Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Испани Гибралтарыг буцааж авах хүсэлтэй


Дэлхийн олон улс хоорондоо газар нутгийн маргаантай.  Орос ба Украйн, эсвэл Энэтхэг ба Пакистан, Хятад ба Филиппин, Хятад ба Япон, Япон ба Орос хоорондын газар нутгийн маргааны асуудал ойр ойрхон хурцаддаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон нийтийн анхааралд өртөж байдаг. Гэтэл тэр бүр сөхөгдөөд байдаггүй, нууцлагдмал гэж болохоор газар нутгийн маргаантай орнууд бий. Жишээлбэл, Испани ба Их Британи хоорондын маргаан.

Испани нь XVIII зуунд Их Британид булаалгасан Гибралтын хойгоо буцаан авахаар олон жилийн турш янз бүрийн оролдлого хийж байсан ч амжилтад хүрэх магадлал тун бага байсан. Харин Brexit-ийн дараагаар Их Британи Европын холбооноос гарч байгаа тул булаалгасан алга дарам газрыг буцаан авах бодит боломж нээгдсэн гэж үзэн янз бүрийн алхам хийж эхэлсэн байна.

Жишээлбэл, есдүгээр сарын сүүлээр Испанийн Га­даад хэргийн сайд Европын холбооны мэргэжилт нэгтнүүд­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­дээ Гибралтарын харьяалалтай холбоотой захидал явуулж. Захидалдаа Их Британийг Европын холбооноос гарахтай холбоотой хэлэлцээ хийхдээ Гибралтарын хойгт Европын холбооны ямар ч эрх өгөхгүй байхыг хүсч. Улмаар Гибралтарын хойгийн талаар Испанийн сонирхлыг тооцоогүй бүх гэрээнд хориг тавина гэж анхааруулсан байна.

Үүнээс гадна Гибралтарын оршин суугчдын 95 хувь нь Европын холбоондоо үлдэнэ гэж саналаа өгсөн тул эхний ээлжинд арлуудыг хамтран захирах эрхийг өгөөд, дараа нь Испанийн мэдэлд бүрэн шилжүүлэх саналыг Британид тавьсан аж. Испанийн мэдэлд орлоо ч Гибралтын оршин суугчид хоёр орны иргэншилтэй байж болно, Испанийн эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхээс гадна Шенгений бүсийн орнууд руу чөлөөтэй гарах эрх эдэлж болно гэжээ. Мөн Гибралтарыг Испанийн бүрэлдэхүүнд автономит эрхтэй байж болно гэсэн амлалт өгсөн.
Британи үүний хариуд харьялагдах улсыг тодорхойлохдоо юуны өмнө гибралтарчуудын хүслийг харгалзан үзнэ гэсэн байна. Харин гибралтарчууд Испанийн мэдэлд орохыг огт хүсэхгүй байгааг олон удаагийн санал асуулга, судалгаа харуулаад байгаа.

Гибралтар нь Испанийн харьяа болбол “татварын диваажин” буюу оффшор бүс байхаа болино гэж эмээж байгаагаас ийм шийдвэр гаргасан гэж судлаачид үзэж.
Гибралтарын хойг нь Пиренейн хойгийн өмнөд хэсэгт ердөө 6,5 км.кв талбай эзлэн байрладаг, 30 мянган хүнтэй атлаа жилдээ долоон сая жуулчин хүлээж авдаг, Испанийн бизнесмэнүүдэд мөнгөө татвараас зугатаалгах боломж гаргаж өгдөг, татвар суутгал бараг байхгүй тул хямд бүтээгдэхүүнээрээ испаничуудыг “даллаж” Испанийн үйлдвэрлэгчдээс худалдан авагчдыг нь булааж авдаг гээд олон “давуу” талтай. Үүнд нь Испанийн эрх баригчид ямагт дургүйцсээр ирсэн.
Испаничууд өөрсдийнх нь харьяанд эргэн ирэхгүй бол энэ бүх давуу талыг нь үгүй болгох арга хэмжээ авч болохыг судлаачид онцолж байна. Тухайлбал, Их Британийг Европын холбооноос гарсан даруй буюу 2020 оноос эхлээд хилийн ба гаалийн хяналт бий болгоно. Ингэснээр хөрөнгө оруулагчид төдийгүй хямд архи, тамхи худалдан авахаар ирдэг хүмүүсийн урсгал эрс татарна. Бүр таагүйтвэл Гибралтар орчмын хилээ бүрэн хааж ч болох гэнэ. Британийг Европын холбооны гишүүн байсан үед иймэрхүү арга хэмжээ авах боломжгүй байсан.

Гэвч гибралтарчууд Испанийн энэ мэт сүрдүүлгийг зүгээр хараад суухыг хүссэнгүй хариу арга хэмжээ авахаар бэлдэж байгаа юм байна. Тэд жуулчдын тоо буурсны хариуд санхүүгийн системээ илүү боловсрнгуй болгох арга хэмжээ авна гэжээ. Сайжруулна гэдэг нь Их Британий харьяа нутаг гэдгээ ашиглан тус улсад бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст давуу боломж гаргаж өгч байх гэнэ. Өөрөөр хэлбэл, компаниуд Гибралтарын арлууд дээр бүртгүүлж, бүртгэлийн хаягаараа зөвшөөрөгдсөн хамгийн бага татвар төлөх хэдий ч газар нутгийнх нь нэг хэсэгт бүртгэлтэй гэдгээрээ Их Британийн зах зээл дээр чөлөөтэй үйл ажиллагаа явуулах давуу эрх эдлэх боломжтой болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан