Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл хийв


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын саалийн үнээ хэмээдэг. Арга ч үгүй биз улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг хамгийн их орлого төвлөрүүлэгч. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч юм.
Үүнээс гадна сонгуульд ялсан нам нь уг үйлдвэрийн захирлыг томилдог бичигдээгүй хуультай. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эрдэнэт үйлдвэр ялсан намын өмч болж, Улсад орох мөнгө дутуу ордог” гэж хэлсэн байдаг. Энэ бүгд нь “Эрдэнэт” үйлдвэрийг яаж ч саасан болдог амтлаг сүүтэй үнээ гэдгийг улам тодотгоно.

Өнөөдөр сүү сайтай үнээнийхээ 49 хувийг худалдсан асуудлыг шалгаж ёстой л учрыг нь олж хужрыг нь тунгаах “марафон” өрнөөд байгаа юм. Тус үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж байв. Гэтэл УИХ-ын сонгуулийн өмнөхөн ОХУ-ын тал өөрийн хувиа Монголын талд 500 сая ам.доллараар худалдсан.

Харин Монгол Улсын Засгийн газар уг хувийг Худалдаа хөгжлийн банкинд зарсан билээ. Засгийн газраас ажлын хэсэг томилж “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсан асуудлыг шалгасан юм. Энэ шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцуулав.
Ингээд  хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна гэсэн дүгнэлт хийжээ. Иймд Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллах шийдвэр гаргалаа. Үүнээс гадна 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх нь. Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг  гаргасан. Тэгэхээр хуульд заасан эрхийн дагуу тус банкийг шалгахыг Монголбанкинд уламжлах болсон байна.

Өчигдөр болсон бас нэг үйл явдал нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын хийсэн мэдээлэл байв. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг улс төртэй хутгахгүй байгаасай гэж хүсч байна. Улс орны эдийн засаг, төсөв хүнд байгааг харгалзан үзэж энэ онд төлөх ёстой татвараа урьдчилан төлж ирсэн. Иймд энэ онд 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн юм шиг харагдаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн татварыг Оюутолгойнхтой харьцуулахад өрөөсгөл. Тухайлбал, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 5000 ам.доллараас дээш гарвал Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогынхоо 11-15 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны татварын нэмэлт төлбөрт өгдөг. Харин Оюутолгой Тогтвортой байдлын гэрээний дагуу үүнээс бүрэн чөлөөлөгддөг. Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогын 30-40 хувийг татварт төлдөг бол Оюутолгой 10-11 хувийг өгнө. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдсон тул улс болон ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүнийгээ биелүүлэн ажиллаж байна. ТУЗ өөрчлөгдсөн ч үйлдвэрийг хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлж үр ашгаа дээшлүүлэн ажиллах чиглэл өгсөн.  Бидэнд хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн өмнөөс ярих эрх байхгүй. Төрийн эзэмшилд 51 хувь нь хэвээрээ. Төр өөрийн мэдлийн 51 хувийн хувьцаагаа өөрчилсөн мэдээлэл бидэнд ирээгүй. Манай үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлыг шалгах нь үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд хамаагүй асуудал. Үүнийг УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хороо шийдэх эрхтэй” гэж мэдээлэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам “Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрийн ажилчдад халаа сэлгээ хийгдээгүй. Өнөөдөр 6092 ажилчин бий. Оросын 13 ажилчин өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлт тавьж харилцан тохирсны үндсэн дээр ажлаа хүлээлгэн өгсөн. ТУЗ-өөс гурван газар хэлтсийн даргыг шинээр томилсон. Одоо зарим газар хэлтсийг нэгтгэн, өөрчилж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын нөхцөл байдлыг муутгахгүй, хэвийн ажиллах боломжийг хангаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Дашрамд дурдахад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж буй. Үүнийг дагаад тус үйлдвэрийн орлого буурч улсад төлөх татвар буурчээ. Тухайлбал, 2014 онд 440, өнгөрсөн жил 379 тэрбум төгрөгийн татвар улс болон орон нутгийн төсөвт төлсөн аж. Энэ оны эхний найман сарын байдлаар төсөвт 134 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ өнгөрсөн онд 5000 ам.доллар байсан. Харин одоо 4700 ам.доллар болсон.  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд сүүлийн гурван жилд үйлдвэрлэлийн өртгөө бууруулах, хэмнэлтийн бодлого баримталж ирсэн гэдэг. Ингээд нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх зардал 3950 ам.доллар болжээ.  Өөрөөр хэлбэл зэсийн үнэ энэ хэмжээнд хүртэл унахад ашигтай ажиллаж чадна гэсэн үг юм. Хэмнэлтийн бодлогын үр дүнд сүүлийн гурван жилд 250 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн мэдээлэл бий.

0 Сэтгэгдэл
номтойбаярыг залуу хүний хувьд дэмжиж байсан юмсан худлаа байжээ ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн худлаа байж ганц ч төгрөг нэмсэнгүй
номтойбаярыг залуу хүний хувьд дэмжиж байсан юмсан худлаа байжээ ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн худлаа байж ганц ч төгрөг нэмсэнгүй
Хамгийн их уншсан