Б.БАДРАЛ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь удаагийн мэтгэлцээнд Хиллари Клинтон илэрхий давуутайгаар ялсан тухай “CNN” суваг мэдээлэв. Тус суваг нь мэтгэлцээн дууссан даруйд “ORC” компанитай хамтран явуулсан асуулгын үр дүнг үндэслэн ийм мэдэгдэл хийсэн байна. Тус асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь Клинтон ялагч гэсэн бол 34 хувь нь Трампыг ялагч гэж. Үүнтэй зэрэгцээд 63 хувь нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг өмнөх мэтгэлцээнийг бодвол илүү нааштай, өөртөө итгэлтэй харагдаж байна гэсэн. Харин 21 хувь нь өмнөх мэтгэлцээнээс муу харагдаж байсан гэжээ. Энэхүү санал асуулгын дүнгээр Трамп эмэгтэйчүүдэд дээрэнгүй ханддаг тухай мэдээлэл америкчуудад таалагдаагүй тул яг одоо сонгууль болвол Бүгд найрамдах намын нэр дэвшигч нь урт хошуу хүзүү ороодгийн үлгэрээр “бут ниргүүлэх” нь гарцаагүй болж таарлаа.
Гэвч өөр нэгэн нэр хүндтэй байгууллагын явуулсан судалгаагаар Клинтон нь тун ялихгүй саналаар Трампыг ялсан гэж америкчууд үзжээ. “YouGov”-аас явуулсан асуулгад оролцогчдын 47 хувь нь Клинтон ялсан гэж үзсэн бол Трампыг ялсан гэж үзсэн хүмүүс 42 хувь нь байжээ. Үүнээс гадна асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 50 хувь нь мэтгэлцээнд Клинтон ялсан гэж үзсэн бол 38 хувь нь Трампыг ялсан гэж. Харин эрэгтэйчүүдийн 46 хувь нь Трамп ялсан гэж байхад Клинтоныг ялсан гэж үзсэн эрэгтэйчүүд 43 хувь байжээ. Энэ асуулгын дүнгээс харвал Трамп эмэгтэйчүүдийн талаар өрөөсгөл бодолтой явдаг тухай мэдээлэл түүний рейтингийг бодож байсан шиг огцом унагаагүй болж таарлаа. Өөрөөр хэлбэл, америк эрэгтэйчүүдийн дийлэнх нь сонголт хийхдээ эмэгтэйчүүдийн тухай Трампын ярьсан зүйлсийг чухалчлаагүй гэж үзэж болохоор байна.
Харин хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабууд мэтгэлцээний ялагчаар тус бүртээ өөрсдийн удирдагч болсон гэсэн мэдэгдэл хийж. Клинтоны штабынхан “Twitter” дээрээ “Өнөө орой Клинтон яллаа” гэж бичсэн. Харин Трамптай нэг баг болж дэд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа Майк Пенс “Twitter” дээрээ “Хамтран зүтгэгчээ мэтгэлцээнд том ялалт байгуулсанд нь баяр хүргэе” гэж бичсэн байна.
Ямар ч байлаа хоёр дахь удаагийн мэтгэлцээний ялагчаар Клинтон тодорсон нь гарцаагүй. Трамп ч уламжлал ёсоор мэдээллийн хэрэгслүүдийг Клинтоны талд илэрхий ажиллаж байна гэж буруутгав. Тухайлбал, мэтгэлцээний хөтлөгчдийг Клинтонд хариулт өгөх цаг илүү өгч байна гэж уурласан байна. Тэрээр “Та нар түүнд илүү нэг минут ярихыг зөвшөөрч байгаа атлаа намайг оноогдсон хугацаанаас ганц секунд төдий илүү удаан хариулахад л яриаг зогсоож байна” гэжээ.
Харин “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээ ашиглагчдын хувьд мэтгэлцээний гол ялагчаар ялаа тодорчээ. Мэтгэлцээн ид үедээ явж байхад Клинтоны зүүн хөмсгөн дээр суусан ялаа олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж. Асуултад хариулаад улайрсан Клинтон хөмсгөн дээр нь суусан ялааг үргээхгүй байсан нь олон хүнийг гайхшруулсан гэнэ. Үүнээс болж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Трампыг дэмжигч ба Клинтоныг дэмжигч гэж хуваагдан ялааны талаар сэтгэгдэл, нийтлэл оруулж, санал асуулга явуулан хүчээ үзжээ.
Клинтоныг дэмжигчид нь ялааг санаатайгаар явуулж саад учруулахыг оролдсон, ялаа шууд нэвтрүүлгийн үеэр байгаагүй дараа нь Клинтоны нэр хүндийг унагахын тулд нэмсэн гэж Трампыг буруутгасан. Харин Трампыг дэмжигчид нь “Ялаа эхлээд Трампыг тойрон нисч байсан ч Бүгд найрамдах намаас нэр дэвшигчтэй нүүр тулахаас айсан тул Клинтоныг бай болгон сонгосон”, “Ялаа бөөн ялгадсанд татагддаг гэдгийн бас нэг жишээ” гэх мэт тайлбар өгчээ. Мэтгэлцээнд оролцсон Клинтон, Трамп ялаа гурваас хэн нь ялсан тухай хошин асуулгыг олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд явуулахад оролцогчдын дийлэнх нь Трамп эсвэл Клинтоныг бус ялааг гэж нэрлэсэн тул “Хоёр дахь удаагийн мэтгэлцээнд ялаа хамгийн бага хувийн давуутайгаар ялалт байгуулав” гэсэн дүгнэлт хийжээ.
Мэтгэлцээний явцад дотоод ба гадаад бодлоготой холбоотой олон сэдвийг хөндсөн бөгөөд гадаад бодлогын салбарт Оростой харилцахдаа баримтлах ёстой чиг хандлага гол сэдэв байв. Клинтон урьд нь олонтаа хэлж ярьж байсан зүйлээ давтан Трампыг Путинтэй танил, Оростой далдуур холбоо сүлбээтэй гэж буруутгаад Оросыг Алеппо хотыг устгах санаатайгаар бөмбөгдөх гэж байна гэсэн. Хариуд нь Трамп Оростой ямар ч холбоогүй, Путинтэй танил биш гэдгээ давтан хэлээд “Лалын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэлд Москватай хүчээ нэгтгэж чадна гэдэгтээ итгэж байгаагаа мэдэгдсэн байна. Ингээд зогссонгүй өөрийгөө Ерөнхийлөгч болвол Хиллари Клинтоныг хорьж, хувийн электрон шуудангаа албан хэрэгцээнд ашиглах болсныг мөрдөн байцаах тусгай прокурор томилно гэж мэдэгдсэн байна.