Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн алдагдал бодлогын хүүд “бяр” нэмнэ


Эдийн засгийн хямрал туйлдаа хүрч буйг судлаачид төдийгүй энгийн нэгэн ч хэлждэг болж. Учир нь, эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд эерэг бус сөрөг утга заах болсныг онцолж буй. Тухайлбал, хоёр оронтой тоогоор өсч байсан эдийн засгийн өсөлт энэ жил 1.4 хувьтай боллоо. Энэ уналтын гол шалтгаан нь ердөө л төрийн эрх баригчдын хэт үрэлгэн зан, түүхий эдийн үнийн уналт байв. Иймд эхний ээлжинд хэт данхайсан төсвөө танах, мөнгөний бодлогоо суллах ёстой гэсэн зөвлөгөөг эдийн засагч, судлаачид өгч байгаа.

Төсвийн алдагдал өнгөрсөн онд 600 гаруй тэрбум төгрөг болсон. Тэгвэл энэ оны наймдугаар сард 1.8 их наяд төгрөгт хүрсэн нь түгшүүрийн дохио асаасан. УИХ-ын намрын чуулганаар төсөв, мөнгөний бодлого ирэх онд ямар байдлаар хэрэгжихийг гол нь хэлэлцэж шийдэх юм. АХБ, Дэлхийн банкны болон бусад эдийн засагч, судлаачид төр зардлаа бууруулж төсвөө танах хэрэгтэй. Хямралыг сөрөх бодлого эндээс эхэлнэ. Дараа нь мөнгөний бодлогоо зөөллөж бизнесийг дэмжих ёстой хэмээн зөвлөж байгаа.

Төгрөгийн ханш сул байх нь муу зүйл биш

Эдийн засагчид Монголбанк бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөж, 15 хувьд хүргэсэнд шүүмжлэлтэй хандаж буй. Учир нь, төв банкны энэ алхам нь богино хугацааны эрсдэлийг шийдэхээс хэтрэхгүй. Алс хэтдээ бизнесүүд, иргэдийн худалдан авалтыг улам бууруулж,  эдийн засгийн өсөлтөө боомилно гэдэг. Эдийн засгийн өсөлтөд томоохон байр суурь эзэлдэг нэг хүчин зүйл нь иргэдийн хэрэглээ. Гэтэл энэ онд иргэдийн хэрэглээ 10.6 хувиар буурсан. Иймд эдийн засгийн өсөлт унах гол шалтгааны нэг болсон юм.

 Он гарснаас хойш эхний долоон сарын хугацаанд Монголбанк валютын захад 57 удаагийн дуудлага худалдаагаар 589 сая ам.доллар, 796 сая юань нийлүүлсэн. Гэвч валютын ханшийг тогтворжуулж дийлээгүй. Иргэд төгрөгт бус гадаад валютад шүтэх байдал давамгайлж байлаа. Жишээ нь, наймдугаар сарын эхний 15 хоногт арилжааны банк дахь гадаад валютын хадгаламж 70 гаруй сая ам.доллараар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 140 гаруй тэрбум төгрөг ам.доллар болон хөрвөсөн гэсэн үг. Валютын ханш огцом өссөнийг эдийн засаг суларсныг ашиглаж хэсэг бүлэг хүмүүс, арилжааны банкуудын гаргасан “тоглоом” хэмээн тайлбарлаж болно.  Жишээ нь, нэг ам.долларын ханш хоёр долоо хоногт 200 төгрөгөөр өссөн. Иймд нэг сая ам.доллараар уг тоглоомд оролцогч 200 саяын ашиг хүртсэн тооцоо гарна.  Ингээд валютын ханшийн зөрүүнээс ашиг хийх сонирхол улам газар авч цаашид ам.доллар өснө гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байв.

Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ түс хийтэл нь огцом өсгөж, ханшийн тоглоомыг хаасан. Үүний үр дүн гарч ам.долларын ханш 2200 орчим төгрөгт тогтсон гэж эдийн засагчид үзэж байна. Гэвч мөнгөний энэ хатуу бодлого нь цаашид явуургүй гэдэгт санал нэгдэж байгаа юм. Учир нь бодлогын хүү өсөхөд арилжааны банкуудад эргэлдэж буй 23 их наяд төгрөгийн 30 орчим хувь нь Төв банкны авдарт орж түгжигддэг . Нэг ёсондоо 100 төгрөг тутмын 85 нь Монголбанкинд үлддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасч, эрэлт буурна. 

Уг нь, төгрөгийн ханш сул байна гэдэг нь тийм ч муу зүйл биш. Монголбанкнаас хийсэн судалгаагаар төгрөгийн бодит ханш нэг хувиар сулрах нь урт хугацаанд гадаад худалдааны тэнцлийг 8.6 хувиар сайжруулдаг  нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр өндөр үнэтэй импортын бараанаас илүү дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иргэд сонгодог  байна. Товчхондоо бидний яриад, хүсээд байдаг үндэсний үйлдвэрлэлээ жинхэнэ утгаар нь дэмжинэ гэсэн үг. Гэтэл зах зээлд эргэлдэж, эдийн засагт өсөлт, үр ашиг бий болгох ёстой санхүүжилтийн мөнгийг Монголбанк авдартаа хийгээд цоожилчихлоо.  Энэ цоож онгойтол өсөлт нь саарч, царцсан эдийн засаг улам хөлдөх ирээдүй хүлээж байна. Ихэнх эдийн засагчид “Монголбанк ханшийн өсөлтийг нам зогсоож зорилгодоо хүрсэн. Одоо мөнгөний зөөлөн бодлого даруй хэрэгжүүлэх байх” хэмээн харж буйгаа илэрхийлсээр.

Хасагдсан бус алдагдал нь нэмэгдсэн төсөв

Төв банкны бодлогын хүү өсөх, буурах эсэх нь өнөөдөр улсын төсөвөөс шалтгаална. Учир нь, улсын төсөв тэлсэн, зардал, алдагдал нь өндөр үед төв банк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нөхцөлгүй юм. Харамсалтай нь , эрх баригчид бүсээ чангалъя, хэмнэе гэж тоть шиг давтан уриалж байгаа ч өөрсдөө манлайлж тансаглалаасаа татгалзаж чадахгүй байна. Тэд  зардал, алдагдал нь өндөр улсын төсвөө танах сонирхол одоогоор алга гэдэг нь тодорхой. Ердөө хасах танах зарлагад хүүхдийн мөнгө, оюутны автобусны мөнгө төдийгөөр хязгаарлагдаад байгаа нь харамсалтай.

Засгийн газар ирэх жилийн төсвөө 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг зарлав. Уг алдагдлыг ОУВС-аас авахаар ярьж байгаа 1-1.5 тэрбум ам.доллараар хаах, өр төлөх бодол эрх баригчдад байгаа бололтой. Хэрэв ирэх жилийн төсвийн алдагдал дээрх байдлаар батлагдвал Төв банкны бодлогын хүү буурах бус өсөх магадлал өндөрсөнө. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сэргэх бус улам л доройтох тал руу хандах нь. Улсын төсвийн орлого, тусламжийн дүн энэ оны наймдугаар сарын байдлаар  3.5 их наяд гаруй төгрөг. Харин зарлага ба эргэж төлөгдөх зээлийн хэмжээ нь 5.3 их наяд төгрөг гэсэн тооцоо гарсан. Эндээс үзэхэд улсын төсвийн нийт зарлага 1.2 их наяд төгрөгөөр өсчээ.

Ийнхүү зарлага өсөхөд бараа, үйлчилгээ, зээлийн төлбөр, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл нэмэгдсэн нь нөлөөлсөн. Гэтэл улсын төсвийн орлого нь 18 хувиар тасарсан дүн бий. Иймд эдийн засгийн гадаад, дотоод эрсдэл орлого, зарлагаа сайтар тооцож бодит төсөв батлах нь чухал юм. Чухам үүнийг л эдийн засагчид, судлаачид дахин дахин хэлээд байна.

Манай улсын төсөв, төлбөрийн тэнцэл хоёул алдагдалтай гарч буй. Төлбөрийн тэнцэл гэдэг нь тухайн улсын гадаад, дотоодод хийсэн худалдаа, үйлчилгээ, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн гаргасан тайлан юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан дүр зураг бий ч үүнийг импортын хэмжээ бага байгаатай холбон тайлбарлаж байгаа. Хэрэв уул уурхайн томоохон компаниудын нөлөөг төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээс хасч тооцвол хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 186  сая ам.доллараар нэмэгдэх тооцоо байна. Гэвч  урсгал дансны алдагдал 501  сая ам.доллараар өсчээ. Иймд  энэ онд нийт төлбөрийн тэнцлийн алдагдал 355  сая ам.доллар болох урьдчилсан тооцоо гарлаа.

Тэгэхээр дээрх хоёр алдагдал их гарах нь муугийн дохио хэмээн эдийн засагчид анхааруулж байна. Уг байдал удаан үргэлжилбэл эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдаж хямралыг улам гааруулах аюултай гэдэг. Үүнээс гарах ганц арга нь улсын төсвийн зардлаа  танах явдал.

Улсын төсвийн дутаж байгаа мөнгийг олохын тулд Засгийн газар он дуустал 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргах тооцоо гарчээ. Гэтэл арилжааны банкуудын Засгийн газрын үнэт цаас худалдан авах боломжтой хэмжээ нь 800 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр алга. Боломжит хувилбар нь нэмж өр тавих. Гэвч төсвийн сахилга батгүй, муу төлөвлөлт хийж, эдийн засгийн тогтворгүй байдалд хүрч өрийн хямралд нэрвэгдсэн гашуун сургамж бэлээхэн бий. Энэ бол Грек, Зимбабве улс. Манай улсын эдийн засгийн хямралын эхлэл нь улсын төсөв хэт данхайж, олсон мөнгөө баруун солгойгүй цацаж байсанд бий гэдгийг хүн бүр мэдэх болсон.

Монгол Улсын төсвийн алдагдал үргэлжилж, улсын өрийн хэмжээ одоогийн өндөр түвшнээсээ нэмэгдэх аюултай.  Дээрх улсуудын адил эдийн засгийн тогтвортой байдлаа алдагдуулж, хямралын шаварт улам гүн шигдэх  эрсдэл өндөр юм. Тэгэхээр төсвийн орлого, зарлагаа чамбай тооцож, аль болох алдагдал бага батлах ёстойг энэ цаг үе шаардаж байна. Харин манай улсын эрх баригчдаас  эрх ямбаасаа бага ч атугай татгалзаж төсвийн зардлаа танах зориг зүрх, санал санаачлага гарахгүй бололтой.

Хэрвээ танавал хүүхдийн мөнгө гээд л эхлэх нь тодорхой. Дээр нь оюутаны 70 мянган төгрөгийг хасна гээд л хөвөрнө. Уг нь хүүхдийн мөнгөтэй барьцаж байхын оронд тэвчиж болох зардал захаас аваад бий. Тухайлбал, төрийн байгууллагуудын дарга нар, УИХ-ын гишүүд бүгд л том том жипнүүд хөлөглөдөг. Тэдний унаа, утасны зардалыг хасвал тэрбум орчим төгрөг гараад ирэх тооцоо ч байдаг. Мөн бичиг хэргийн зардал, үр ашиг муутай, гадаад, дотоод томилолт, хуулийн зөвлөгөө, ширээ сандал, техник хэрэгсэлийн шинэчлэл, барилгын засвар гээд нэг, хоёр жилдээ хасч болох зардал мундахгүй. Гэвч эрх баригчид танахыг хүсэхгүй байгаа тул төсвийн алдагдал харин ч өсөх тооцоо гараад байна. Ам нь хэмнэе гэвч хуруу нь эсрэг хөдөлж байгаа юм. Тэгэхээр харганы ноос түүж эсгий хийх үлгэрийн биелэлтийг  тэднээс харж болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан