Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрнөөс өрөнд хөтлөх нь дампуурлын цондон


Т.ЖАНЦАН

Манай улсын эдийн засгаас гэрэл гэгээтэй, чихэнд чимэгтэй үг өгүүлбэр сонсогдохоо больсон. Ирэх жилүүдэд бас энэ байдал үргэлжлэх төлөвтэй гэсэн үг амнаасаа унагах эдийн засагч, судлаач олон. Эдийн засгаа сэргээх, төсөв, мөнгөний бодлогоо цэгцлэх, ирэх жил тохиох  өрийн дарамтаа  шийдэх гээд шил шилээ дарсан олон асуудал Монгол Улсад байна. Гэтэл улс төрийн томилгоо, иргэн таны төлөө  зүтгэнэ гэсэн хөндий үг, ухаантай дүр эсгэсэн хиймэл багтай сонгуулийн шоутай өдрүүд үргэлжилсээр. Ингэж цаг алдаж налгардахын хэрээр эдийн засгийн өсөлт хасах утгатай хаяа дэрлээд байгаа билээ. Тэгвэл дээрх олон асуудлаас энд ганцхан Монгол Улсын өрийн нөхцөл байдлын талаар өгүүлэх гэсэн юм.  Учир нь, монголчуудын орлого, зарлагын харьцаа тэнцвэргүй боллоо. Өөрөөр хэлбэл орлого нь буурч байхад зарлага хэвээр байна. Иймд  эдийн засагчид өнөөдөр Монгол Улс богино хугацаанд тулгараад байгаа өрийн дарамтаас өр тавьж гарах ганц гарц бий гэдэг. Учир нь манай улс өрөө төлөх хэмжээний гадаад валютын орлого олж чадахгүй байгаа юм. Ингээд орлого ямар байгааг сонирхъё.

Гадаад валют орж ирэх нэг урсгал нь экспорт. Сүүлийн гурван жилд экспортын гол бүтээгдэхүүн ашигт малтмалын үнэ уналтын шокноос гарч чадаагүй. Манай улсын экспортын орлого өнгөрсөн оныхоос 9.6 хувиар буурсан тооцоог Азийн хөгжлийн банкнаас хийсэн. Тус банкнаас бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засгийн тайланг   саяхан гаргаад байгаа. Үүнд Монгол Улсын импорт 17 хувиар буурсан тул энэ онд гадаад худалдааны тэнцэл өндөр ашигтай гарах нөхцөл бүрдсэнийг дурдсан. Энэ нь манай улсын төлбөрийн тэнцэлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурахад хүргэх аж. Гэвч энэ баярлах зүйл биш. Гадаад валютын нөөцгүй шахам болсон, 2017-2018 онд гадаад өрийн их хэмжээний төлөлт нь төлбөрийн тэнцэлийн дарамтыг огцом нэмэгдүүлнэ гэж Азийн хөгжлийн банкнаас анхааруулав. Өөрөөр хэлбэл өрийн хямрал нүүрлэх аюул отож байгаа юм.
Тэгвэл ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын төсөлд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1.2 сая ам.доллар болсоныг дурджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 25 хувиар буурсан дүн бөгөөд 4.6 сарын импортын хэрэгцээг хангах аж.

Гадаадын хөрөнгө оруулалт улсын орлого нэмэгдүүлэх нэг эх үүсвэр. Гэтэл Монголд шинэ хөрөнгө оруулалт орж ирэх бус гарах болсон. Учир нь төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг удирдах, зохицуулах оролдлого хийж ирсэн тул дайжихад хүргэсэн гэдэг дүгнэлтийг эдийн засагчид хийгээд байгаа. Ингээд энэ онд хөрөнгө оруулалт нам зогсов. Тухайлбал, Монгол Улсын гадаад активыг харвал  энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн жилүүдэд орж ирсэн 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бий гэсэн тооцоо бий. Гэтэл уг хөрөнгө оруулалт эдүгээ хоёр хувиар буураад байна.  Гадаад пассив нь манай улсын дотоодын компаниудад  орж ирсэн хөрөнгө оруулалтын дүн 29.5 тэрбум ам.доллар гэсэн судалгаа гарчээ. Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 53 хувь буюу 6.8 тэрбум ам.доллар нь  толгой компаниас авсан зээл аж. Тэгвэл 47 хувийг буюу зургаан тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн дүрмийн сан дахь хөрөнгө оруулалт тус тус эзэлж байна. Монгол Улсын нийт гадаад өр эдүгээ 23.4 тэрбум ам.долларт хүрсэн тооцоог Монголбанкнаас хийлээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1.7 тэрбум ам.доллараар өссөн дүн. Үүнд Засгийн газрын болон хувийн хэвшлийн зээлийн өсөлт нөлөөлсөн байна. Мөн ам.долларын ханшийн өсөлт нь төгрөгөөр илэрхийлэгдэх өрийн хэмжээг өсгөх шалтгаан болсон. Нийт өрийг задлаад үзвэл Засгийн газрын өр 4.7 тэрбум ам.долларт хүрэв. Уг дүн нь өнгөрсөн жилийнхээс нэг тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт. Харин Монголбанкны гадаад өр 100 сая ам.доллаар буурч 1.8 тэрбум ам.доллар болжээ. Төв банк Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэлийн төлбөрөө төлсөн тул ийнхүү буурсан байна. Нийт гадаад өрийн дийлэнх буюу 17 тэрбум ам.доллар нь хувийн хэвшилд ногдоно. Тэдний авсан зээл энэ онд 900 сая ам.доллараар нэмэгдэв. Хувийн хэвшлийн өрийн 2.2 тэрбум ам.доллар нь банкны салбарынх. Уг өрийн 32 хувийг бонд, өрийн бичиг, 41 хувийг урт хугацаат зээл, үлдсэн есөн хувийг нь Монголд оршин суугч гадаад иргэд, байгууллагын харилцах болон хадгаламжийн дансны өглөг эзэлж буй юм. Тэгвэл банкнаас бусад салбарын өр 14.8 тэрбум ам.доллар байна. Үүний 6.8 тэрбум ам.доллар нь компаниудын гадаад хөрөнгө оруулагчаас авсан зээл. Нэг ёсондоо компани хоорондын зээл гэсэн үг.  Энэ төрлийн зээл нь компанийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг дэмжих зорилгоор олгодог урт хугацаатай санхүүжилт байдаг. Иймд ихэнх тохиолдолд хүүгүй, хатуу мөрдөх эргэн төлөлтийн хуваарьгүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид компанийн дүрмийн санд нэмж тооцогдох боломжтой байдгаараа бусад төрлийн зээлээс ялгаатай. Товчхондоо өр төлнө гэж сандрах нь бага гэсэн үг.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон эдийн засагчид Монгол Улсыг өрийн удирдлагаа сайжруулах зөвлөгөө өгч ирсэн. Учир нь гадаад шоконд өртөмтгий уул уурхайн салбараас хамаарсан эдийн засагтай, урсгал тэнцэл болон төсвийн алдагдал өндөр байгаа үед өр зээлийн бодлогоо цэгцэлж авсан мөнгөө үр ашигтай зарцуулах учиртай гэдгийг хэлээд байгаа юм. Дэлхийн банкнаас тооцдог бодлого, институцийн чанарын индексээр Монгол Улс дунд бодлоготой улсын бүртгэлд багтдаг. Ийм бодлоготой орнуудын гадаад өрийн зохистой хэмжээ ДНБ-ий 40 хувьтай тэнцүү байх учиртай. Гэтэл манай улсын Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банкны гадаад өр энэ онд ДНБ-ий 63 хувьтай тэнцсэн. Иймд Монгол Улс гадаад өрийн хувьд өндөр эрсдэлтэй ангилалд оржээ. Өөрөөр хэлбэл, манай улстай адил эдийн засгийн бүтэц нь төстэй уул уурхайд түшиглэсэн орнуудаас хамгийн их эрсдэлтэйд тооцогдох болсон байна.
Улсын секторын гадаад өрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахгүй сунгах, эсвэл өрийн эргэн төлөлтийг  гадаад зээлээр санхүүжүүлсэн тохиолдолд Монгол Улсад  дунд, урт хугацаанд гадаад өрийн дарамт хэвээр үргэлжилнэ гэсэн үг.  Ингээд улсын зээлжих зэрэглэл үргэлжлэн муудах, Засгийн газрын гадаад санхүүжилтийн зардал нэмэгдэх, хүүгээ төлж чадахгүйд хүрнэ.  Мөн төсвөөс дэд бүтэц, боловсрол зэрэг нийгмийн  салбарт хийх хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэл бий.
Иймд эдийн засагчид эрх баригчдыг цаг алдалгүй гадаад өрийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, барагдуулахын тулд макро эдийн засагт дарамт учруулахгүй хохирол багатайгаар шийдвэрлэхийн тулд улсын гадаад өрийг үе шаттайгаар бууруулах, улсын нэгдсэн төсвийг сахилга баттай болгох,  урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах нь чухал гэж дахин дахин анхааруулж байгаа юм.
Яагаад гэвэл өрийн хямрал нь дампуурлын суурь нөхцөл болдог жамтай. Өрийн хямралыг төсвийн орлого, Засгийн газрын өрийн харьцаа зэрэг эдийн засаг болон засаглалын хүчин зүйл үүсгэдэг. Товчхондоо төсвийн орлогоо хэт өөдөргөөр төсөөлж алдагдал нь удаан хугацаанд үргэлжлэх явдал дампуурал руу хөтөлнө гэсэн үг.  Тухайлбал, өнөөдөр манай  улстөрчид, эрх баригчдад ингэх л ёстой юм гэж ойлгогдох болсон төсвийн гадуурах зардал, алдагдал нэмэгдэх, үр ашиггүй зарцуулах нь өрийн эргэн төлөлтөд хүндрэл учруулах гол үндэс юм. Тэгэхээр улсын зардал нь орлогоосоо давсан үед өрөөр санхүүжихээс өөр гарцгүй болно. Өнөөдөр Монгол Улс яг ийм нөхцөл байдалд ороод байна. Манай эрх баригчид ирэх жилийн төсвийн алдагдлаа энэ жилийнхээс өсгөж 2.6 их наяд төгрөг  хэмээн тооцчихоод  ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагаас мөнгө гуйж бадар барьж явна.  
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан