Т.ЖАНЦАН
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын саалийн үнээ хэмээдэг. Арга ч үгүй биз улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг хамгийн их орлого төвлөрүүлэгч. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч юм. Үүнээс гадна шахааны бизнес гэдэг зүйл цэцэглэж танилтай л бол юуг ч тус үйлдвэрт зарж болдог байв. Жишээ нь тав, зургаан жилийн өмнө таван сая бэлгэвч албан хэрэгцээнд гэж худалдан авсан нь аудитын шалгалтаар илэрч байсан удаатай. Үүнээс гадна сонгуульд ялсан нам нь уг үйлдвэрийн захирлыг томилдог бичигдээгүй хуультай. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эрдэнэт үйлдвэр ялсан намын өмч болж, Улсад орох мөнгө дутуу ордог” гэж хэлсэн байдаг. Энэ бүгд нь “Эрдэнэт” үйлдвэрийг яаж ч саасан болдог амтлаг сүүтэй үнээ гэдгийг улам тодотгоно.
Өнөөдөр сүү сайтай үнээнийхээ 49 хувийг худалдсан асуудлыг шалгаж ёстой л учрыг нь олж хужрыг нь тунгаах “марафон” өрнөөд байгаа юм. Тус үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж байв. ОХУ-ын тал өөрийн хувиа Монголын талд 500 сая ам.доллараар худалдсан.
Харин Монгол Улсын Засгийн газар уг хувийг Худалдаа хөгжлийн банкинд зарсан билээ. Засгийн газраас ажлын хэсэг томилж “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсан асуудлыг шалгасан юм. Энэ шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцуулав.
Ингээд хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна гэсэн дүгнэлт хийжээ. Иймд Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллах шийдвэр гаргалаа. Үүнээс гадна 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх нь. Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг гаргасан. Тэгэхээр хуульд заасан эрхийн дагуу тус банкийг шалгахыг Монголбанкинд уламжлах болсон байна.
Өчигдөр болсон бас нэг үйл явдал нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын хийсэн мэдээлэл байв. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг улс төртэй хутгахгүй байгаасай гэж хүсч байна. Улс орны эдийн засаг, төсөв хүнд байгааг харгалзан үзэж энэ онд төлөх ёстой татвараа урьдчилан төлж ирсэн. Иймд энэ онд 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн юм шиг харагдаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн татварыг Оюутолгойнхтой харьцуулахад өрөөсгөл. Тухайлбал, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 5000 ам.доллараас дээш гарвал Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогынхоо 11-15 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны татварын нэмэлт төлбөрт өгдөг. Харин Оюутолгой Тогтвортой байдлын гэрээний дагуу үүнээс бүрэн чөлөөлөгддөг. Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогын 30-40 хувийг татварт төлдөг бол Оюутолгой 10-11 хувийг өгнө. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдсон тул улс болон ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүнийгээ биелүүлэн ажиллаж байна. ТУЗ өөрчлөгдсөн ч үйлдвэрийг хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлж үр ашгаа дээшлүүлэн ажиллах чиглэл өгсөн. Бидэнд хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн өмнөөс ярих эрх байхгүй. Төрийн эзэмшилд 51 хувь нь хэвээрээ. Төр өөрийн мэдлийн 51 хувийн хувьцаагаа өөрчилсөн мэдээлэл бидэнд ирээгүй. Манай үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлыг шалгах нь үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд хамаагүй асуудал. Үүнийг УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хороо шийдэх эрхтэй” гэж мэдээлэв. “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам “Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрийн ажилчдад халаа сэлгээ хийгдээгүй. Өнөөдөр 6092 ажилчин бий. Оросын 13 ажилчин өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлт тавьж харилцан тохирсны үндсэн дээр ажлаа хүлээлгэн өгсөн. ТУЗ-өөс гурван газар хэлтсийн даргыг шинээр томилсон. Одоо зарим газар хэлтсийг нэгтгэн, өөрчилж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын нөхцөл байдлыг муутгахгүй, хэвийн ажиллах боломжийг хангаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Дашрамд дурдахад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж буй. Үүнийг дагаад тус үйлдвэрийн орлого буурч улсад төлөх татвар буурчээ. Тухайлбал, 2014 онд 440, өнгөрсөн жил 379 тэрбум төгрөгийн татвар улс болон орон нутгийн төсөвт төлсөн аж. Энэ оны эхний найман сарын байдлаар төсөвт 134 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ өнгөрсөн онд 5000 ам.доллар байсан. Харин одоо 4700 ам.доллар болсон. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд сүүлийн гурван жилд үйлдвэрлэлийн өртгөө бууруулах, хэмнэлтийн бодлого баримталж ирсэн гэдэг. Ингээд нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх зардал 3950 ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ энэ хэмжээнд хүртэл унахад ашигтай ажиллаж чадна гэсэн үг юм. Хэмнэлтийн бодлогын үр дүнд сүүлийн гурван жилд 250 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн мэдээлэл бий.
Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлын талаар хэн юу хэлсэн, ямар мэдээлэл хийж байсныг дор өгүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /2016.6.28/
-Ерөнхий сайдын хувьд Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг албан ёсоор зарлаж байна. Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийн 51, ОХУ-ын “Ростех” корпорац 49 хувийг эзэмшиж ирсэн. ОХУ-ын “Ростех” корпорацтай хийсэн хэлцлийн үр дүнд Монгол Улсын Засгийн газар цаашид 51, Монголын компани 49 хувийг нь эзэмших боллоо. Манай талаас Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани 49 хувийг нь эзэмшинэ.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэр олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо манай улсын Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болно. Өмнө нь бид төрийн эзэмшлийн 51 хувийнхаа ногдол ашгийг авч үлдээд, 49 хувийг нь ОХУ-ын “Ростех” корпорацад шилжүүлдэг байсан. Энэ өөрчлөлттэй холбогдуулан асуудлын мөн чанарыг мушгин гуйвуулсан буруу зөрүү мэдээлэл гаргах вий гэдгээс болгоомжилж Ерөнхий сайдын хувиар дараах байр суурийг илэрхийлж байна.Эрдэнэт үйлдвэрийг дагасан нийгмийн бүх байгууламж Монгол Улсын мэдэлд шилжиж ирнэ. Эдгээр байгууламжийн зориулалт өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэгдье. Эзэмшигч өөрчлөгдөж буйтай холбоотойгоор тус үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн байгаа. Данс хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Цаашид ч хэвийн ажиллана. Мөн “Монголросцветмет” хамтарсан үйлдвэр ч ижил зарчмаар Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж байна. 2016 оны зургадугаар сарын 30-наас хэлэлцэн тохирсон хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргана. Энэ асуудлыг ОХУ-ын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн. “Ростех” корпорац энэ хэлцлийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт бичигт “Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар, аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй гэж байр сууриа илэрхийлсэн” тул Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт”-ийг 100 хувь үндэснийх байлгахын тулд “Ростех” болон Монголын компанийн саналыг зөвшөөрөхөө илэрхийлсэн. Хэн нэг гуравдагч этгээдийг энд оролцохыг хориглосон гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Санхүүгийн болон элдэв төлбөр тооцооны асуудалд оролцохгүй. Монгол Улсын компани өөрийнхөө 49 хувийг худалдах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхэлж зарна. Энэ хэлэлцээ дуусахаар Засгийн газар асуудлыг УИХ-д танилцуулах болно. Ийнхүү үе үеийн Засгийн газар, монголчуудын хүсч тэмүүлж байсан энэ асуудал биелэх боломжтой боллоо. Эцэст нь улс үндэсний эрх ашиг, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогоороо монголчууд бид нам харгалзахгүй нэг бодлоготой байх ёстой гэдгийг Ерөнхий сайдын хувьд сануулж байна гэсэн билээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж /2016.09.29/
-Сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг “Монголын зэс” компани худалдаж авсан. Гэвч байдал учир битүүлэг хэвээрээ байна. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татлаа.
ТУЗ-ийн хурал зургаадугаар сарын 27-ны өдөр болж дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон. ТУЗ-ийн зургаан гишүүнийг соливол даргын саналыг авна гэжээ. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байх юм. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Өнөөдөр ТУЗ-ийн дарга гэдэг хүн ойлгомжгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Б.Шинэбаатар гэдэг хүн долдугаар сард өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар томилсон байна.
Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад “Эрдэнэт” үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга бий. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй.
Гуравдугаарт, энэ бүх ажиллагааны ард ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байгаа. Тэр Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. “Эрдэнэт” үйлдвэр тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан дүр зураг харагддаг. Худалдаа Хөгжлийн банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой. 2010 онд МУИС-ийн хуулийн анги төгсч, Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтэст ажиллаж байсан Пүрэвтүвшин гэдэг хүн “Монголын зэс” компанийн Ерөнхий захирлаар томилогдож, 49 хувийг худалдаж авах ажиллагааг хийсэн. Энэ хүн ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн 2007 онд байгуулсан компанийн хуулийн зөвлөхөөр давхар ажилладаг гэсэн мэдээлэл хийсэн юм.
Сангийн сайд асан Б.Болор /2016.10.03/
-Энд нэг зүйлийг хамгийн түрүүнд тодруулж хэлэхэд ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувийг Монголын компанид худалдсан. Оростой хийж байсан хэлэлцээрээр үе үеийн Засгийн газар үүнийг л Оросын талаас хүсдэг байсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч олон жил Засгийн газрын гишүүнээр ажилласан хүний хувьд үүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ миний бие Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүнийхээ хувьд нэлээд дотно байдаг. Мөн үе үе уулзаж, санал бодлоо солилцдог хүний хувьд гишүүн уг асуудлаар тодруулга хүсч, эргэлзээгээ тайлах гэж байгаа нь зүйн хэрэг гэж бодож байна.
“Эрдэнэт” өнөөдөр 100 хувь үндэсний үйлдвэр болсноор Монгол Улсын хуульд захирагдаж ажиллах болно. Тушаал гаргасан асуудлын хувьд бол “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн 49 хувь худалдагдлаа гэсний дараа ТУЗ-д өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага гарсан. Засгийн газрын шийдвэрийг үндэслэж тушаал гарсан байгаа. Монгол Улсад 51 хувийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь бий. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр зуун хувь үндэсний үйлдвэр болсноор Монгол Улсын хуульд захиргадан ажиллана. Дэлхийн болон үндэсний томоохон компаниудын жишгээр ТУЗ-ийн дарга нь цөөнх эсвэл хараат бус гишүүнээр сонгогдсон байдаг. Харин гүйцэтгэх удирдлага бол олонхиос томилогдох учиртай. Өнөөдөр төрөөс томилогдсон гүйцэтгэх удирдлага болох Ц.Даваацэрэн захирал ажлаа хийж л байгаа. Харин шинэ засаг өөр бодолтой байгаа бол дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй. Үүнийг надаар хэлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Татвар төлөлтийн хувьд бол ОХУ 49 хувиа Монголд худалдсанаар татвар төлөлт буурна гэж байхгүй. Тэгээд ч хоёрхон сарын дотор татвар төлөлт буурлаа гэж дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр үе үеийн улстөрчдийн “шахаа”-ны бизнес хийдэг компани болсон байсныг бүгд ярьдаг, бичдэг. Харин одоо бол энэ байдал нэлээд хумигдах, улмаар бүр мөсөн арилах боломжтой болж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр илүү зардалгүй ажилласнаараа 51 хувийг эзэмшдэг улсдаа ч ашигтай, 49 хувь эзэмшдэг хэсэгтээ ч ашигтай шүү дээ. Хамгийн сүүлд хийсэн шалгалтаар бэлгэвч хүртэл шахаж байсан нь илэрсэн байдаг. Энэ бүх зүйл сүүлийн 20 гаруй жил арай л хэтэрсэн байсан гэж өөрийн байр сууриа цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн юм.