Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Клинтон, Трамп хоёрын өрсөлдөөн ид хүчээ авч байна


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам кампанит ажилд ашиглаж байгаа арга ба хэрэгсэл улам нарийсч байна.

Трампын эсрэг

Клинтоныг дэмжигч мэдээллийн хэрэгслүүд Трампын хэлсэн эмэгтэйчүүдийн талаарх үгийг хэвлэж дуулиан тарив. “The Washington Post” сонин, “CNN” сувгаар ил болгосон эдгээр баримтаас үзвэл Трамп нь эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй, дээрэнгүй бөгөөд ихэмсэг харилцдаг болж таарсан. Трамп хэзээний л ний нуугүй яриатай, энд тэнд хийсэн мэдэгдэл болгон нь дуулиан тарьж байдгаараа алдартай ч эмэгтэй хүнтэй өрсөлдөж байгаа үед ийм мэдээлэл цацагдана гэдэг наандаж л эмэгтэй сонгогчдыг өөрөөс нь холдуулах нь гарцаагүй. Иймд Трамд Америкийн эмэгтэй сонгогчдоос уучлал гуйсан мэдэгдэл хийсэн. Гэвч тусыг олсонгүй бололотой, түүнийг шүүмжлэгчдийн тоо улам бүр нэмэгдсээр.
 “The Washington Post” сонин дээр гарсан нийтлэл нь зөвхөн Трампын төдийгүй Бүгд найрамдах намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нь мэдээж. Трампын нам нэгтэн Арнолдьд Шварценеггер, Жон Маккейн гэх мэт нэр хүндтэй улстөрчид сонгуулиар түүнийг дэмжихгүй тухайгаа албан ёсоор мэдэгдсэн нь байдлыг улам ээдрээтэй болгож орхилоо. Иймд Бүгд найрамдах намын Үндэсний хорооныхон Трампыг халж, өөр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжийг судлаж байгаа аж. Гэвч сонгуулийн хуулиар тухайн  намаас нэр дэвшигч нь өөрийн саналаар нэрээ татах эсвэл нас бараагүй тохиолдолд нам нь дур мэдэн өөр хүнийг өмнөөс нь өрсөлдүүлэх боломжгүй байдаг аж. Ингээд ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлээд эхэлсэн төдийгүй зарим газар хугацаанаас өмнө санал хураалт эхэлсэн. Дээр нь Трамп нэрээ хэзээ ч сайн дураар татахгүй нь ойлгомжтой, эрүүл мэндийн хувьд нас барах болохгүй нь илэрхий тул Бүгд найрамдах намын удирдлага хүссэн хүсээгүй Трампыгаа дэмжиж таарна гэж судлаачид үзжээ.

Клинтоны эсрэг

Нөгөө талаас Трампыг дэмжигчид ч зүгээр суусангүй. “WikiLeaks” сайтынхан Хиллари Клинтоны том банкны эзэд, лобби бүлэглэлүүдтэй хийсэн уулзалтын талаарх материалыг ил болгосон нь багагүй анхаарал татаж байна. Тухайлбал, Хиллари Клинтон нь “Goldman Sachs”, “Deutsche Bank”, “Morgan Stanley” гэх мэт аварга том банкуудын зохион байгуулсан уулзалтад урилгаар оролцох болгодоо 225 мянган ам.доллар авч явсаар богино хугацаанд нийт 22 сая ам.долларыг орлого олсон тухай мэдээ анхаарал татахаас өөр аргагүй.
Америкийн Ардчилсан намын сунгааны үеэр Клинтоныг зарим банктай дэндүү дотно харилцаж, тэднээс их хэмжээний мөнгө авч байгааг өрсөлдөгчид нь намынхандаа анхааруулж байсан байх юм. “Goldman Sachs” банкныхан эхнэр нөхөр Клинтоныг элдэв арга хэмжээнд урьж, тэнд үг хэлснийх нь төлбөр гэж асар их мөнгө төлж байжээ. Тодруулбал, нэгэн арга хэмжээнд оролцон үг хэлсний төлөө Хиллари Клинтон 675 мянган ам.долларын шагнал авсан бол нөхөр Билл Клинтон нь бүр 1,5 сая ам.доллар авч байсан байх юм.

Мөн энэ уулзалтын үеэр хэлсэн зарим үг нь сонгуулийн кампанийн үеэр тунхаглаад байгаагаас нь огт өөр болж таарлаа. “Goldman Sachs” банкны зохион байгуулсан нэгэн уулзалтын үеэр нийгмийн дундаж давхаргад ирж байгаа эдийн засгийн дарамтын асуудлын талаар ярихдаа “манай гэр бүл ихээхэн хэмжээний хөрөнгөтэй” гээд ийм нөхцөлд дундаж давхаргатай холбоотой энэ асуудал өөрт нь сонин биш гэсэн хариултыг Хиллари өгсөн байна.

Мөн Хилларигийн оролцсон нэгэн семинарын үеэр “Goldman Sachs”-ын тэргүүн Ллойд Бланкфейн наргиан болгож “Хүмүүс баяжих гэж Вашингтон руу тэмүүлдэг” гэж хэлэхэд Ардчилсан намаас нэр дэвшигч нь үүнийг зөвшөөрсөн төдийгүй төрийн албан хаагчдын хөрөнгийн хэмжээнд хязгаар тогтоосон явдлыг шүүмжилж “Амьдралд амжилтад хүрч, аливаа зүйлийг үзсэн хүмүүсийн эсрэг өрөөсгөл хандлага бий” гэжээ.
Ингээд зогссонгүй “Morgan Stanley”-ийн банкны эздийн өмнө үг хэлэхдээ төсвийн алдагдлыг багасгахын тулд том компани ба корпорациудад ногдуулдаг татварыг бууруулж, иргэдийн тэтгэврийн насыг нэмэх төлөвлөгөөнд нааштай хандаж байгаагаа хэлсэн байна. Мөн сонгогчдын өмнө хэлж, хамгаалж байгаа байр суурь нь хувийн амьдралдаа мөрдөж байдаг зарчмуудаас нь өөр гэдгийг ч хэлсэн гэнэ.

Тэрээр “Хэрэв бүгд таныг болон таны явуулж байгаа нууц хэлэлцээ ба гэрээг чинь анхааралтай ажигладаг бол бусад хүмүүс түгшиж эхэлдэг. Олон асуудлын талаар олон нийтийн өмнө эзэлж байгаа байр суурь нь хувийн байрь суурьнаас ялгаатай байх ёстой” гэжээ. Энэ бүхэн нь Ардчилсан нам ба түүний хэлж, мэдэгдэж байгаатай эрс ялгаатай байгаа аж.

Ээлжит мэтгэлцээн

Энэ мэтээр сонгуулийн өдөр ойртох тусам Трамп Клинтон хоёрын тухай таагүй мэдээ илүү дэлгэрэнгүй, илүү дуулиантай болох төлөвтэй. Тэр тусам нэр дэвшигчдийн хооронд болох ёстой гурван мэтгэлцээний хоёр дахь АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотноо өнөөдөр эхлэх гэж байна. Улаанбаатарт даваа гарагийн өглөөний 9 цагаас явагдах энэ мэтгэлцээн нь олон зүйлийг тодруулна гэж судлаачид үзжэээ. Есдүгээр сарын 26-нд Хофстр их сургуульд болсон эхний мэтгэлцээний дараа явагдсан санал асуулгаар хамрагдсан хүмүүсийн 62 хувь нь Клинтоныг, 27 хувь нь Трампыг дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан.

Даваа гарагт болох 90 минутын мэтгэлцээн нь хотын хурал гэж америкчуудын нэрлэдэг хэлбэрээр явагдана. Ийм хэлбэрээр мэтгэцлээн явагдахад асуултын тэн хагасыг нь танхимаас асуух бол нөгөө хагасыг нь модераторууд боловсруулан асуух юм. Энэ мэтгэлцээний модераторуудаар АВС-ийн Марта Реддац, CNN-ийн Андерсон Купер нар ажиллана. Нэр дэвшигч болгонд асуултад хариулах хоёр минут, өрсөлдөгчийн хэлсэнд тайлбар өгөх нэг минут өгнө. Хамгийн гол нь энэ удаагийн мэтгэлцээний танхимд сууж оролцогчид нь хэний төлөө саналаа өгөхийг шийдээгүй байгаа хүмүүсээс бүрдсэн байх тул гэнэтийн ямар ч асуулт ирж магадгүй байгаа аж. Танхимд суух хүмүүсийг олон нийтийн санал асуулга явуулдаг “Гэллапын байгууллага” сонгон шалгаруулж авах юм.

Цуглуулсан хөрөнгө


Трамп, Клинтон нар сонгуулийн кампанит ажилд шаардлагатай хөрөнгийг дэмжигч байгууллага, хувь хүмүүсээс өгсөн хандиваар босгосон. Клинтон сонгуулийн кампанит ажилдаа зориулж дэмжигчдээсээ 125 сая 205 мянга 990 ам.доллар цуглуулж чадсан бол Трамп нь 5 сая 674 мянга 322 ам.доллар цуглуулжээ.

0 Сэтгэгдэл
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохгүй Обама бол АНУ-ын хамгийн сүүлчийн ерөнхийлөгч. Одоо сонгуулиас өмнө АНУ, Орсын сөргөлдөөн ширүүсч АНУ задрах болно.
Хамгийн их уншсан