Б.БАДРАЛ
Энэтхэгийн Гоа арал дээр Энэтхэг, Орос, Хятад, Өмнөд Африк, Бразилийн төрийн тэргүүнүүд уулзаж байна. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь дэлхийн эдийн засаг. БРИКС гэсэн товчлол бүхий дээрх орны албан бус холбоог хурдацтай хөгжиж буй эдийн засаг бүхий бүс нутгийнхаа манлайлагч орнуудын холбоо гэсэн утгаар нь бий болгосон. Тиймээс “Их Долоо”-гоос гадуур дэлхийн улс төрийн шинэ төв бий болгоход эдгээр улсын эдийн засгийн боломж, чадвар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно гэж тооцсон байх.
Гэвч БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засаг сүүлийн хоёр жилд нэлээд саад бэрхшээлтэй тулгарлаа. Чуулга уулзалт болохын өмнө Нью-Дели хотноо эхэлсэн БРИКС-ийн худалдаа аж үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэн худалдааг нээн үг хэлсэн Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрлэлийн сайд Нирмала Ситхараман “БРИКС-ийн гишүүн орнууд хоорондын худалдаа нь дэлхийн худалдааны ердөө 5 хувийг эзэлдэг боллоо. Энэ бол 6,5 их наяд ам.доллараас ердөө 300 тэрбум гэсэн үг. Дэлхийн арилжааны өсөлтийн эрчим удааширсан нь үүний шалтгаан байж болно. Учир нь, энэ удаашралт нь БРИКС-ийн нэг гишүүний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж, нөгөө гишүүний барааны эрэлтийг унагах гэх мэт янз бүрийн нөлөө үзүүлж байна” гэснээр асуудлын голыг олж хэллээ гэдэг дээр ихэнх судлаачид санал нэгдлээ.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Энэтхэгийн тал нь БРИКС-ийн гишүүн орнуудад худалдаа эдийн засгийнхаа холбоог хөгжүүлэх хэд хэдэн чиглэл, арга хэмжээг санал болгож. Эдгээр нь жижиг ба дунд бизнесийг хөгжүүлэх, нэгдсэн стандарттай болох, электрон арилжааг хөгжүүлэхээс гадна БРИКС-ийн гишүүн орныг бизнес эрхлэгчдэд илүү тааламжтай болгох үүднээс БРИКС-ийн виз олгох гэх мэт сонирхолтой санаа олонтой байж. Гоад хөндөгдөх дараагийн сэдэв нь Сири ба олон улсын терроризмын асуудал болов. БРИКС-ийн гишүүн орнууд бүгд ямар нэг хэлбэрээр терроризмтой нүүр тулж, аюулгүй байдалд нь байнгын заналхийлэл учруулж буй тул асуудлыг алгуурлалгүй шийдэх хэрэгтэй гэдэгт гишүүн орны төлөөлөл итгэлтэй байгаагаа мэдээлж.
Энэ мэт шалтгааны улмаас аюулгүй байдлыг хангах асуудал Гоад нэн чухал сэдэв болж байгаа тул Оросын Ерөнхийлөгч Путин ба Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын байгуулсан зэвсэг техникийн салбарт хамтран ажиллах тухай олон тооны гэрээ нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Эдгээрийн дотор агаарын довтолгооноос хамгаалах С-400 “Триумф” системийг нийлүүлэх тухай тохиролцоо хамгийн содон нь байсан гэж болно. Орос өөрөө С-400-г үйлдвэрлэн зэвсэглэлдээ аваад удаагүй байгаа бөгөөд жилийн өмнө БНХАУ-д хязгаарлагдмал тоогоор зарахыг зөвшөөрч байсан юм. Иймд оросууд өөрийн хамгийн орчин үеийн шинэ зэвсгээ хамгийн найдвартай түнш орнуудад л итгэн нийлүүлж байгааг онцолсон байна. Энэтхэгт нийт 3 тэрбум гаруй ам.долларын С-400 нийлүүлнэ. Үүнээс гадна Энэтэхэг нь Оросын Ка-226Т нисдэг тэрэгний хамтарсан үйлдвэр байгуулахаар боллоо. Есөн жил гаруй хугацааны турш хэрэгжих энэ төслийн хүрээнд эхний 60 нисдэг тэргийг ОХУ-д үйлдвэрлэх бол дараагийн 140 нисдэг тэргийг Энэтхэгт байгуулах хамтарсан үйлдвэрт хийхээр төлөвлөжээ. Энэ төслийн өртөг 1 тэрбум гаруй ам.доллар.
Мөн Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулан онц чухал цуваа ба байг эргээс өндөр алслалттай үед агаарын болон шумбагч онгоцны дайралтаас хамгаалах зориулт бүхий Оросын 11356 төслийн усан онгоцыг үйлдвэрлэхээр тохиролцсон байна. Энэтхэгийн захиалгаар нийт зургаан усан онгоц үйлдвэрлэхээс хоёрыг нь Орос нийлүүлж, дөрвийг нь Энэтхэгийн усан онгоцны үйлдвэрт орос мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үйлдвэрлэхээр тохиролцжээ.
Энэтхэг нь зэвсэг, байлдааны техникийн дэлхийн хамгийн том импортлогчдын нэг бөгөөд сүүлийн үеэс эхлэн гадаадаас шинэ зэвсэг техник авахдаа тэдгээрийн үйлдвэрлэх технологийг худалдан авах, захиалахдаа талаас илүүг нь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэг болох гэсэн нөхцөл тавьж байгаа.
Ийнхүү Энэтхэгийн Ерөнхий сайдыг Гоа арал дээр улсынхаа аюулгүй байдлыг хамгаалахын төлөө олон тэрбумын гэрээг Ерөнхийлөгч Путинтэй байгуулж байх зуур Пакистантай хил залгадаг Кашмир мужийн цагдаа нар зүгээр суусангүй. Орон нутгийн сонин хэвлэлийн мэдээлснээр энэтхэг цагдаа нар 150 гаруй тагтаа тээвэрлэж явсан этгээдийг Пакистаны тагнуулын албанд нууц мэдээ дамжуулахад ашиглахыг завдсан гэж сэжиглэн саатуулсан байна.
Пакистантай залгадаг Кашмир мужид хилийн ойролцоо явсан сэжиг бүхий ачааны машиныг саатуулж үзлэг хийхэд ийм олон тагтаа илэрсэн аж. Тагтаа нэг бүрийг тусгай хайрцганд хийж, янз бүрийн өнгө бүхий бөгжөөр хөлийг нь бөгжлөн, далавч дээр нь тусгай будгаар тэмдэг тавьсан байж. Үүнийг харсан энэтхэг цагдаа нар тагтааг пакистанчууд хил давуулан нууц мэдээ дамжуулах, тагнуул хийхдээ ашиглахаар нууцаар хил давуулахыг оролдсон байж болзошгүй гэж сэжиглэсэн бололтой. Тагтааны эздийг шалгах ажил эхэлсэн бөгөөд хэргийн үнэн мөнийг олсны дараа тагтааг суллан тавина гэжээ. Үүнээс өмнө аравдугаар сарын 3-нд Пакистаны талаас хил давуулан нисгэсэн тагтаанд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг сүрдүүлэн заналхийлсэн агуулга бүхий зурвас бэхэлсэн байсныг олж саатуулж байсан юм.