Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн хамгийн том газар өмчлөгч Жон Малоун 890 мянган га газартай


Б.БАДРАЛ


890 мянган га гэхээр төсөөлөгдөхгүй байж магадгүй. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэг ордог Орос, гуравт ордог Хятадын дунд байдаг, нэг хүнд 60 га газар ногддог монголчуудад төсөөлөхөд бэрх байж болох. Уг нь хааш хаашаа 100 ам.метр талбай нь нэг гектар буюу нэг га. Үүнийг мэдсээр атлаа ийм талбайг төсөөлөх бэрх. Тэгэхээр мөнгөөр төсөөлөх гээд үзсэн нь илүү ойлгомжтой биз. Ямар ч улсад дээд баялаг нь газар. Гэхдээ хүн зөвхөн үржил шимтэй, өвс ногоотой, ой модтой, ус ундтай, зам харгуйгаар холбогдсоныг авах гэх нь ойлгомжтой. Эрэлт их болохоор ийм газрын үнэ гэж тэнгэрт. Ийм газрыг их хэмжээгээр худалдан авна гэдэг асар их мөнгө шаардлагатай тул ямар ч байсан хувьдаа 890 мянган га газартай Жон Малоуныг багаар бодож тэрбум ам.доллартай  гэж төсөөлж болж байгаа байх. Америкчуудад ялангуяа мөнгөтэй америкчууд хаана яаж хөрөнгө оруулалт хийхээ сайн мэдэх тул газар худалдан авахад их анхаардагийн нэг жишээ энэ. Тэр тусам мөнгөтэй хүн хаа л байна Америкт л байна.

Америкчуудын баялгийг харуулсан нэг судалгаа бий. Тэр судалгаанд долоон тэрбум хүнтэй дэлхийг 100 хүнтэй тосгон болгож харуулаад их сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг. Энэ тосгоны баялаг хувиарлалтыг харвал тосгоны 100 хүний зургаа нь бүх мөнгөний 59 хувийг эзэмшдэг болж таарсан. Ингээд зогсохгүй энэ зургаан хүн бүгд америк. Тэгэхээр баян америкчууд газар худалдан авахад яаж хөрөнгө оруулалт хийдгийн жишээ болгож Америкийн хамгийн том 10 газар өмчлөгч хүнийг сонирхуулъя. Эдний дунд тэрбумтан, саятнаас эхлээд газар жинхэнэ баялаг гэдгийг маш сайн мэддэг гэр бүл ч байна.

10. Пингрийн гэр бүл

Нийт өмчилдөг газрын талбай: 336 мянган га
Пингрийн гэр бүлийн үндэслэгч Дэвид Пингри тэр­тээ 1841 онд Мэн мужид ойн модтой газар худалдан авс­наар газарт хөрөн­гө оруулалт хийх гараагаа эхэлсэн. Түүнээс хойш энэ гэр бүлийн долоон үеийнхэн өмчилдөг газрын хэмжээгээ нэмсээр энэ оны байдлаар 336  мянган га газартай болжээ. Эдний гэр бүл байгаль орчныг хамгаалахад онцгой анхаарал тавьдгаараа алдартай. Хямдхан аваад мод бэлтгэлийн том компанид үнэ хүргэн зарж мөнгөө халааслаад алга болдог хүмүүсээс огт өөр. Тэд газраа том компаниудад түрээсэллээ гэхэд үйл ажиллагаандаа экологийн стандартыг заавал мөрдөх заалт оруулдаг.
1964 онд Пингрийн гэр бүлийнхэн “Seven Islands Land Company” нэртэй компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо энэ компани нь гэр бүлийн өмчийн бүх газрын ашиглалтыг хянадаг. Пингрийн гэр бүлийн өмчилдөг газрыг гуравны хоёр нь зэрлэг амьтдын амьдрах унаган орчныг хадгалдаг онцгой хамгаалттай газар гэсэн статустай.

9. Стэн Кронке

Нийт өмчилдөг газрын талбай: 343 мянган га
Стэн Кронке нь Америкийн хамгийн том бөгөөд баян барилгын компанийн эзэн, хөлбөмбөгийн “Арсенал” баг гэх мэт хэд хэдэн спортын багийн эзэн, тэрбумтан.
Кронке нь бизнесээр олж авсан хөрөнгийнхөө багагүй хувийг газар худалдан авахад зарцуулдаг. Аризона, Монтана, Вайоминг гэх мэт мужид түүний эзэмшдэг газрын нийт талбай нь Нью-Йорк хотынхоос 4,5 дахин том. Газар авахад гар татдагггүйн жишээ болгож нэг наймааг нь сонирхуулъя. Кронке 2012 онд нь Монтана мужийн Хадат ууланд 50 мянган га талбайтай эдлэн газрыг 132 сая ам.доллараар худалдан авсан. Энэ эдлэн газарт 930 м.кв талбайтай харш барьсан. Тэрбумтан эр тэндээ шилмэл үүлдрийн үхэр үржүүлдэг гэхээр хөрөнгө оруулалт хийсэн гээд хөл хөсөр газар суудаггүйнх нь нэг жишээ байх.
2016 онд ойролцоогоор 655 сая ам.доллараар Америкийн хамгийн том мал үржүүлгийн эдлэн газар болох Техасын “Waggoner Ranch”-ыг худалдан авсан. Кронке шинээр авсан газартаа өөрийн төв харшаа байгуулан улаан буудай тариалах, шилмэл үүлдрийн мал үржүүлэхэд ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

8. Кингийн гэр бүл

Нийт өмчилдөг газрын талбай: 369 мянган га
Кингийн гэр бүлийнхэн 150 гаруй жилийн турш Техас мужийн өмнөд хэсэгт асар том газар эзэмшсээр ирсэн. Кингийн гэр бүлийн эхлэлийг тавигч Ричард Кинг 1853 онд энд газар худалдан авч бизнесийн гараагаа хийж байжээ. Түүнээс хойш өв залгамжлагчид нь түүний үйл хэргийг үргэлжлүүлсээр одоо “Кингийн эдлэн” нь Техас муждаа хамгийн том нь төдийгүй 1961оноос Америкийн үндэсний хэмжээний түүхийн дурсгал гэсэн статустай болсон.
Кингийнхэн эзэмшдэг газраа олон нийтэд нээлттэй байлгах нь зөв гэж үздэг. Тиймээс энд загасчлах, дугуй унах, шувууд ажиглах гэсэн эко жуулчид очдог. Мөн фермерүүдэд газар тариалан, мал аж ахуйг байгаль орчинд хоргүй орчин үеийн аргаар хөтлөх сургалт зохион байгуулдаг. Ингэлээ гээд тэд тав тух алддаггүй.
Асар уудам газартай болохоор нэг талд нь жуулчид аялж, фермерүүд сургалт явуулж байхад нөгөө хэсэгт нь мал үржүүлж, ногоо тарьж, самар, жимс гээд ургац хураадаг төдийгүй газрын тос, шатдаг хий олборлодог.

7. Синглтоны гэр бүл

Нийт өмчилдөг газрын талбай: 450 мянган га
Хенри Синглтон нь АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, электрон бараа үйлдвэрлэдэг “Teledyne, Inc” концерний үүсгэн байгуулагч ба тэргүүн нь байсан. Тэрээр 1980-аад оны дунд үеэс газарт хөрөнгө оруулалт хийх боломжийг нарийн судлаад Нью-Мексико, Калифорни мужид эдлэн газар худалдан авч эхэлсэн байдаг. Ингээд 14 жилийн дотор 28 эдлэн газар худалдан авснаар Америкийн төдийгүй дэлхийн хамгийн том газар өмчлөгчдийн нэг болсон. 1999 он гэхэд Хенри Синглтон нь Нью-Мексико мужийн талбайн 1,5 хувийг эзэмшдэг болсон байв. Хенрийг нас барсны дараа таван хүүхэд нь үйл хэргийг нь үргэлжлүүлжээ.
Синглтоныхон бүс нутгийнхаа соёлын өвийг хадгалах, хамгаалахад онцгой анхаардаг тул түүхчидтэй хамтран ажилладаг бөгөөд Сант-Фэ хотоос холгүй байдаг эдлэн газартаа археологийн эрэл хайгуул явуулахыг зөвшөөрч дэмжлэг үзүүлдэг.

6.Ирвийнгийн гэр бүл


Нийт өмчилдөг газрын талбай: 485 мянган га
Ирвингийн гэр бүлийг үүсгэн байгуулагч Кеннет Колин Ирвинг нь Канадын үйлдвэрийн магнат, дэлхийн хамгийн баян 15 хүний нэг байсан. Одоо түүний үр ач нар газрын тос ба шатдаг хийн олборлолт, мод боловсруулах, барилга, харилцаа холбооны салбаруудад 300 гаруй компанийг удирддаг. Ингээд зогсохгүй эдний гэр бүл АНУ-д 485 мянган га газар өмчилдөг. Нутагтаа буюу Канаддаа 800 мянга гаруй га газартай. Иймд тэднийг дэлхийн хамгийн том газар өмчлөгчдийн нэг үзэхээс өөр аргагүй
Ирвингийн гэр бүлийнхнийг газрыг хайрлана, хамгаална гэдгийг мэддэггүй, хямд аваад үнэтэй зарсан бол экологи хамаагүй гэсэн стратеги баримталдаг гэж байгаль хамгаалагчид шүүмжилдэг юм байна.

5. Ридийн гэр бүл

Нийт өмчилдөг газрын талбай:  565 мянган га
Ридийн гэр бүл нь Америкийн хамгийн баян 150 гэр бүлийн нэг. Эдний гэр бүл мод боловсруулах салбарт ажилладаг. Тэднийхэн таван үе дамжин “Green Diamond Resourse Company” компанийг удирдаж байгаа. Ридийн гэр бүл нь Вашингтон, Орегон, Калифорни мужуудад эдлэн газар, ой модыг эзэмшдэг. Ридийнхэн нийт газрынхаа тэн хагасыг буюу 243 мянган га газрыг 2014 онд худалдан авснаар Америкийн хамгийн том газар өмчлөгчдийн нэг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.
Эдний эзэмшдэг “Green Diamond Resourse Company” компани нь мод боловсруулах салбарын хамгийн хатуу чанд бүх л стандартыг ягштал мөрддөг гэдгээрээ нэртэй бөгөөд бусдадаа үргэлж жишиг болдог аж. Тус компанийн дүрмэнд мод бэлтгэл хийж байгаа талбайнхаа усны нөөц, зэрлэг араатан амьтад, ховор ургамал, байгалийн ба түүхийн дурсгалыг хадгалан үлдэх ёстой гээд заачихсан байдаг юм байна. 2015 онд “Green Diamond Resourse Company” компанийн 125 жилийн ойн баяраар 100 сая дахь модоо суулгасан явдал нь мод бэлтгэл ба ой мод хамгаалах стандартыг ягштал мөрддөгийн нэг жишээ.
2000 оноос тус компани нь өмчилж байгаа газартаа 51 зүйлийн араатан амьтад ба тэдний амьдрах уугуул орчныг онцгой хамгаалах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй. Жил болгон эзэмшиж байгаа газрынхаа ердөө 2 хувьд нь мод бэлтгэдэг бөгөөд дараа нь заавал шинээр мод суулгадаг.

4. Брэд Келли

Нийт өмчилдөг газрын талбай: 670 мянган га
Тамхины магнат гэгддэг Брэд Кэлли нь Нью-Мексико, Техас, Вайоминг, Колорадо мужуудад олон эдлэн газартай. Ингэж их газар худалдан авах болсон тухайд  тайлбарлахдаа Америкийн хамгийн том газар өмчлөгч болох  гэсэндээ бус харин бага насаа ферм дээр өнгөрүүлсэн, газар гэж юу байдгийг мэддэг болохоор авдаг гэсэн. Тэрээр өөрийн гэсэн анхны эдлэн газраа дунд сургууль төгссөн даруйдаа буюу 17 настайдаа худалдан авчээ. Дараа нь бэл бэнчингээ зузаатгахын хэрээр газар худалдан авах цар хүрээ ч нэмэгдсэн байна. Келлигийн таван жилийн өмнө худалдан авсан газрын үнэ одоогоор хоёр дахин өсөөд байгаа нь түүнийг газар гэдгийг үнэхээр сайн мэддэг хүн гэдгийг харуулна. Гэхдээ тэрбумтан эр эдлэн газраа биечлэн удирддаггүй, зүгээр л худалдан авч хөрөнгө оруулалт хийх бөгөөд өмнөх эзэд нь газар дээрээ түрээслэгчийн хэлбэрээр үргэлжлүүлэн ажилладаг онцлогтой.
Брэд Кэлли нь ховор ан амьтан үржүүлэх, малын шинэ үүлдэр гаргаж авах хоббитой. Түүний нэг ферм дээр одой одос үхэр, гөрөөс, усны үхэр, хирс, зэрлэг адуу үржүүлдэг. Келли нь амьтадын хүрээлэн, зэрлэг байгалийг хамгаалан олон сантай хамтран ажилладаг.

3. Эмерсоны гэр бүл

Нийт өмчилдөг газрын талбай: 770 мянган га
Эмерсоны гэр бүл Калифорни мужид их хэмжээний ой, эдлэн газрыг эзэмшдэг. Эдний гэр бүл жилээс жилд шинэ газар авч газраа тэлдэг. Зөвхөн 2015 онд гэхэд л 22 мянга га газар худалдан авсан. Гэр бүлийн тэргүүн Арчи Эмерсон нь Калифорни мужийн хамгийн том газар өмчлөгч хувь хүн. Эмерсоныхон хэдэн үеэрээ мод боловсруулах салбарт ажиллаж байгаа. Тэд Америктаа хоёрдугаарт ордог мод бэлтгэлийн “Sierra Pacific Industries” компанийг эзэмшдэг. Энэ компани нь экологид маш их анхаарал тавьдаг бөгөөд жилдээ нийт газрынхаа нэг хувьд нь мод бэлтгэл хийдэг бөгөөд бэлтгэл хийж дууссан газартаа заавал шинэ морд тарьдаг, үүндээ багагүй мөнгө зарцуулдаг.
Арми Эмерсон нь эдлэн газартаа ан хийж эсвэл загасчилж амрах дуртай. Эмерсоны мэдлийн ой мод нь олон нийтэд нээлттэй тул энд дугуй унах, загас барихыг зөвшөөрдөг. Гэхдээ цэцэг, жимс түүх, ил гал гаргах, майхан барьж хоноглохыг зөвшөөрдөггүй.

2. Тед Тернер

Нийт өмчилдөг газрын талбай:  809 мянга га
“CNN” сувгийг үүсгэн байгуулагч Тед Тернер хүүхэд байхын л ан хийх, загасчлах дуртай нэгэн байж. Тэгэж яваад нэг удаа хөршийнхөө эдлэн газар хэрэм буудаад цагдаад баригдаж байсан гэнэ. Түүнээс хойш их мөнгөтэй болж баяжаад өөрийн гэсэн том эдлэн газартай болно гэж өөртөө андгайлсан тухайгаа Тернер ярьдаг. Тэгээд хэлсэн амандаа хүрч тэрбумтан болсны дараагаар асар их газар худалдан авсан бөгөөд одоо Америкийн хамгийн том газар өмчлөгч хүний нэг. Тернер нь “Вермежо Парк” нэртэй эдлэн газартаа амрах дуртай. Энд баригдсан харшдаа хаад, вангуудаас эхлээд шоу бизнесийн одууд хүртэл том зочдоо хүлээж авдаг. Гэхдээ жирийн хүмүүс ч энэ харшид нь амрах боломжтой, хоногийн 550-650 ам.доллар төлөхөд л хангалттай.
Саяхнаас эко жуучлал гэсэн шинэ салбарыг хөгжүүлэхээр хүчээ үзэх болсон. “Веремежо Парк” болон бусад гурван эдлэн газрыг загасчлах, дугуй унах, хайкинг хийх, фото сафари хийх сонирхолтой хүмүүст зориулан чөлөөтэй болгосон. Яваандаа өөрийн эдлэн газраа үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгох төлөвлөгөөтэй юм байна.

1. Жон Малоун

Нийт өмчилдөг газрын талбай: 890 мянган га
Жон Малоуныг АНУ-ын хамгийн том газар өмчлөгч гэдгийг дээр хэлсэн. “Liberty Media” корпорацийн үндэслэгч, дэлхийн хамгийн баян 100 хүний нэг Малоун нь Вайоминг, Нью-Мексико, Колорадо мужид эдлэн газартай, Мэн мужид ойн мод эзэмшдэг.  Малоуны өмчилдөг газрын талбай нь сая гаруй хүн амьдардаг Манхэттен арлын талбайгаас 150 дахин том. Мэн мужийн газрын таван хувийг ганцаараа эзэмшдэг. Нийт газрынхаа тэн хагас буюу 485 мянган га-г 2011 онд худалдан авсан. Малоун нь Тед Тернерийн эртний найз. Тиймдээ ч газар худалдан авах нь хэрэгтэй, ашигтай гэдгийг Тернерээс сурсан гэж хэлэх дуртай. Мөн өөрийн мэдлийн хэмжээ хязгааргүй их уул, ойн мод, тал хээрийг харах болгондоо сэтгэл нь асар их хөдөлдөг тул эзэмшил газраа байнга тэлдэг гэсэн байна.

Нийлээд 55 мянган км.кв

Америкийн хамгийн том газар өмчлөгчдийн мэдэлд байдаг газрын нийт талбай нь хэмжээ 5,5 сая га буюу 55 мянган км.кв. гээд та багцаалдаарай. Хэн бүхний мэдэх Швейцарь улсын газар нутгийн талбай нь 41 мянга 290 км.кв байдаг бол Нидерландынх 41 мянга 256 км.кв. гээд бодвол Америкийн тэрбумтнууд газар худалдан авч хөрөнгө оруулалт хийхэд ямар их анхаардаг нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан