Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хөгжлийн зээл” авах хүсэлтэй оюутнууд өнөөдрөөс банкинд хандаж болох нь


-Боловсролын зээлийн сангийн нээлт өнөөдөр болно-


А.АКЭРКЭ

2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд үзүүлэх тооцоо гарчээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд, үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм. Нийт оюутны 49 хувь буюу 74 мянга орчим нь сургалтын төлбөрөө төлж чадаагүй, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэсэн судалгаа гарсан болохоор энэ хэрэгцээнд үндэслэж, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл зайлшгүй шаардлагатай гэж үзсэн билээ. Энэ ч үүднээс Засгийн газрын энэ сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх шийдвэр гаргасан.

Мөн энэ үеэр  “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг баталсан юм. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд тухайн оюутан боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгссөнөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх учиртай.

Зээлийн талаар БСШУС-ын сайд мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын тогтоол гарсны дагуу манай яамнаас журам батална. Журам бэлэн болсны дараагаар албажуулах тодорхой хугацаа хэрэгтэй. Үүний дараагаар энэ үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой Сангийн сайд, БСШУС-ын сайд нарын шийдвэр гарна. Үүний зэрэгцээ арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар ямар банк Оюутны хөгжлийн зээл олгох вэ гэдэг нь тодорхой болно. Бэлтгэл ажил бүрэн дуусч, энэ сарын дундаас эхлэн оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авч эхлэх боломж бүрдэнэ” хэмээж байсан юм. Дээр дурдсанчлан сургалтын төлбөрөө төлж чадаагүй, үлдэгдэлтэй байгаа оюутнуудын дунд хэзээ зээл олгож эхлэх бол гэдэг хүлээлт үүсээд буй. Тиймээс оюутнуудад хамгийн их хүлээлт үүсгээд байгаа энэ асуудлын талаар Боловсролын зээлийн сан, хуучнаар бол Сургалтын төрийн сангийн захирал доктор, профессор П.Лхагвасүрэнгээс тодруулав. Тэрээр “Боловсролын зээлийн сангийн маань нээлт маргааш /өнөөдөр/ болох гээд ажил ихтэй явна. Оюутны хөгжлийн зээлийн журам батлагдчихсан. Нээлтийн үйл ажиллагааны үеэр зээлийн талаарх бүх мэдээллийг өгнө. Ямартай ч маргаашнаас /өнөөдрөөс/ эхэлж зээл авах хүсэлтэй оюутнууд банкинд хандаж болно. Арилжааны банкуудыг тэр, энэ гэж алагчлаагүй. Шалгуур үзүүлэлтийг нь хангасан бүх банк энэ үйлчилгээг үзүүлж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш аваарай” гэсэн юм.

Дээрх оюутны  зээлийг зөвхөн бакалаврын өдрийн ангид сурч буй оюутнууд авах боломжийг бүрдүүлж өгсөн байгаа. 70 орчим мянган оюутанд олгох боломжтой гэж тооцоолсноос гадна сургалтын төлбөрийн зээл шаардлагатай оюутнуудыг 100 хувь хамруулна гэж үзжээ. Хамгийн чухал нь зээл хүсэгч оюутан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх ёстой гэсэн шалгуур бий. Өнөөдрийн байдлаар 100 гаруй их, дээд сургуулиас 75 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн суралцагсдын сурлагын голч дүн гурав байх, нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа бол голч дүн 2.5 байхаар тогтсон. Харин шинээр элсэгчдийн хувьд ЭЕШ-д 400-гаас багагүй оноотой буюу их, дээд сургуульд элсэн суралцах босгыг хангасан байх, үргэлжлүүлэн суралцагсдын хувьд голч дүн хоёроос доошгүй байх гэсэн ерөнхий шалгууртай. Өөрөөр хэлбэл, тухайн суралцагч 50 хувийн амжилттай суралцахад л энэхүү зээлд хамрагдах эрх нь үүснэ гэсэн үг.  Мөн жил тус бүрээр зээл аваад явах боломж оюутнуудад бий. Бүр нэг семистр буюу хагас жилээр сургалтын төлбөрөө ч зээлж болох уян хатан нөхцөлтэй юм байна.

Энэхүү зээлийг  “Боловсролын зээлийн сан” арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Арилжааны банкуудын хувьд “Оюутны хөгжлийн зээл”-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргаж, нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч, “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулан ажилласнаар зээлээ олгох юм. Харин банкнаас зээл авсан оюутан шууд сургуулийнхаа данс руу шижлүүлэх үүргийг хүлээнэ. Зээлийг дотор нь хүү бууруулах болон богино, урт хугацаатай гэж ангилсан бөгөөд хүү бууруулах гэдэг өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөрөө төлсөн бол оюутны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломжийг бүрдүүлжээ. Харин богино гэдэг нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй байх аж. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан нэг жилийн хугацаатай зээл авбал таван хувийн хүүтэй байна гэсэн үг. Мөн ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Урт хугацаатай зээлийн хувьд 10 хүртэлх жил байхаар тооцоолжээ. Энэ хугацаанд таван хувийн хүүгээ жил бүр төлөх ёстой бөгөөд сард дунджаар найм орчим мянган төгрөг төлөх судалгаа хүртэл гарсан байна.

Ямартай ч 2016 оны төсвийн тодотголын хүрээнд 90 тэрбумыг суулгасан боло­хоор өнөөдрөөс эхэлж оюут­нууд арилжааны банкуу­дад хандаж, эхнээсээ зээл авах боломж нь бүрдэж буй нь энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан