Монголын уул уурхайн салбар зөв голдрилоор хөгжих эсэхэд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүд чухал нөлөөтэй.
Тэгвэл энэ сургуулийн удирдлага өнгөрсөн долоо хоногт “Уул уурхайн сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-тэй хамтран ажиллахаар нэгэн чухал санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд ШУТИС-ийн геологи уул уурхайн сургуулийн оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийлгэх, мэдлэг өгөх чиглэлээр сургахдаа “Уул уурхайн сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг түшиглэх юм.
Мөн талууд хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд юуны түрүүнд уул уурхай түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг бий болгох, уул уурхайн сургалт, судалгааны бааз, музейн цогцолборыг байгуулах ажлыг зохион байгуулахаар хэлэлцжээ.
Санамж бичигт ШУТИС-ийн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, “Уул уурхайн сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” ТББ-ын тэргүүн Б.Элбэгзаяа нар гарын үсэг зурсан байна.