Ж.ЖАМУХА
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалуудаас өндрөө авч, хэвлэлийнхний хараанд өртсөн шонхор шувуутай холбоотой хэрэг яам, Засгийн газрын босго давалгүй намжив бололтой. “Засгийн газар нууц тогтоол баталж 200 гаруй идлэг шонхорыг хууль бусаар хил давуулсан” хэмээн Монголын мэргэжлийн анчдын холбоо (ММАХ)-ноос энэ сарын 7-нд мэдээлэл хийснээр эл асуудал олны анхаарлын төвд орсон билээ. Магадгүй яам, Засгийн газар нэр холбогдсон учир шонхор шувуутай холбоотой хэрэг шинэхэн сэдэв шиг санагдсан биз. Угтаа, асуудал аль эрт эхэлснийг сануулах нь зөв. Манай улс 1994 оноос идлэг шонхорыг хил давуулан гаргах болсон бөгөөд тухай бүрт бэлэглэл, соёлын болон тусгай зориулалтын журмаар, жилд дунджаар 200 орчим шонхорыг гадаадын улс оронд экспортлосон байдаг. Тухайлбал, 1994-2012 оны хооронд нийт 3539 шонхор гаргаж, 2003 онд хамгийн олон буюу 398 шонхор хил давуулсан баримт бий. Харин 2013 онд Засгийн газраас шонхор шувууг арилжааны зориулалтаар экспортод гаргахыг хориглох шийдвэр гаргаж зөвхөн бэлэглэл, соёлын болон тусгай зориулалтаар, тодорхой тооны шувууг экспортлох болсон.
Энэ дагуу идлэг шонхор барих эрх олгосон тохиолдол ихэвчлэн Ойрхи Дорнодын бүс нутгаас ирсэн төрийн өндөр, дээд айлчлалтай холбоотой байдаг. Товчхондоо, шонхор шувуу хамгийн эрэлттэй байдаг Арабын орнуудаас ирсэн элч, төлөөлөгчдөд идлэг шонхор шувуу барих эрх олгодог гэсэн үг.
Мэдээж төрийн өндөр, дээд айлчлал учир ирж буй зочид төлөөлөгчдийн тоо, хөтөлбөр, ирэх, буцах цаг хугацаа нууц байдаг. Үүнтэй холбоотой бэлэглэлийн шонхорын тоог ч нууцалдаг аж. Үүнээс үзэхэд өмнө нь ил тод байсан идлэг шонхорын экспортын тоо төрийн нууцад хамаарах болсон мэт. Угтаа Монгол Улсын Үндсэн хуульд газрын доорх болон дээрх баялаг ард түмний өмч хэмээн заасан. Өдгөө нэг бүрийнх нь эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөгөөр үнэлэгдэж буй шонхор шувууг нөхөн сэргээгдэх баялаг гэх утгаар нь авч үзвэл ард түмний өмч хэмээн үзэж болно. Тиймдээ ч нөхөн сэргээгдэх, тэр дундаа экосистемийг бүрдүүлэгч байгалийн баялгийг нууцын зэрэглэлд хамруулах үндэслэлгүй билээ. Гэтэл Засгийн газрын нууц тогтоолоор шонхор шувууны экспортын тоо толгойг нууцлах болов. Хараар ойлговол төр ард түмнээсээ өмчийг нь нууцлах болжээ. Яагаад...
Хэчнээн шонхор нууц тогтоол нэрээр “нутаг заагдав”
Шонхорын тоо толгойг нууцлах болсон учир юу вэ. Үүнээс өмнө нууц гэж юу болох тухай товч сийрүүлье. Онолын хувьд олон нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй, нуун далдалбал зохих зүйлийг нууц гэх бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид зааснаар хувь хүний нууц, байгууллагын нууц, төрийн нууц хэмээн төрөлжүүлсэн байдаг. Хувь хүн, албан байгууллагад тодорхой хэмжээгээр нууцын тухай ойлголт байх нь зүйн хэрэг. Түүнчлэн, тусгаар тогтносон улс оронд үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолын үүднээс төрийн зарим хэргийг нууцлах зайлшгүй шаардлага гардаг. Гагцхүү “төрийн нууц” нэрэн дор ямар нэг хор уршигтай зүйл хийж, хэн нэгнийг хэлмэгдүүлж байна хэмээн иргэд харддаг. Ийм ойлголт аль ч төрийн үед, ямар ч нийгэм, улс оронд байдаг ч гагцхүү юуг, ямар хугацаатай нууцлах тухай заасан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэж бий. Өөрөөр хэлбэл, аль ч салбарын ямар ч баримт бичиг, үйл ажиллагаа, объект, мэдээ мэдээллийг ямар хугацаагаар нууцлах тухай тодорхой заасан дээрх хуулийг мэдэж байх нь чухал. Гэвч ардчилсан, нээлттэй засаглал бүхий асар хурдтай даяаршиж буй техник, технологийн эрин үед “нууц” гэх ойлголт байх шаардлагатай эсэх талаар олон хүн эргэлздэг.
Ач холбогдол талаас нь авч үзвэл бэлэглэлийн журмаар гадаадын иргэдэд шонхор барих эрх олгох нь тийм ч сүржин даржин нууц биш байлтай. Тэгээд ч төрийн нууцын тухай ойлголт гэдэг бэлэглэлийн шонхороос хэтийдсэн асуудал. Гэсэн ч шонхорын тоо толгойг нууцласан Засгийн газрын нууц тогтоолыг төрийн нууцтай дүйх болов уу хэмээн сэтгэж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг сөхөж үзэв. 60 зүйл бүхий эл хуульд шонхор гэх ганц ч үг дурдагдаагүй аж. Үүнээс үзвэл шонхор шувууны тоо толгойг нууцлах үндэс Засгийн газарт байхгүй мэт.
Сүүлийн арав гаруй жилд Ойрхи Дорнодын бүс нутгаас манай улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Тайширын усан цахилгаан станц барихад 11 сая ам.доллар, “Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв” байгуулахад 3.4 сая ам.доллар, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 360 сая ам.долларын тоног төхөөрөмж олгосон зэргийг дурдаж болно. Түүнчлэн, Парламентын ордон барих, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудал барихад зориулж тус тус 12 сая ам.долларын хөрөнгийг шийдвэрлэсэн байдаг. Эдгээрийн ихэнх нь буцалтгүй тусламж . Энэ зэргийг өгчихсөн улсад савыг нь хоосон буцаах муухай. Угаасаа ч Арабын орнууд элдэв зээл тусламжийнхаа хариуд идлэг шонхор барих хүсэлт ирүүлдэг нь дамжиггүй. Уг гуйлтад нь тодорхой тоо заадаг нь ч ойлгомжтой хэрэг. Мэдээж хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх зээл тусламж авсан манай сайд, дарга нар гуйж авчихаад гэдийгээд байж болохгүй. Тиймдээ ч үндэсний бахархал болсон жигүүртнээ Арабын баячуудад барих эрх олгочихоод “төрийн өндөр, дээд айлчлал, нууц тогтоол” гэх үгээр халхавч хийн далдалдаг мэт. Товчхондоо, 2013 оноос хойш манай улс хэчнээн тооны шонхор шувуу хил давуулсан нь төрийн нууц болж таарав. Цаашид ч төрийн нүүр тахлах шонхорын тоо хэд хүрэхийг хэлж мэдэхгүй нь.