Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго хангалтгүй байна гэв

Хүн ам цөөтэй, хөгжиж буй орнуудын хувьд хүнсний аюулгүй байдал гэх сэдэв үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг чухал асуудал билээ. Тэр дундаа хүн амын төвлөрөл их, хүнсний үйлдвэрлэл төдийлэн хөгжөөгүй манайх шиг улс оронд аюулгүй, баталгаажсан хүнс хэрэглэх нь юу юунаас чухал асуудал болоод байна. Нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авдагийн хувьд манай бизнес эрхлэгчид тэр дундаа импортлогч аж ахуй нэгжүүдийн ханган нийлүүлж буйхүнсний бүтээгдэхүүнд холбогдох хууль, журмын дагуухяналт шалгалт хийх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх анхны алхам гэж болно. Мөн хил гаалийн болон дотоодын хяналт, шалгалтын байгууллагууд импортын бараа бүтээгдэхүүнд өндөр босго тогтоодог байх нь чухал.

Түүнчлэн, дэлхий нийтээр хоол тэжээлийн хомсдол ороод буй өнөө үед хүнсний бодлогын асуудал аливаа улс орон, тэр ч бүү хэл тив, дэлхийн хэмжээнд яригддаг болж. Баян, ядуугийн ялгаа, байгаль, цаг уурын нөлөө, улс төрийн байдлаас шалтгаалж улс орнуудын хүнсний хэрэглээ, үйлдвэрлэл харилцан адилгүй байдаг. Тэр дундаа хүнсний аюулгүй байдлын бодлого алдагдсан улс оронд аливаа хүнсний бүтээгдэхүүнийг байгаль орчин, үйлдвэрлэлийн ямар нөхцөлд, хэрхэн бэлтгэн савлаж, хадгалж, тээвэрлэсэн нь маш чухал асуудал юм. Гэхдээ энэ бүхнээс урьдаар аливаа хүнсний бүтээгдэхүүний баталгаажсан, эрүүл, аюулгүй байдлын анхан шатны шалгуур нь тухайн бараа бүтээгдэхүүний хаяг, шошгололтоос хамаардаг.

Манай аж ахуй нэгжүүдийн тухайд импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго монгол хэлнээс гадна гурван хэл дээр орчуулагдсан байх тухай хуулийн заалтыг ихээр зөрчдөг.Үүнээс үүдэж бараа бүтээгдэхүүнээ хил, гаалийн хяналтад хураалгах цаашлаад усгалд оруулах байдлаар эдийн засгийн хувьд хохирсоор байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн тандалт, судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлэгзохион байгууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны 100 дахь хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид болон иргэд оролцсон юм.

Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч 279, ургамал, ургамлын гаралтай түүхий эдийн анхан шатны бэлтгэн нийлүүлэгчээс гадна хадгалж савлах, худалдаалах шатны 261, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 445, худалдаа үйлчилгээ эрхлэгч 964, импортлогч 120 аж ахуй нэгжийн давхардсан тоогоор 6420 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулжээ.

Судалгааны явцад давхардсан тоогоор 3327 зөрчил илрүүлснээс 62.1 хувийг нь арилгуулж, улсын байцаагчийн 731 заалт бүхий 173 албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна. Ингэснээр хэрэгжилт 68.7, биелэлт 75.5 хувьтай гарчээ. Энэ нь улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт 6.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хэдий тоо дүн өссөн үзүүлэлттэй гарсан ч хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналтын тогтолцоо бүрэн хэрэгжээгүй, худалдаа эрхлэгчдийн хууль, эрхзүйн мэдлэг сул,хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололттой холбоотой зөрчил буурахгүй байгааг албаны хүмүүс хэлж байв. Өөрөөр хэлбэл импортын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүртэлх шат дамжлага бүрт хуулийн заалтын хэрэгжилт муу байгааг МХЕГ-ын улсын байцаагч онцолж байв.
Сургалт, хэлэлцүүлгийн дараа Хүсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.3, 12.7 дахь заалтад үндэслэж хэрэгжилт хэрхэн хангагдсаныг хүнсний сүлжээний үе шат бүрт дүн шинжилгээ хийх замаар тодорхойлжээ. Энэ ажлын дүнд судалгаанд хамрагдсан 6420 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрч, багцалсан болон жижиглэн савласан тохиолдолд шошгоны мэдээллийг бүрэн тусгаагүй 23.7, хяаг шошгоны хэлний зөрчилтэй 19.5, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 14.5, буруу шошголсон 12.3, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй 7.5, шошгон дээр заасан нөхцөлд хадгалаагүй зөрчил 5.7 хувьтай гарчээ.

Энэ нь хуульд заасан шошгололтой холбоотой заалтуудын хэрэгжилд улсын хэмжээнд 53.3 хувьтай байгааг илтгэх ажээ. Мөн мал, амьтан ургамалын гаралтай анхан шатны үйлдвэрлэлд гарал үүслийн гэрчилгээ бүхий бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх нөхцөл бүрдээгүйгээс гарал үүсэл нь тодорхойгүй, шошгогүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, худалдаалах үндсэн шалтгаан болж байгаа аж. Зөрчлийн дийлэнх буюу 38.6 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол 41.6 хувь нь хилийн боомт бүхий Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймагт илэрчээ. Ийнхүү хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хурлын шийдвэр болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн МХГ-уудад хүргүүллээ.

Цаашид хууль, эрхзүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох, шинээр холбогдох журмыг яаралтай боловсруулан баталж мөрдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээний бүх үе шатанд хуульд заасан шаардлагын дагуу бүрэн шошгожуулахыг үүрэг болгосон. Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийн талаар хэрэглэгчдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах талаар зөвлөмж боловсруулж, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд хүргүүлэх, сургалт, сурталчилгааг бүх шатанд зохион байгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэхийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан