос бүрэн салгах ёстой. Ингэж “хатуу гаралт” хийх нь Шотландын эрх ашигт нийцэхгүй, Британийн засгийн газарт Шотландын эдийн засгийг Европын нэгдсэн эдийн засгаас гаргах эрх байхгүй тухай Никола Стрежен мэдэгдэж байсан юм.
Их Британийг Европын холбооноос гаргах хэлэлцээ 2017 онд эхлэх бөгөөд хоёр жилийн дотор явагдаж 2019 оны сүүлээр бүрэн дуусах ёстой. Тиймээс энэхүү ээдрээтэй хэлэлцээний явцад Британи хатуу гаралт хийх нь тодорхой болвол ийнхүү 2020 он гарахаас өмнө Шотландыг тусгаар улс болох эсэхийг шийдэх ээлжит санал асуулга явуулна гэж мэдэгдэн Британийн Засгийн газарт шахалт үзүүлж байгаа бололтой.