Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ямарч барааг “ЭРДЭНЭТ”-д зах зээлийн үнээс 2-3 дахин их үнээр шахдаг


ОХУ-ын “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаагаа “Монголын зэс” компанид зарсан явдал Засгийн газар, УИХ, иргэдийн анхааралд байсан хэвээр байна. Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж, нийт орлогынхоо 30-40 хувийг улсын төсөвт төлдөг томоохон компани хувийн аж ахуйн нэгжид очсон нь удахгүй намжих дуулиан биш байсан бололтой. Энэ худалдаанаас хойш “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой мэдэгдэл тоогоо алдаж, эрх мэдэлтнүүдийн “шахааны” бай байсан гэх баримт шил даран гарч байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуульд ялсан нам “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар өөрийн хүнээ томилдог бичигдээгүй хуультай нь шахааны бизнес хийх үүд хаалгыг нээж өгдөг. Учир нь, тус үйлдвэр мөнгө хэвлэгч машин л гэсэн үг. Жишээ нь, 20 мянган ам.долларын үнэтэй дугуйг 60-70 мянган ам.доллараар энэ үйлдвэрт шахна. Монголд бүү хэл дэлхийд ийм ашигтай наймаа байхгүй. Тус үйлдвэрийн авч буй сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн бүгд л зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр байдаг жишигтэй. Тэгээд тэр үнэтэй сэлбэгээ бүрэн ашиглалгүй акталж дахиад шинээр авна. Үүнийг Оросоос 49 хувийг худалдаж авсан эзэд тус үйлдвэрт аудитын шалгалт хийлгэж байж илрүүлжээ.

“Эрдэнэт” Азид 10-т ордог томоохон үйлдвэр. Гэтэл ойролцоо, ижил төстэй үйлдвэрүүдээс хамгийн өндөр зардалтай нь. Урд нь, нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг зардал 6000 ам.доллар байв. Өнөөдөр 3950 ам.доллар болсон. Тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн хэлж буйгаар өртөг зардлаа буруулах талаар олигтой арга хэмжээ аваагүй аж. Учир нь, доошоо нэг км гаруй гүн болсон уурхайгаас “Белаз” машинаар хүдрээ зөөж байна. Үүнд асар их зардал гарч байгаа. Иймд конвейр тавьж хүдрээ татаж авах ёстой. Гэтэл өнөөг хүртэл үүнийг хийгээгүй гэсэн билээ.

Өртөг зардлаа бууруулсан гэж байгаа зүйл нь “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө саадаг хулгай нь буурсан байх гэдгийг 49 хувийг эзэмшигчид хэлж буй юм. Эрдэнэтээс мөнгө саах олон арга байсныг 49 хувийг эзэмшигчид хэлж байгаа. Тухайлбал,  “Эрдэнэт”  үйлдвэр усаа Булган аймгаас татаж авдаг. Гэтэл ус татах хоолойг нь нэг компанид эзэмшүүлжээ. Ингээд тус компани нь “Эрдэнэт” үйлдвэрт усаа өндөр үнээр зардаг болсон байж. Энэ мэтээр зарим цехийг охин компани болгож зардлыг нь хоёр, гурав дахин өсгөсөн явдал олон байгаа аж.

Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс” компани “Эрдэнэт” үйлдвэрийг 49 хувийг худалдаж авахад санхүүгийн зөвлөгөө өгч ажилласан. Тэгвэл тус банкны захирал О.Орхон тус үйлдвэрийн талаар “Хоёр улсын хууль дүрэм журмын дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компани худалдаж авсан. Түүнээс биш төр засгийн удирдлагуудтай хуйвалдаад авчихсан зүйл биш. Эрдэнэт үйлдвэрийн нөхцөл байдал хүнд байгаа. Зэсийн үнэ унасан,  дээрээс нь шахааны бизнес гэж нэрлэгдсэн хулгай тус үйлдвэрт нүүрлэсэн. Уг үйлдвэрээс бүхий л арга хэлбэрээр хулгай хийж ирж. Үйлдвэр төсөв төлөвлөгөө хийхдээ маш багаар тооцдог. Тэгээд төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ гэж ярьдаг. Бид эхний ээлжинд компанийн засаглалыг сайжруулах, данс тооцоог нь олон түмэнд ил болгох арга хэмжээ авна. Урд нь олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу данс тооцоог нь ил болгох аргагүй байлаа. Ингэж байж “Эрдэнэт” үйлдвэр зах зээлийн жамаар зөв хөгжиж явах юм” гэсэн билээ. 

Тус үйлдвэрийн санхүүгийн байдлыг сонирхвол өнөөдөр 200 сая ам.долларын өртэй  аж. Мөн гэрээ зөрчсөн гэдэг хуулийн таван маргаан олон улсын шүүхээр хэлэлцэгдэж байна. Тус үйлдвэрийн захирал болон удирдах албан тушаалтан Ангилд буувал барьж хорих шийдвэр олон улсын шүүхээс гаргаад байгаа гэнэ. Иймд Лондонд болох зэс үйлдвэрлэгчдийн олон улсын хуралд “Эрдэнэт” үйлдвэрээс төлөөлөгч оролцож чадахгүйд хүрчээ.

Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Сангийн сайдын бүх тушаалыг хүчингүй болгосон. Тиймээс тус үйлдвэрийн ТУЗ-ийг шинээр сонгох эсвэл эргүүлэн томилох шаардлагатай болсон байна. Оросын талын эзэмшлийн 49 хувийг үл тоож үг, саналыг нь сонсолгүй иржээ. Монголын тал нэг хоёр жилээр нь ашгаа урдчилаж авдаг ч Оросын талд ашиг өгөхдөө хатуу хойрго хандаж байв. Энэ нь хоёр улсын хооронд хэрүүлийн үг чулуудалцах гол шалтгаан болоод байсан юм.

Тэгвэл уг үйлдвэрийн хувьцаагаа зарсны дараа “Ростех” компанийн Ерөнхий захирал Сергей Чемезов “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, “Ростех”-ийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Энэхүү хэлцэл нь цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. “Ростех” нь цаашид Монголын  эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна” гэж хэлж байжээ.

Үүнээс гадна Оросын төсөв бүрдэхгүй хүнд хэцүү байгаа тул “Ростех” өөрийн мэдлийн зарим компаниудыг зарж буй юм. Жишээ нь “Роснефть”, “Газпром” зэрэг компаниудаа худалдсан билээ. Энэ бүх шалтгааны үндсэн дээр Оросын тал 49 хувиа зарах гэж байгаагаа Монголын талд мэдэгдсэн аж. Харин Төрийн өмчийн хороо уг хувийг худалдаж авахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэгвэл энэ 49 хувийг Оросын хоёр, Хятадын хоёр, Казахстаны компаниуд худалдан авахаар сонирхжээ. Гэтэл монгол компани уг хувийг худалдан авах санал Оросын талд гаргажээ. Ингээд түүнийг нь харгалзан үзэж “Монголын зэс” компанид зарсан байна. Өөрөөр хэлбэл, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг байсан “Эрдэнэт” үйлдвэр Монголын талд 100 хувь орж ирсэн юм. Харин үүнийг эсэргүүцэгчид нь “шахааны бизнес”-ээр “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө саагчид байх гэдэг хардлага төрж буй юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэрийн “саалчид” 49 хувийг нь эсэргүүцэж улсын мэдэлд аваад найрлах санаа өвөрлөөд байна уу даа. Төрийн өмчид байгаа компаниуд ашигтай ажиллаж байсан удаагүй. Бүгд л алдагдалтай ажиллаж “шахааны бизнес” гэх хулгайд өртөж байдаг билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан