Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Морь уралдах уу машиныхаа хүчийг сорих уу

Хүчит бөхчүүд зодгондоо чангарч, хүлэг морьд уяандаа чивчирч байна.  Наадам эхэлхэд зургаа хоног үлдлээ. Ирэх аравны өдөр даагны уралдаанаар уячдын нэг жилийн хөлсний үнэр,  хөдөлмөрийн үр шим мэдрэгдэж эхэлнэ. Уг нь өдийд хүн бүр наадмаар “амьсгалж”, хүчит бөх, хурдан морь сурын харвааны өнгөрсөн жилийн алдаа оноог дэнслэн ярилцаж байдагсан. Тэгээд хэн хэн үзүүр түрүүнд үлдэх, цол нэмэх, цэц мэргэнээрээ гайхуулах, хаанахын морьд айрагдах бол гэж дор бүрнээ таамаг дэвшүүлж битүүхэндээ нутаг нугынхнаа шалгараасай хэмээн дэмжинэ. Гэвч энэ жил сонгуулийн дуулианд дарагдаад наадмын яриа дэлгэх нь бага байх шиг.



Энэ жил хур бороо элбэгтэй ч Хүй долоон худагт ногоо тачирхан, царцаа элбэг зун болж байна. Нутгийн малчид бороо орсон ч ногоо ургах нь тун дургүй байгаа шүү. Одоо л дэлхий дэлэгнэж газар өнгөө засч эхэллээ. Өдийд царцаа элбэгшиж байгаа нь ган, зуд болох шинж хэмээн хуучилж сууна.  Ургасан зүлэг нь сийрэг тачирхан тул тоос шороо босох нь амархан ажээ. Өнөөдөр Хүй долоон худагт уячдын гал дассан газартаа бууж хэдийнэ гэрээ дугуйлж, уяагаа сунгажээ. Тэд хоёр өдөр дараалан их сунгаа хийж наадамд уралдах морьдоо шигшиж, унаган сүргээ шижиж эхлэв. Их насны морьдын сунгаанд эхний өдөр ная гаруй хурдан хүлэг уралдсан аж. Харин хоёр дахь сунгаанд хорь гаруй морьд уралдаагүй гэсэн яриа байна. Учир нь хурд хүч тааруу байсан тул эзэд нь наадамд сойлгүй авч үлджээ.  Гэвч энд хэлэлгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Хурдан хүлгийн сунгаа, уяа сойлго нь хэрхэн таарч буйг шинжхээсээ илүү авто машины уралдаан боллоо. Жишээлж хэлбэл арван морь гучин машин уралдав. Нэг морийг гурван машин дагана.



Өөрөөр хэлбэл уяач, морины эзэн, тэдний эхнэр хүүхдүүд тус тусдаа машин хөлөглөөд дагачихдаг.  Энэ олон машины  тоос тэнгэр багандана.   Морио байн байн гуядах унаач хүүхдийн хөлс тэр тоос шороотой зууралдаж нүд, шүд нь гялалзаад л орж ирж байв. Мөн сойж буй хурдан хүлэг нь ч тоосонд мэнгэртэж ханиалгаж байх юм. Хэдийгээр морь будилиантлаа, чамаас боллоо хэмээн чи, би дээ тулж хэлдэж маргахгүй ч хүүхэд хүлэг хоёроо ингэж зовоох учир юусан билээ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Сунгаа үзэхээр ирсэн хүмүүс ч морины уралдаан бус машины хөдөлгүүрийн хүч чадал сорихыг л харлаа хэмээж байлаа.  
Унаач хүүхдүүд ховорджээ. Уяачдын одоо ганц санаа нь зовж нойргүй хонож буй гол асуудал энэ юм. Туршлагтай, чадварлаг унаач хүүхдүүдэд сая сая төгрөгийн цалин амлаад  авчихдаг болсон гэнэ.  Иймд өндөр цалин өгч чадахгүй жижиг уяачид унаач хүүхдийн эрэлд гарч, зарим нэг нь сургах арга сүвэгчилж сууна. Ямар сайндаа л “Нэг бацаан явуулсан чинь уначихаж. Гайгүй байгаа даа. Довон дээгүүр харайчихаар уначихаад байх юм” хэцүү ч юм аа даа хэмээн үглэж сууна. Нөгөө талаас азаргаа хөтлөн суугаа эрхэм “Манай хүүхэд унчихаж. Явган алхаж байгаа байх даа. Машин ирвэл урдаас нь тосох юм сан” гэлээ. Тэр зуур өөдөөс ирэх морьтой жаалыг даллан дуудаад “Манай нөгөөх ойр харагдав уу. Нэг сондуул тараад үсэрчихэж дээ” хэмээв.



Сунгааны үеэр эрлийз адуу хөтөлсөн хүн олон байлаа. Морины хорхойтонууд сүүлийн үед монгол гүүнд англи, араб цусны азарга тавьж “Шинэ цагын Монгол адуу” гарган авах болсон. Наадамд ийм морьдыг  тусад нь уралдуулдаг жамтай. Гэвч Монгол адууг ирлийзжүүлхийг буруушаадаг хүн цөөнгүй бий.  Учир нь хэдэн жилийн дараа эдний үр төл нь монгол адууны байр суурийг эзлэх болно. Хэдийгээр хурд хүч, сайтай ч ган, зуд болон эдэлгээний тэсвэргүй аж. Нөгөө талаар давжаа биетэй цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицож чаддаг дэлхийд тэсвэр хатуужлаараа гайхагдсан Монгол адууг мөхөл рүү нь хөтөлнө  хэмээдэг билээ. Зарим малчид цэвэр монгол цусны адууг хэдэн жилийн дараа уяж сойх бус зөвхөн мах бэлтгэл, идэшинд хэрэглэх цаг үе айсуй хэмээн эмзэглэх нь ч бий.
Монгол нутгийн зүүн бүсийн адууны үнэ тэнгэрт хаджээ. Урд нь уралдаж байгаагүй битүү адуу доод тал нь нэг, хоёр сая төгрөг болов. Харин овоо тахилга, сумын наадам, бооцоот уралдаан гээд томоохон найр наадамд дээгүүр давхисан нь хэдэн арван саяын үнэ хүрдэг байна. Иймд хурдан морины бизнес ид цэцэглэж ченжүүд олноороо төрөх болжээ. Баруун аймгийнхан зүүн аймгуудаар явж азарга, азаргаар худалдан авч   нутагтаа аваачин борлуулдаг гэнэ.  Зүүн нутгийн адуу ийнхүү үнэд хүрэх, угшил сайтай байх нь учиртай. Түүх сөхвөл манжын үед монголын сор болсон мал сүргийг  энэ нутагт төвлөрүүлэн хураадаг байв. Наадам дөхсөн өнөө үед хурдан морины ертөнц рүү өнгөц өнгийхөд ийм аж. Монгол наадмын бөх нь бяртай, морь нь хурдан, сум нь цэцэн байх болтугай.


Б.Отгонбаатар: Сунгаанд уралдаж буй морьдийн тал нь хасагдаж байгаа

 “Босоо хүлэг” галын туслах уяач Б.Отгонбаатартай Хүй долоон худагт болсон их насны морины сунгааны үеэр ярилцлаа.



-Хэдэн жил морь уяв даа?
-Гурав дахь жилдаа туслах уяач хийж байна. Нэг ёсондоо уяачийн дамжаанд сурч байна гэсэн үг л дээ хөө.
-Адуу маллана гэдэг ёстой л эр хүний хийморийг сэргээсэн ажил юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яахав. Эрийн хийморь сэргэсэн сайхан ажил. Энэ хэдийгээ хараад сууж байх нь эр хүний жаргал шүү дээ.
-Зун цагт адуу манах сайхан л даа. Өвөл адуу маллах бас ажил биз?
-Гайгүй ээ. Тэжээлээр тордоод онд ордог. Ер нь, адуу маллана гэдэг сайхан л даа.
-Тэгвэл өвөл нэг морь өдөрт хэдий хэмжээний тэжээл өгдөг юм бол. Тодорхой норм бий юу?
-Өглөө, оройдоо л тэжээл өгдөг. Яг хэдий хэмжээний тэжээл өгдөгийг нь мэдэхгүй. Ер нь, нэг шанагаар хэмжээд байдаг юм.
-Танайх ямар нэртэй  уяа вэ?
-Манай уяаны дарга нар  Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбат, Ц.Батсайхан шүү дээ.
 -Танай уяан дээр хэдэн насны хэчнээн морь уяж байна даа?
-Эхлээд дал, наян морь уяж байлаа. Одоо дөчөөд л байна.
-Бусад нь яасан юм бол?
-Ер нь,  шигшигдээд л тавигдаж байгаа нь тэр. Ер нь сунгаа болгоноос шигшигдээд сайн давхиж байгаа нь л үлддэг юм.
-Сунгаа хэзээ дуусах вэ?
-Сүүлчийнх нь долоонд дуусна. Одоо хоёр дах нь боллоо.
-Сунгаанд хэчнээн морь оролцож байх шиг байна. Хэдэн км-ээс тавьж байгаа бол?
-Яахав, нэг сунгаад 80 гаруй морьд уралдаж байгаа. Дунджаар 16 км газраас тавьж байна.
-Сунгааны байдал ямар байна?
-Олон морь цуцаж орж ирж байна лээ. Уяа сойлгондоо байгаа байх. Сунгаанд орсон морьдийн ихэнх нь хасагдах шинжтэй байна.  
 -Таны хөтөлж яваа наад талын морь эрлийз юм байна. Энэ жилийн наадмаар эрлиийз морь хэчнээн уралдах багацаа байна вэ?
-Эрлийз болон шинэ цагын монгол адуу тусдаа уралддаг. Овоо хэдэн юм уралдана биз. Өнгөрсөн жил их нас, азарга нийлээд нэг дор жар гаруй адуу уралдаж байсан.  
-Аль аймгийнх вэ?
-Эцэг эхийн нутаг Говь-Алтай. Би хотод төрж өссөн.
-Урд нь ямар ажил хийж байв даа?
-Солонгост ажиллаж байгаад ирсэн.
-Туслах уяач хийгээд сард хэнд төгрөгийн цалин авдаг вэ. Морь амжилттай давхивал цалингын нэмэгдэл олгодог уу?
-Сард 200 мянган төгрөг авдаг. Би энэ уяанд ажилд ороод удаагүй байна. дөнгөж хоёр сар л болж байгаа.
-Амьдралд хүрэлцэж байна уу?
-Яахав болгоно шүү дээ. Ажилдаа сонирхолтой болохоор  зүтгээд л байна.
-Морь уяхад суралцаж байна гэлээ. Өөрөө бие даагаад морь уяах хэмжээнд хүрсэн үү. Сумын наадамд үзнэ биз?
-Тийм хэмжээнд хүрээгүй. Морь уяах эрдэм ухаанд суралцаж л байна даа.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан