Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батсуурь: Хүүхэд харах үйлчилгээнд мөнгө өгөх хэрэгтэй юу



А.АКЭРКЭ


Хүүхэд харах үйлчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор зогсоохоор болсныг Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн 2017 оны төсвөөс харж болно.
Ийнхүү зогсоох гэж байгаа шийдвэрээ албаны хүмүүс нь тайлбарлахдаа “үр дүн багатай, учир дутагдал ихтэй” хэмээн тодотгож буй. Жишээ нь, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх “Хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд байлгах байрыг стандартын дагуу тохижуулах зэрэг олон асуудлыг орхигдуулсан байна. Нэршил талаасаа ч учир дутагдалтай. Хүүхдийг харах бус, хөгжүүлж, боловсруулж, сургах ёстой. Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө яаран хийсэн ажил. Хүүхэд харах үйлчилгээнд бэлтгэн, орон байраа өргөтгөж, засвар хийсэн олон хүн байгаа учир энэ байдлыг нь харгалзан үзэж он дуустал ажиллуулахаар болсон” гэжээ.

Гэтэл төрөөс хянадаг байгууллага нь хянаж, шалгаад та хүүхэд харах хуулийг хэрэгжүүлэгч байж чадна хэмээн эрх олгосон байлтай. Үүний ачаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй олон хүүхэд болзошгүй аюул осолд өртөхөөс хамгаалагдсан гэж хэлж болно.

Өнгөрсөн хугацаанд олон хүн сургалтад сууж, хүүхэд харах эрхийн сертификат авч, ажилтай болсон. Мөн Хүүхэд харах үйлчилгээний байр нь зөвхөн хүүхэд харах зориулалтаар ашиглагдаж, тухайн байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлж, нэг хүүхдэд 2,5 ам.метрээс багагүй хэмжээний талбай ногдох ёстой гэсэн стандартаар ажиллаж байгааг одоогийн удирдлагууд мэддэггүй нь дээр хариултаас харагдаж байна. Мөн тухайн байрны өрөөний температур, халаалтын горим зэрэг шаардлагыг хангасны эцэст мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан, албан ёсны зөвшөөрөл авсан гэдгийг нь үгүйсгэж болохгүй мэт.

Ямартай ч, энэ оны есөн сарын байдлаар 1305 хүн тус үйлчилгээг эрхлэн 6353 хүүхэд хамрагдаж байна. Ирэх жилээс үйлчилгээг нь зогсооход хүрвэл тэнд ажиллаж байгаа хүмүүс, сургуулийн өмнөх боловсрол олж авч буй хүүхдүүдийг хэрхэх вэ гэдэг асуудалтай хүссэн хүсээгүй нүүр тулгарах нь мэдээж. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх гарцын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх “Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүртэл ээжтэйгээ хоол тэжээлийн дутагдалгүй, эсэн мэнд өсөн торних боломж олгох юм. Энэ хөтөлбөр нь хүнийг хүн болгох концепц талаасаа илүү оновчтой гэж үзсэн. Мөн “Байгууллагын цэцэр­­­лэг” хөтөлбөрийг дэм­жинэ. Энэ хүрээнд манай байгууллага ч шинэ оноос өмнө цэцэрлэгтэй болохоор ажиллаж байгаа” гэж тайлбарласан юм.

Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Саранчимэг  “Ямар үе шаттайгаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх вэ. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад, байгуул­­лагын цэцэрлэг ажил­луу­лахад аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлөх үү” хэмээн асуусан асуултад ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат “Байгууллагын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой асуудал олон улсад нэвтэрсэн юм билээ. Засгийн газар байгууллагын цэцэрлэгийг өөрөөсөө эхлүүлье гэх уриалга гаргаж байгаа. Аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэгтэй байвал урамшуулах бодлого барина. 2017 оноос томоохон хотхон, барилгууд цэцэрлэгтээ байх стандарт мөрдүүлнэ” хэмээн хариулсан байдаг. Харамсалтай нь, Хүүхэд харах үйлчилгээг орлуулах тэдний энэ санал, санаачилга ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, ажил хэрэг болно гэдэгт итгэх хүн өнөөдөр алга.

Харин энэ асуудалд хамгийн бодитойгоор хариулт өгөх байх хэмээн найдаж БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж дараахь тодруулгыг авав.

-Хүүхэд харах үйлчилгээг зогсоох гэж буй шийдвэр олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулж байна. Боловсролын сайдын хувьд та юу хэлэх вэ?
-Ер нь бол Хүүхэд харах үйлчилгээ гэдэг чинь иргэн хоорондын л асуудал. Албан ёсны эрх, зөвшөөрөл авсан хувийн ч бай, төрийн ч бай цэцэрлэгүүдэд санхүүжилтийг нь олгоод явж байгаа.

-Ирэх оноос дээрх үйлчилгээг зогсооно гээд байгаа шүү дээ?
-Хүүхэд харах үйлчилгээ гээд нэг хүүхэд харж байгаа хүнд  мөнгө өгөх хэрэгтэй юу. Энэ чинь иргэн хоорондын гэрээний асуудал. Тэрнээс биш албан ёсны зөвшөөрөлтэй бүх цэцэрлэгт санхүүжилтийг нь олгоно.
Түүний хариултаас Хүүхэд харах үйлчилгээ нь иргэн хоорондын асуудал болохоор төрд хамаагүй гэж үзэж буй нь илт. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрөө үгүйсгэчих шиг санагдав. Уг нь бол улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Энэхүү төсөвт багтаан улсын хэмжээнд 10328 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдана гэж тооцоолсон нь бий. Нэг хүүхдийн хувьсах зардал нь сарын 116900 төгрөг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал нь үүнээс хоёр дахин их буюу 233400 төгрөг байхаар тогтоосон. Тиймээс энэхүү тооцооллоос бага үнээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох боломж, бололцоо нь өнөөдөр манай улсад байхгүй. Энэ талаар хуулийг хэрэгжүүлэх албаны хүн ярихдаа “Энэ үйлчилгээг эрхлээд ашигтай ажиллана гэж хэлэх боломжгүй. Улсаас нэг хүүхдэд олгох 116900 төгрөг нь ердөө л санхүүгийн дэмжлэг үзүүлэх л төдий зүйл. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөний 70 хувийг урсгал зардалд зарцуулах юм” хэмээж байсан удаатай. Үнэндээ энэ хуулийн гол зорилго нь хүүхэд хараад ашиг олно гэхээс илүү хүүхэд хамгаалах байв.

Уг хуулийг санаачлан батлуулсан УИХ-ын эмэгтэй гишүүд хүртэл “НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 60 гаруй мянган хүүхдэд халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой цоо шинэ үйлчилгээ” хэмээн онцолсон байдаг. Тэгэхээр АН-ынхны ард түмнээсээ сайн гэсэн үнэлгээ авсан ажил болгоныг харлуулж, үгүй хийж буй МАН-ынхан эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө эргэж нэг хараасай билээ. Ядаж нэрийг нь өөрчлөөд ч болтугай үргэлжлүүлээсэй.

Эцэслэн гараагүй дээрх шийдвэрийн талаар холбогдох албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


Я.Байгалмаа: Ор тас зогсоож болохгүй гэдэг асуудлаар шат шатанд нь хандаж л байна

/Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга/

-Хүүхэд харах үйлчил­гээг ирэх оноос зогсооно гээд байгаа. Энэ талаарх эцсийн шийдвэр танай дээр ирэв үү?
-Ямар ч гэсэн энэ оныг дуустал үргэлжлүүл гэсэн чигийг Хуучнаар Хүүхдийн төлөө газар, одоогийнхоор бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өгсөн. Бидэнд энэ тухай шийдвэрийг бичгээр ирүүлнэ гэж байсан ч одоогоор ирсэн нь үгүй. Гэхдээ 2016 оны есдүгээр сарын 7-ны УИХ-ын чуулганаар хэлэлцээд 2021 он хүртэл энэ үйлчилгээг хойшлуулсан байгаа шүү дээ.
Уг нь бол бидэнд аравдугаар сарын 1-нээс эхэлж зогсооно гэдэг чиглэл өгсөн. Энэ талаарх мэдээллийг дүүргүүд рүү өгсний дараа холбогдох яамдын удирдлагууд ярилцаад он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаа дуулгасан.
 
-Энэ мэдээлэл нь дээрх үйлчилгээг үзүүлдэг хүмүүст төдийгүй эцэг, эхчүүдэд ч хүнд цохилт өгөх шиг боллоо. Тиймээс бүгдээрээ хамтарч жагсаал хүртэл зохион байгуулна гэж байна?
-Энэ үйлчилгээнд багагүй тооны хүүхэд хамрагддаг. Тиймээс тэр хүүхдүүдийг яах вэ, хөрөнгө мөнгө зарж үйлчилгээний төв байгуулсан хүмүүсээ яах вэ. Ор тас зогсоож болохгүй гэдэг асуудлыг шат шатанд нь тавьж л байна. Мөн эцсийн шийдвэрээ бидэнд албан бичгээр ирүүлээчээ гэдэг хүсэлт тавьсан. Эцсийн шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гаргах ёстой. Тиймээс тэднээс ирүүлэх чигийг нь хүлээгээд байж байна. Энэ асуудлын дагуу дүүргүүдийн дарга нартайгаа уулзсан. Тэд хүүхэд харагчдад маш их хүндрэл тулгарна гэдгийг хэлж байна билээ.

Уг нь, Нийслэлийн Засаг дарга хүүхдүүдийг эзэнгүй байлгахгүй, хараа хяналттай байлгана, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ, хамралтыг нь сайжруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс энэ асуудлыг хэрхэх вэ гэдэг талаар мэдээлэл өгөөч гэж НЗДТГ-ынхнаас хүссэн.


А.Соёлоо: Шийдвэрээ эргэж харахгүй бол талбай дээр жагсана гэсэн

/Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд “Хүүхэд харах үйлчилгээ”-г хариуцсан мэргэжилтэн/

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид холбоо байгуулсан гэв үү?
-Баталгаажсан шийдвэр нь бидэнд ирээгүй бай­на. Ямар ч гэсэн Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг хү­мүүс маань өөрсдөө холбоо байгуулсан. Удахгүй хэв­лэ­­лийн бага хурал хийнэ гэсэн. Одоогоор долоон дүү­рэгт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс нэгдсэн байна билээ.

-Танай дүүрэгт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн ямар төв байна вэ?
-Найман сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн газар бий. Ер нь, доод тал нь таван сая төгрөг байгаа байх шүү. Хамгийн гол нь шийдвэр гаргах төвшний хүмүүсийн яриад байгаа шиг зүгээр нэг гэртээ хүүхэд хардаггүй гэдгийг олон нийтэд харуулмаар байна. Тиймээс аль ч дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхэд харах үйлчилгээний төвөөр орж сонирхож болно. Бүгд нээлттэй гэдгийг энэ дашрамд дуулгая.

-Тэдэнтэй хамгийн ойр ажилладаг хүний хувьд илүү мэдээлэлтэй байгаа байх. Хэвлэлийнхэнд хандаж, жагсана гээд байсан нь хэвээрээ болов уу?
-Төрд дуу хоолойгоо хүргэхийн тулд л хэвлэлийнхэнд хандах гэж байгаа юм билээ. Мөн Хүүхэд харах үйлчилгээ маань зогсчихвол хөхөө өвлөөр тэд маань хаачих болж байна вэ гэдэг асуудлыг хөндөхөөр болсон гэсэн. Бүр болохгүй бол талбай дээр жагсана гэсэн.  Үнэн­­­­­­дээ зээл аваад, үйлчилгээ эрхэлж буй хүмүү­сээ харахаар сэтгэл эмзэглээд байна. Зөн­дөө зардал гаргачихаад улсаас хэдхэн са­рын санхүүжилт авсан шүү дээ. Хүний олон хүүх­дийг харна гэдэг бас л хөдөлмөр. Тэгээд ч энэ үйлчилгээ эцэг, эхчүүдэд ямар их хувь нэмэр болсон билээ. Харамсалтай санагдаад байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан