Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүхий эдийн үнэ төсвийн орлогыг хэмжсээр...


Т.ЖАНЦАН

Монгол Улсын түүхэнд хамгийн их алдагдалтай төсвийг батлахаар УИХ хэлэлцэж эхэлсэн. Энэ бол ирэх оны төсөв бөгөөд алдагдал нь багадаа 2.6 их наяд төгрөг байх төсөөлөл хийсэн юм. Ер нь манай улсын төсөв алдагдалгүй, ашигтай гарч байсан удаагүй гэхэд хилсдэхгүй. Жил бүр орлогоо өсгөн тооцож алдагдлыг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжаас нөхөж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тэр алдагдлыг нь нөхөх эх үүсвэр буурч бараг тэг заачихаад байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын байгууллагууд Монгол Улс төсвийн орлогоо хэт өндөр төлөвлөж, алдагдал ихтэй байгаа, орж ирсэн мөнгөө эмх замбараагүй зарцуулдаг нь эдийн засгийн хямралын гол шалтгааны нэг болсныг онцолж буй.

Улмаар төсвийн бодлогоо цэгцэлж зардлаа бууруулж алдагдлаа багасгах, улмаар ашигтай болгох зөвлөгөө өгсөн. Хэрэв урьдын адил явбал эдийн засгийн хямралаас хэзээ ч гарч чадахгүй гэдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд “Баялгийн хараал” тусч түүхий эдийн үнийн өсөлт, бууралтыг дагаж хямардаг. Нэг ёсондоо хямрал хэмээх “чөтгөрийн тойрог”-оос гарч чадахгүй хэмээн судлаачид анхааруулж байна.

Ингээд улсын төсөвт ашигт малтмалын экспортоос хэдий хэмжээний орлого төвлөрүүлэхээр тооцосныг дор өгүүлье.

Энэ оны төсвийн орлогыг долоон их наяд төгрөг гэж тооцсон. Гэтэл 1.6 наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан. Иймд тодотгол хийж 5.3 их наяд төгрөгийн орлоготой хэмээн батлаад байгаа. Төсвийн орлого ингэж тасрахад ашигт малтмалын үнийн уналт, импортын татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар хураамжийн хэмжээ буурсан явдал нөлөөлөв.
Манай улсын экспортын 86 хувийг ашигт малтмал бүрдүүлдэг. Иймд эдийн засаг, төсвийн гол ачааг уул уурхайн салбар үүрч яваа юм. Энэ оны наймдугаар сарын байдлаар ашигт малтмалын экспорт 2.1 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 410 сая ам.доллараар буурсан дүн. Үүнд  зэс, газрын тос зэрэг ашигт малтмалын үнэ огцом унасан явдал нөлөөлсөн. Тухайлбал, нэг тонн цэвэр зэсийн үнэ одоогоор 18 хувиар хямдарч 4720 ам.доллар боллоо.

Тэгэхээр ирэх оны төсвийн орлогод нөлөөлөх гол хүчин зүйл нь ашигт малтмалын үнэ юм. Түүхий эдийн үнэ өсөх, буурахыг хэн ч хэлж мэдэхгүй. Эдийн засагч, судлаачид эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлд тулгуурлан үнийн ерөнхий баримжаа гаргадаг. Гэвч дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж баримжаалсан дүгнэлт гаргахад хүндрэлтэй байгааг хэлж буй. Түүхий эдийн гол хэрэглэгч Хятад, Энэтхэг улсын эдийн засагт өсөлт гарахгүй тул ашигт малтмалын үнэ сэргэх төлөвгүй гэсэн төсөөлөл давамгайлж байна.  Жишээ нь, ОУВС-гаас гаргасан Дэлхийн эдийн засгийн чиг хандлагын судалгаанд ирэх жил Хятадын эдийн засаг 6.2 хувиар өснө. Уг өсөлт нь энэ оныхоос 0.4 хувиар буурсан үзүүлэлт  гэдэг.    Эндээс үзэхэд манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч, дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгчийн эдийн засгийн өсөлт буурах нь. Иймд манай улсын уул уурхайн салбарын орлого нэмэгдэх боломж бараг л үгүй. 

Тэгвэл ирэх жилийн төсвийн орлого таван их наяд 975 тэрбум төгрөг  хэмээн тооцсон. Сүүлийн жилүүдэд төсвийн нийт орлогын 23 хувийг ашигт малтмалын экспортоос бүрдүүлэх болсон. Энэ онд бүр буурч 14 хувь болох тооцоо гараад байгаа.  Түүхий эдийн үнэ өндөр үед ашигт малтмалын экспорт төсвийн орлогын 35 хувийг бүрдүүлж  байсан удаатай. Гэтэл ирэх оны төсөвт ашигт малтмалын экспорт 6.3 хувиар өсч 4.2 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн төсөөлжээ. Ингээд улсын төсөвт нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрөх аж. Энэ орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний экспортоос бүрдүүлэхээр тооцсон байна. Үүнд нөгөө л улиг болтол жил бүр орлого нэмэгдүүлнэ гэж ярьдаг Оюу толгой, Таван толгой, Гацууртын ордын төслүүдийн нэр тууж яваа юм. Эдгээр ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажил эхлэх тул улсын төсөвт 195 төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэх тооцоо хийлээ.

Зэсийн баяжмал уул уурхайгаас олох орлогын 60 орчим хувийг бүрдүүлдэг. Уг металын үнийн уналт үргэлжилсээр. Иймд ирэх онд улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэмэлт орлого орж ирэх боломж хумигдаж байгаа юм. Орлого нэмэгдэх ганц найдвар нь Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалт. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн хүлээж байна. Ирэх онд “Оюу толгой” ХХК 850 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулж, улсын төсөвт  462  тэрбум төгрөгийн татвар төлнө гэж тооцов. “Эрдэнэт үйлдвэр” ХХК  650 мянган тонн зэсийн,  4219 тонн молибдены баяжмал олборлоно. Ингээд улсын төсөвт 175  тэрбум төгрөгийн татвар, ногдол ашгийн орлого төвлөрүүлэх тооцоо хийлээ. Тэгвэл судлаачдын төсөөллөөр ирэх онд дэлхийн зах зээлд зэсийн үйлдвэрлэл хэрэгцээнээс давах төсөөлөл бий. Жишээ нь, цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн байх бол хэрэглээ нь 23.8 сая тонн байх аж. Эндээс үзэхэд зэсийн үнэ буурах эрсдэл өндөр юм. Ирэх жилийн төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 4500 ам.доллараар тооцсон. Эдүгээ дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 4700 ам.доллар байгаа.
 Ирэх оны төсөвт нэг унци алтны үнэ 1255 ам.доллар байхаар тооцоо хийж 47 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэв. Хоёр жилийн өмнө “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж  “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар заасан. Энэ нь алт тушаалт өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, төв банк жилд зургаан тонн алт худалдан авдаг байсан бол өнгөрсөн онд 12.6 тонн болсон. Энэ онд 14 тонн алт худалдан авах төсөөлөл бий. Ирэх онд 14.8 тонн алт худалдан авч экспортолно гэсэн тооцоо хийв. Уг алтны 4.8 тонн нь “Оюу толгой” ХХК-ийн экспортлох зэсийн баяжмалд байх аж. Дэлхийн банк ирэх жилүүдэд  алтны үнэ буурах төсөөлөл хийсэн.  Алтны үнэ буурахад АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн, Хятад, Энэтхэгийн хэрэглээ бага байгаа нь нөлөөлнө гэж үзжээ. Үүнээс гадна алтны томоохон зах зээл Хятад, Энэтхэгийн металын хэрэглээ, эрэлт өндөр байх төсөөлөл ч бий.

Нүүрсний экспортын орлого зэсийг ардаа орхисон удаатай. Харин сүүлийн жилүүдэд үнэ унаж экспорт буураад буй. Тэгвэл ирэх оны төсөвт 23 сая тонн нүүрс экспортолно гэж  төсөөлөв. Ингээд коксжих нүүрсний үнэ  тонн тутамдаа 52 ам.доллар байх гэнэ.  Иймд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт   317 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоо гарчээ. Уг мөнгөнөөс Төсвийн тогтворжуулалтын санд 7.8,  Улсын төсөвт 108, Ирээдүйн өв санд 201  тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэх нь.  Гэтэл эдүгээ нэг тонн коксжих нүүрсний үнэ 40 ам.доллар байгаа мэдээлэл бий. “Эрдэнэс таван толгой” компани 30 ам.доллараар нэг тонн нүүрсээ зарж байна. Хятад улс нүүрсний уурхайн жилд ажиллах хоног 330 байсныг 276 болгосон, өндөр зардалтай зарим уурхайгаа хаасан явдал үнэ өсөхөд нөлөөлсөн гэдэг.  Үүнээс гадна Хятадын нүүрсний гол олборлогч Шанси мужид өнгөрсөн долдугаар сарын турш бороо орж үеэр буусан. Ингээд  нүүрс тээвэрлэдэг замууд эвдэрсэн нь коксжих нүүрсний үнийг  сүүлийн саруудад огцом өсгөсөн билээ. Цаашид коксжих нүүрсний үнийн өсөлт  удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Нөгөө талаар Хятадын гангийн хэрэглээ ирэх онд 20 сая тонноор буурах төсөөлөл бий. Тэгэхээр коксжих нүүрсний зах зээлд үнийн уналт дахин үргэлжлэх магадлал тун өндөр юм. Хэрэв  коксжих нүүрсний үнэ төлөвлөсөн хэмжээнээс таван  ам.доллараар буурвал төсвийн орлого 12 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд нийт 326.6 мянган ам километр талбайд 24 блокоос  газрын тос олборлодог.  Манай улс ирэх онд найман  сая баррель газрын тос экспортлохоор улсын төсөвт тусгажээ.  Нэг баррель газрын тосны үнэ 45 ам.доллараас доошгүй байхаар тооцсон. Ингээд газрын тосны экспортоос Бүтээгдэхүүн хуваах гэрээний ашиг гэж  176  тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Газрын тосны үнэ сүүлийн хоёр жилийн  турш уналтын байдалд байна. Одоогоор нэг баррель газрын тос 45-50 ам.долларт хэлбэлзэж байгаа.  Ирэх онд газрын тосны үнэ өсөхгүй, бас тэгтлээ буурахгүй. Дээрх хэмжээнд байх төсөөлөл бий. Харин  2018 оноос газрын тосны үнэ өсөх магадлалтай аж. Учир нь, Олон улсын эрчим хүчний агентлагаас газрын тосны эрэлт, нийлүүлэлт нь аажмаар өсөх хандлага бий. Ингээд  эрэлт нь нийлүүлэлтээ давах төлөвтэй гэжээ.  Эцэст нь хэлэхэд, ашигт малтмалын үнэ ханшийг хэн ч яг тэгнэ ингэнэ гэж хэлж мэдэхгүй.  Гэхдээ өсөхгүй байх нөлөөлөл бага байгаа юм. Иймд ирэх оны төсөв дахиад л орлого нь өөдрөг бүрдэлт нь тасрах магадлал тун өндөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан