Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ Сирийн асуудлаар Оростой хамтран ажиллахаа болив


Алеппо хотын орчим болж байгаа тулааны улмаас Америк нь цаашид Сирийн асуудлаар ОХУ-тай хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Америкчууд Оросын талыг өмнө нь байгуулсан энхий хэлэлцээрээ дагаж мөрдөхийг хүсэхгүй байна гэж буруутгав.

Үүний хариуд Оросын талаас америкчууд энхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болмогц хариуцлагаас мултрахын тулд хамтран ажиллахаас татгалзаж байна гэж тайлбарлав. Харилцан шүүмжлэл, зэмлэл үүгээр дуссангүй. АНУ ба ОХУ нь Сирид “Лалын улс”-ын эсрэг хэн нь хамгийн сайн дайтаж байгаа тухай маргаан өрнүүлэв. Америкчууд Сирид өөрийн удирдаж байгаа эвслийн хүчний гаргасан ялалтыг Оросын тал өөрсдийн мэт харуулж байна гэж дургуйцсэн бол Оросууд яг адил хариу барилаа.

Америк нэгэнт л Сирийн асуудлаар Оростой хамтрахгүй гэж байгаа тул цаашид Башар Асадын армийн эсрэг дангаар агаараас цохилт өгөх гэх мэт арга хэмжээ явуулж болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Үүнтэй зэрэгцээд Оросын тал нь Америктай байгуулаад байсан цөмийн зэвсгийн плутонийг аюулгүй болгох хөтөлбөрийг зогсоож байгаагаа мэдэгдэв. Америкчуудыг хүссэн үедээ Оросын эсрэг хориг арга хэмжээ авч шахалт үзүүлэн, ямагт хүчний талаас асуудалд ханддаг атлаа өөрсдөдөө ашигтай гэж үзсэн салбаруудад хамтран ажиллаад байгаа гаж байдлыг цаашид үргэлжлүүлэх хүсэлгүй байна гэсэн тайлбар оросууд өгч байна. Тухайлбал, Оросын цөмийн салбарын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авсан ч цөмийн зэвсгийн плутонийг аюулгүй болгох хөтөлбөрөө үргэлжлүүлсэн. Шаардлагатай үед ахиад цөмийн зэвсэгт ашиглах боломжтой плутонийг оросууд устгах нь Америкт ашигтай байсан гэнэ.

Цаашилбал, Оросын аж үйлдвэрлэлийн олон салбарын эсрэг хориг арга хэмжээ авсан атлаа “Боинг” компанид онц шаардлагатай титаныг нийлүүлэхийг нь хориогүй. Зэвсэглэлийн салбарт хориг тавьсан ч Афганистанд нисдэг тэрэг нийлүүлэх, засвар үйлчилгээ хийхийг нь зөвшөөрсөн. Учир нь, Америкийн нисдэг тэргийг Афганистанд нийлүүлэх нь нэгд зардал ихтэй, нисгэгч бэлдэхэд хугацаа их зарна, Америкийн технологийг гуравдагч улсад алдах эрсдэлтэй гэж үзсэн байдаг. Харин Оросын нисдэг тэрэг нь энгийн, Афганистанд ашиглаж байсан туршлагатай, ашиглалтын зардал багатай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан