АНУ нь есдүгээр сарын 30-нд дууссан санхүүгийн жилийн дотор 79 орны 84995 дүрвэгч хүлээн авсан тухай Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ. Нийт дүрвэгсдийн 70 хувь нь Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Сири, Мьянмар, Ирак, Сомали гэсэн таван улсаас ирсэн байсан бол 72 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд. Дүрвэгчдийн очих дуртай мужууд нь Калифорни, Техас, Нью-Йорк, Мичиган, Охайо. 2017 оны санхүүгийн жилд АНУ нь 110 мянган дүрвэгч хүлээн авахаар төлөвлөөд байгаа нь 2015 оныхоос даруй 57 хувиар их үзүүлэлт юм байна. Мөн дайн тулаантай орнуудаас зовж зүдэрсэн цагаачдыг хүлээн авах нь зөв зүйтэй ч америкчуудын аюулгүй байдал илүү чухал гэдгийг тус мэдэгдэлд онцлон “Америкийн ард түмний аюулгүй байдал ямагт нэн тэргүүнийх байх болно. Дүрвэгсдийг бусад хүрэлцэн ирэгчдээс илүү нягт шалгаж байгаа” гэжээ. Дүрвэгсдийг шалгах ажилд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам, Холбооны мөрдөх товчоо, Батлан хамгаалах яам ба бусад тагнуулын албад оролцож байгаа аж.