Б.БАДРАЛ
Швейцарийн Лозанн хотноо Сирид дэмжлэг үзүүлэгч олон улсын бүлгийн гишүүдийн явуулсан хэлэлцээ бодит үр дүнд хүрч чадсангүй. Тус хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудалд хариуцсан тусгай элч Стаффан де Мистура болон Турк, Саудын Арави, Иран, Катар, Иордани, Ирак зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар оролцсон байна. Уулзалт 4,5 цаг үргэлжилсэн ч эцсийн дүнд оролцогчид нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй тул баримт боловсруулан гарын үсэг зурж чадалгүй тарцгаажээ.
Хэлэлцээнд голлох үүргийг гүйцэтгэгч улсын нэг Оросын төлөөлөгч Сергей Лавров уулзалтын явцад оролцогчид нь сонирхолтой олон санаа гаргасан, цаашид энхийн тохиролцоонд түлхэц болох зорилгоор харилцан яриагаа үргэлжлүүлэхээр тохирсон гэж мэдэгдсэн байна.
Харин Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башар Асад Оросын “Комсомольская правда” сонинд өгсөн яриандаа Сирид болж байгаа мөргөлдөөн нь ОХУ ба АНУ-ын хооронд болж байгаа шууд мөргөлдөөн гэжээ. Сэтгүүлчийн “Сирийн дайн нь Орос ба Америкийн шууд мөргөлдөөн болсон эсэх тухай” асуултад хариулахдаа Асад “Тийм. Шалтгаан нь тун энгийн. Орос нь зөвхөн Сири улсаас болж эсвэл зөвхөн өөрөөсөө болж алан хядлагатай тэмцэхийг хүсч байгаа юм биш. Орос нь бүс нутгийн төлөө бүхэлд нь, Европын төлөө, дэлхийн төлөө тэмцэж байгаа юм. Америкчууд наяад оны эхэн үеийн Афганистаны дайнаас эхлэн одоог хүртэл алан хядлагыг хэзээ л бол хэзээ ашиглаж болох маш том хөзөр гэдэгт итгэлтэй болсон гэдгийг оросууд сайн ойлгож байгаа. Хөзрөө халаасандаа нууж байгаад хэрэгтэй болвол гаргаад ирдэг. Ийм учраас бид өөр үзэл бодол, өөр байр суурийн талаар яриад буй юм. Хоёр улсын хувьд харилцан яриа байлаа ч өөр өөр зүйлийн талаар ярилцдаг Орос ба Америкийн хооронд зөрчилдөөн болох нь зүй ёсных болж хувирдаг” гэжээ. Мөн Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын талаар “Сири нь хараат бус улс бол Өрнө дахины хувьд жижигхэн Сири байна уу эсвэл агуу Орос байна уу хамаагүй, ямар ч улсын хараат бус байдалтай хэзээ ч эвлэрэхгүй. Тэд Оростой холбоотой ямар асуудалтай тулгараад байгаа юм бэ? гэвэл Орос улсын хувьд ямагт “тийм” эсвэл “үгүй” гэж хэлэх эрхээ хамгаалж байдаг. Гэтэл Өрнө дахин ямагт “За тийм” гэсэн хариу авахыг л хүсч байдаг”гэсэн байна.