Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэтийг дагасан үл хөдлөх хөрөнгийн төлөөх тэмцэл эхэлжээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компани худалдан авсантай холбоотой маргаан ид явж байна. Эрх барьж байгаа намын төлөөлөл болсон зарим хүний яриагаар энэ наймаа хууль бус учраас бүгдийг буцаах ёстой гэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таван өдрийн өмнө Эрдэнэт хотод ажиллахдаа “ Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг салбарын сайд нарт даалгасан.
 Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдсантай холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон” гэж мэдэгджээ.

Үндсэндээ гол маргаан нь энэ наймааг хууль бус гэж мэдэгдээд буцаах нь Монголын “эрх ашиг” гэх шахуу л яриад байгаа. Гэтэл дэлхийд алдартай хууль зүйн компаниуд олон улсын хууль зүйн  хэм хэмжээгээр өөгүй боловсруулсан энэ наймааг манайх буцаах боломж байна уу? Буцаалаа гэхэд, хямралд орсон Оросын удирдлагууд 500 сая ам.долларын наймааг буцааж, Монголд энэ мөнгийг өгөх үү? Эсвэл Монголын Засгийн газар худалдаж авах уу?

Хариулт ойлгомжтой. Энэ наймаа буцах боломжгүй. Олон улсын аудитын шүүхэд хандлаа гэж бодоход өөгүй газраас өө хайсны төлөө өмгөөлөгч нэртэй хүмүүст олон сая ам.доллар төлөөхөөс хэтрэхгүй. Хүүхэд харах үйлчилгээний мөнгийг өгөхгүй, төсвөө танана гэж байгаа Засгийн газрын хувьд ялагдах нь гарцаагүй асуудлаар шүүхэд хандах нь байж боломгүй үйлдэл биз.

Тэгвэл энэ бүх дуулиан шуугиан юунаас болж, юутай холбоотой дэгдээгээд байна вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.
“Монголын зэс” компани 49 хувийг авахаас өмнө хоёр талын хамтарсан “супер аудит” 10 жилд нэг удаа ордог байсан гэнэ. Жил болгон орох ёстой хөндлөнгийн аудитыг хэн гээчийн үүсгэн байгуулсан ямар компани явуулахыг Эрдэнэтийн “ТУЗ” өөрсдөө сонгодог байсан байх юм. Айл гэрээр зүйрлэвэл нөхөр нь эхнэрээ мэхэлчихээд баригдахгүйн тулд “үгүй” гэдгийг нотлох мөрдөн байцаалт явуулах хувийн мөрдөгч өөрөө хөлсөлж байгаа хэрэг. Тэр болгонд оросууд дуугүй л байж. Нэгдүгээрт, эх орных нь ашиг тусын төлөө хэрэг биш, хоёрдугаарт өөрсдөө 49 хувьтай, гуравдугаарт Оросын талыг хүмүүс элдэв аудит энэ тэр орохоор гурван бичний үлгэрээр томоотой суудаг байж.

Харин хувьцааны 49 хувь хувийн компанийн мэдэлд шилжихээр тэд энэ бүх “замбараагүй” явдлыг зүгээр хараад суухгүй. Хувийн компани хийсэн хөрөнгө оруулалтаа аль болох богино хугацааны дотор эргүүлэн авах, цаашлаад ашиг олох нь нэн тэргүүний зорилт. Тиймээс тусгай зааврын дагуу шалгаад “шахаа” энэ тэрийг хардаггүй “гайхамшигтай хурц хараатай” аудитыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй төдийгүй илүүдэл зардлыг багасгах замаар хувьцаанд ногдох  ёстой ногдол ашгийг нэмэгдүүлэхийг хичээх нь гарцаагүй. Явж явж энэ л гол хэрүүл маргааны үүр болоод байгаа бололтой.

“Эрдэнэт”-ийн илүүдэл зардал гэдэг Марксын “Капитал” зохиол шиг “агуу” зүйл гэж зарим хүн яриад байгаа. Улиг домог болсон бэлгэвч энэ тэрийг ярих нь илүүц. Онцын шаардлагатай гэдэг нь батлагдаагүй “үй түмэн” олон объект, жижиг компаниуд “Эрдэнэт”-ийн мэдэлд байдаг гэнэ. Ажилчдын амралтын газар, сургууль, эмнэлэг, сувилал, усан бассейн, цэцэрлэг зэрэг огт ойлгомжгүй олон жижиг компани болсон маш олон нэгж бий юм байх. 49 хувийг эзэмшиж байгаа компани нь нэгж хувьцаанд ирэх ногдол ашгаа нэмэгдүүлэхийн тулд энэ бүх зардлыг үгүй хийхийг хичээнэ. Өөрөөр хэлбэл, тэр бүх объектуудыг хувьчилна. Үйлдвэрийн хэвийн ажиллагаа ба орчин үеийн тоноглолтой эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолборын үйл ажиллагааны хооронд бодит холбоо байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хангалттай цалин хөлс авдаг атал үйлдвэр өмнөөс нь хагас мөнгийг нь төлөөд сургуульд оруулах, бассейнд сэлэх зэргийг 49 хувийн хувьцаа эзэмшигчид зөвшөөрөхгүй. Монголд байхгүй өндөр цалин авдаг атлаа хүүхдээ бассейнд явуулах, спорт сургалтад хамруулах болохоор “голоо цохиод” байгааг 49 хувийг эзэмшигчид ойлгох албагүй.

Тэгэхээр товчхондоо энэ бүх хэрүүл маргаан нь “Эрдэнэт”, “Монголросцветмет” компаниудад Оросын талын эзэмшиж байсан бүх өмч хөрөнгийг хэн эзэмших вэ гэдэг дээр л тэмцэл өрнөж байна гэвэл бодит үнэнээс нэг их тасрахгүй нь. Тийм ч болохоор энэ тухай хэн ч ярихгүй, дурдахгүй байна.

“Эрдэнэт Медикал” гэж эмнэлгээр жишээ татъя. Интернэтээс хайлт хийхээр аяндаа гараад ирнэ. Тус эмнэлэг нь “200 хүнийг хэвтэн эмчлүүлэх, өдөртөө 500 хүнийг үзэж оношлох хүчин чадалтай. Энэхүү эмнэлгийг 50 орчим сая ам.доллараар бүтээн босгосон бөгөөд зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж гэхэд 20 сая ам.долларын өртөгтэй” гээд гараад ирнэ. Хамгийн гол нь тус эмнэлгийг “Эрдэнэт” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар бүтээсэн гэж гарч ирнэ. 49 хувь нь “Монголын зэс” компанид шилжсэний дараагаар энэ эмнэлгийн эзэн хэн болох вэ гэсэн асуулт аяндаа гарах нь гарцаагүй. Эдийн засгийн хямралд ороод бүгд сөхөрлөө, болохоо байлаа гэж байгаа цагт 20 сая ам.доллар буюу 50 тэрбум орчим төгрөгийн үнэтэй хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон эмнэлгийн эзэн хэн болох вэ гэдэг олны анхаарлыг татахгүй байх аргагүй. 49 хувь нь илүү зардлаа багасгаж онцын шаардлагагагүй объектуудаа хувьчилж, ядаж л бэлэн мөнгөтэй болъё гэхээр энэ эмнэлгийг хувьчлах нь бараг гарцаагүй. Тэр цагт 50 саяын эмнэлгийг “яаралтай зарна” гэх нэрийдлээр 10 саяар хувьчлахгүй гэсэн баталгаа байхгүй.

Энэ мэт жишээ мундахгүй. “ Хилэм” гэсэн усан сан гэдэг Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай бас нэг том объект байна. Тоочвол ч олон юм байна.
Баруун аймгуудаас хотыг чиглэсэн хүн амын их урсгалын замд нь Эрдэнэт байдаг. Улаанбаатарыг зорьсон олон мянган хүний тодорхой хэсэг нь Эрдэнэтэд суурьшин үлддэг гэж болно. Энэ олон хүн орон сууц хэрэгтэй, хүүхдүүдэд нь сургууль хэрэгтэй, сургуульд сурч байгаа хүүхдүүдэд нь усан бассейн, спорт цогцолбор хэрэгтэй.

Оросууд эзэн байхаа болихоор орос мэр­гэжилтнүүдийн амьдар­­даг байсан нэгээр тогтохгүй байр сууц эзэн нь тодорхойгүй болж ирнэ. Тэр олон байр, объектын эзнийг хэн тодруулах вэ? 49 хувийг монголчууд авсан тухай мэдээ гарсны маргаашаас орос мэргэжилтнүүд Эрдэнэтээс яваад эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр бодит байдал дээр  “Эрдэнэт”, “Монгол­росцветмет” компанийн мэдлийн байсан олон арван үл хөдлөх хөрөнгийн төлөө л маргаан яваад байгаа болж таарлаа. Наанаа ард түмний төлөө, иргэдийн төлөө гэж байгаа ч цаагуураа амралтын газрыг нь хэн авах вэ, эмнэлгийг нь хэн авах вэ, сургуулийг хэн авах вэ, бассейныг хэн авах вэ гэсэн асуудал эргэлдээд байгаа бололтой.

Энэ бүх асуултын хариу тодорхойгүй. Үнэхээр мэргэжлийн Засгийн газар байна уу эсвэл мэргэжлийн “авах” Засгийн газар уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Авах идэхдээ ч мэргэжлийн байж болох.

0 Сэтгэгдэл
Bugd hulgaach luvrchid ymaa gamshig ard tumnee boddog negch hun alga hudlaa hutshaas oor ymgui shuliin tupnuud
Хамгийн их уншсан