Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна



Б.БАДРАЛ

Сирийн Алеппо хотод болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Оросын эсрэг улс төрийн ба эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахаар санал нийтлэгджээ.

Улс төрийн дарамт

Европын холбооны гишүүн орны Гадаад хэргийн сайд нар Сири улс ба түүний холбоотнуудыг сайн дураар Олон улсын эрүүгийн шүүхээр цэргийн гэмт хэрэг хийсэн эсэхээ шалгуулахыг уриалахаар шийдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус агентлаг нь Люксембург хотноо болсон сайд нарын уулзалтын дараа хийгдэх мэдэгдлийн нооргийг олж авсан аж.

Тус нооргоос үзвэл Олон улсын эрүүгийн шүүхтэй холбоотой мэдэгдлээс гадна Алеппо хотын зүүн хэсэгт нөхцөл байдал сүйрлийн ирмэгт тултал хурцадсаныг буруушаагаад, энгийн иргэд ба эмнэлгүүдэд агаараас цохилт өгөхийг цаашид цэргийн гэмт хэрэгтэй адилтгаж үзнэ гэж мэдэгдэхээр болсон байна. Мөн Сирид нэн даруй гал зогсоож, Алеппо хотын зүүн хэсэгт хүмүүнлэгийн тусламж оруулах ажиллагааны аюулгүй байдлыг хангахыг шаардах төдийгүй Сири дэх хямралыг зохицуулах хэлэлцээнд Европын холбооны Гадаад харилцааны тэргүүн Федерика Могеринийг оролцуулахыг санал болгох аж. Могерини тус хэлэлцээнд оролцоод Европын холбооны нэгдсэн байр суурийг тайлбарлан Оросыг дарамтлаад ирэхээр Алеппо хотын асуудал энхийн замаар шийдэгдэнэ гэж үзсэн юм гэнэ. Америк зүгээр суугаагүй нь ойлгомжтой. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросыг “Өдөр тутам хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэж буруутгалаа. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон нь Сирид явуулж байгаа байлдааны ажиллагааны үр дагаварыг нь оросуудад мэдрүүлэхийг АНУ ба Европын холбоонд уриалж. Мэдрүүлнэ гэж юу хэлээд байгаа нь тодорхойгүй тул Оросын тал энэ мэдэгдэлд маш ихээр дургүйцсэн нь ойлгомжтой.
 
Олон улсын эрүүгийн шүүхийн нөлөө

Алан хядагчдын мэдэлд байгаа Алеппо хотын зүүн хэсгийн хүмүүнлэгийн байдалд Өрнө дахин энэ мэт маш санаа зовж байгаа нь магтууштай. Гэвч Олон улсын эрүүгийн шүүхийг  буюу ОУЭШ байгуулах тухай Ромын гэрээг парламент нь дэмжиж зөвшөөрсөн, Засгийн газар ОУЭШ-д нэгдэхээ баталгаажуулан гарын үсэг зурсан орнуудын газар нутаг, иргэд л тус шүүхийн эрх зүйн хүрээнд албан ёсоор багтдаг. Засгийн газар нь гарын үсэг зурсан ч парламент нь дэмжээгүй бол ОУЭШ-ийн эрх мэдлийн хүрээнд багтахгүй. Ийм улсын газар нутаг дээр үйлдэгдсэн цэргийн гэмт хэрэг гэх үйлдлийг ОУЭШ авч хэлэлцэх эрхгүй.  ОХУ –ын парламент энэ гэрээг дэмжээгүй. Сири, Иран хоёр мөн л адил Ромын гэрээг зөвшөөрөөгүй. АНУ ч энэ гэрээг дэмжээгүй бөгөөд Засгийн газар нь гарын үсгээ буцаан татаж авсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Иймд Сири ба Оросын Засгийн газар сайн дураараа “намайг шийтгээд өг” гээд гуйгаад шүүхийн шийдвэрийг дагана гэхгүй л бол тэднийг энэ шүүх яаж ч чадахгүй.

Эрх мэдлийн хүрээнд нь багтдаггүй шүүхээр Орос, Сири, Ираныг сүрдүүлэх шаардлага юу байна? Үүнийг Европын холбооны Гадаад хэргийн сайд нар мэдэхийн сайнаар мэдэж баймаар. Иймд юуны өмнө Оросын удирдлагад сэтгэл санааны дарамт үзүүлэх нэг хэрэгсэл гэж сонгосон бололтой.  Гадаад хэргийн сайд нарын хийх гэж байгаа чухал мэдэгдлийн нооргийг “Ройтерс” агентлаг олж авсан нь  сэтгэл санааны дарамт үзүүлэх гэснийг нотолсон хэрэг гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз.

Эдийн засгийн нэмэлт хориг

Европын холбоо Оросын эсрэг улс төрийн шинжтэй мэдэгдэл хийгээд зогсохгүй эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаагаа мэдэгдэв. Энэ сарын 20-21-нд явагдах Европын холбооны зөвлөлийн хуралдаан дээр Оросын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг авах саналыг Германы Канцлер Ангела Меркель гаргахаар болсон байна. Энэ удаад онгоц үйлдвэрлэл ба батлан хамгаалах үйлдвэрлэлтэй холбоотой салбаруудын эсрэг нэмэлт хориг авна.
Америк ч Оросын эсрэг нэмэлт арга хэмжээ авахаар бэлдэж байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь Их Британитай хамтраад ойрын хоёр өдрийн дотор Сирийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ ба Сирийн Засгийн газрын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахаар болж байгаагаа мэдэгдсэн.

Америк нь Сирийн асуудлаар Оростой хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн өдрөөс хойш Өрнөдийн орнууд Оросын эсрэг иймэрхүү арга хэмжээ авах нь ойлгомжтой болсон. Ялангуяа, Америкийн хэвлэлүүд Германыг Сирийн асуудлаас болж Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах гэж байгаа тухай мэдэгдээд эхлэхэд энэ мэт дарамт шахалт үзүүлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болж хувирсан гэж болно. Германы хэвлэлүүд өөрийн Засгийн газрын хийх гэж байгаа алхмын тухай эхэлж бичээгүй харин Америкийн сонин дээр анхалж гараад дараа нь герман мэдээллийн хэрэгслүүд иш татаж байсан. Энэ явдлыг нэмэлт хориг авахаар урьдчилан тохиролцсон байсан, америкчууд өөрийн сонинуудаар дамжуулан  тохиролцоогоо санахыг германчуудад сануулсан хэрэг гэж үзэх боломжтой.

Бодит шалтгаан

Яагаад Алеппог алан хядагчдаас чөлөөлөх гэхээр гэнэт Олон улсын эрүүгийн шүүхээр далайлгаж, эдийн засгийн хориг арга хэмжээ авч дарамтлахаар шийдээд байгаа юм бол. Үүнийг судлаачид янз бүрээр тайлбарлах юм. Зарим нь Алеппо хотын зүүн хэсэгт амьдардаг хүмүүстэй холбоотой хүмүүнлэгийн асуудал үнэхээр ноцтой болсон гэх. Гэтэл Алеппо хотын дийлэнх хэсэг Сирийн Засгийн газрын мэдэлд байгаа, тэнд оршин сууж байгаа олон зуун мянган хүн өдөр болгон алан хядагч, шашны хэнээтнүүдийн буудлагад өртөж, өдөр болгон хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдэж байгаа тухай Өрнөдийн мэдээл­­лийн агентлагууд, со­нин, тв нэг ч үг дуугарахгүй бай­гаа хачирхалтай явдалд өөр судлаачид анхаарал хандуулж байна. Тиймээс алан хядагчид Алеппо хотын зүүн хэсгийг алдаж, хот бүхэлдээ Сирийн Засгийн газрын мэдэлд ормогц л Сири дэх иргэний дайнд хэн ялах нь тодорхой болно гэж дийлэнх шинжээч, судлаачид үзэж байгаа тул Орос, Сирийн эсрэг ийм арга хэмжээ авах болсон аж. Алеппод Асадын арми ялвал сэтгэлзүй, ёс суртахууны уналтад орсон “Ан-Нусра” гэх мэт бүлэглэлүүд цаашид дорвитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй ухарч, Сирийн арми нь Газрын дундад тэнгисийн эрэг дагуух бүх том хотуудыг эргээд мэдэлдээ оруулна. Ингэснээр Сирийн иргэний дайн үндсэндээ дуусгавар болох бөгөөд цаашдаа тарж бутарсан жижиг бүлэглэлүүдийг илрүүлэн устгах тусгай ажиллагаа явагдана. Энэ ажиллагааны хүрээнд  Сирийн зүүн нутаг дахь “Лалын улс”-ыг шахан гаргана. “Лалын улс”-ыг бүгд эсэргүүцэж байгаа тул шахан гаргахад ядах юмгүй. Үр дүнд нь дайнд Асад, ОХУ ялж АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Ойрхи Дорнодод урьдын адил нөлөөтэй биш болсныг дэлхий дахин харна. Ийм төгсгөл Өрнөдийн орнуудад таалагдахгүй байгаа юм байна.

Алеппог Сирийн армийн цэрэг бүрэн бүслээгүй, алан хядагчид нь гаднаас зэвсэг, хүн хүчний тусламж авч Асадын эсрэг амжилттай байлдан, энгийн номхон иргэдийг өдөр болгон буудаад байхад тэнд болж байгаа зүйлс Өрнөдийн анхаарлыг ер татаж байгаагүй. Ахиад ганц хоёр жил болоход Асад бүх нөөц бололцоогоо шавхаад аяндаа ялагдахыг л хүлээж байсан гэнэ. Гэтэл нөхөр Путин гэнэт Асадад дэмжлэг үзүүлж эхэлснээр байдал яах ийхийн зуургүй огцом өөрчлөгдсөн. Улмаар Асадын арми Алеппод байлдах чадвар хамгийн өндөртэй гэгддэг хэдэн мянган алан хядагчдыг бүслэн хаасан. Зүгээр бүслээд аяндаа бууж өгөхийг хүлээсэнгүй идэвхтэй ажиллагаа явуулж, хэзээ мөдгүй ялах нь гарцаагүй болсонд хэргийн гол нь оршиж байгаа болж таарлаа. Тэгэхээр Алеппод одоогийн нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн гол хүчин зүйл нь ОХУ. Иймд тэдний эсрэг байж болох бүх л хориг арга хэмжээг авч тасралтгүй дарамт үзүүлсээр Асадыг дэмжихийг зогсоон бүх зүйлийг урьдын адил ойлгомжтой байдалд оруулах ёстой юм гэнэ. Ингэвэл Өрнөдийн нөөц боломж Оросынхтой зүйрлэхээргүй их тул Асад унах нь цаг хугацааны асуудал. Асадын дэглэм унавал Оросын нэр хүнд унаж, эдийн засгийн хувьд улам сулран нөлөө нь багасч, илүү дуулгавартай болно. Америкийн дэд Ерөнхийлөгч Байден энэ тухай NBC сувагт өгсөн ярилцлагадаа нууж хаалгүйгээр хэлсэн. Тэрээр Лалын улс үгүй болж, Орос эдийн засгийн хувьд бүр хүнд байдалд орсноор Америкийн өмнө нэмэлт боломж нээгдэнэ гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Нэг талаас Европын холбоо, Их Британи, АНУ, нөгөө талаас ОХУ, Иран хоёр Сирийн дайнд хэн ялах, хэн ялагдах талаар тохиролцоонд хүрч чадаагүй цагт энх тайван цаг ирэхгүй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан