Б.БАДРАЛ
Сирийн иргэний дайнд, бүр тодруулбал Алеппо хотын орчим явагдаж байгаа тулаан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдвийн нэг болоод байна. Сирийн Засгийн газрын армийнхан Оросын байлдааны онгоцын тусламжтайгаар Алеппо хотод алан хядагч “Ан Нусра” бүлэглэлийн ихээхэн хүчийг бүслэн агаар болон газраас тасралтгүй дайрч байгаа. Гэвч америкчууд нь оросуудыг сөрөг хүчнийхэн ба энгийн иргэдийг бөмбөгдөж байна гэж буруутгасаар. Хамгийн сүүлд гэхэд энгийн иргэдийн эсрэг ашиглах хориотой онцгой хүчтэй бөмбөг хаяж, хоёр эмнэлэг устгалаа гэж буруутгав. Оросууд хариуд нь америкчуудыг гомдол мэдүүлж, мэдээллийн хэрэгслээр буруутгахын тулд санаатайгаар алан хядагч ба сөрөг хүчний бүлэглэлүүдийн байрлалыг тодорхойлохоос татгалзаж байна гэж буруутгаж байна. Энэ мэтээр талууд бие биенээ харилцан буруутгасаар байгаа тул сүүлдээ аль талын сайд, НҮБ дахь төлөөлөгч, агентлаг, мэдээллийн хэрэгсэл нь үнэн зөв мэдээлээд байгааг ч ойлгож тодорхойлох аргагүй боллоо.
“Лалын улс”-ын холбоотон бүлэглэлээс Сирийн хамгийн том хотыг чөлөөлж байвал уг нь сайн баймаар. Тэгээд ч бүгд л “Ан Нусра”, “Лалын улс” гэх мэт алан хядагч бүлэглэлүүдийг эсэргүүцэж байгаа гэж буй. Гэвч үнэн хэрэг дээрээ их гүрнүүд Сирийн ард түмний бодит хүсэл зорилгоос гадуур өөрсдийн эрх ашгийг хөөцөлдөж байгаагаас ийм ээдрээ үүссэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Их гүрнүүдийн зорилго
Оросууд өөрийн холбоотноо хэзээ ч хаядаггүй улс гэдгээ харуулж Зөвлөлтийг сүйрсний дараа алдаад байсан их гүрэн гэсэн статусаа сэргээх, Америк дангаараа бөмбөгдөөд асуудлыг хүчээр шийддэг үе өнгөрсөн гэж харуулахыг хүсч байгаа. Шаардлагатай гэж үзвэл холбоотнуудаа дэмжихийн тулд цэрэг, зэвсгээ дайчилж чаддаг гэдгээ улс орнуудад харуулж байна. Иймээс тэд Башар Асадыг боломжтой бүх л аргаар дэмжих болно. Башар Асад солигдлоо ч өөрийн талыг нь баримтлагч хүчнийг Засгийн эрхэнд гаргах замаар Сири болон бүс нутаг дахь улс төр ба цэргийн нөлөөгөө хадгалан үлдэхийг хүсч байгаа. Мөн Сирид зэвсгийн хүчээ харуулснаар Украин, Крымийн хойгтой холбоотой шалтаг зааж зэвсэгт мөргөлдөөн эхлүүлээд дэмий гэдгийг АНУ ба НАТО-д маш сайн ойлгуулах чухал зорилготой.
Америкчууд дэлхийн цорын ганц их гүрэн хэвээр гэдгээ харуулах, өөртэй нь сөргөөцөлдөөд сайн юм хэзээ ч болохгүй гэдгийг улс орны удирдагч нарт харуулах гэж чармайж буй. Тус бүс нутагт төдийгүй боломжтой бүх л газар Оросын нөлөөг үгүй хийх, ахин их гүрэн гэж хамраа сөхөх боломжгүй болтол нь нэр хүндийг нь унагах зорилготой. Ардчилалын төлөө гэсэн туг далбаатай холбоотнуудаа ямар ч үнээр хамаагүй дэмжиж чаддаг гэдгээ харуулахыг хүсч байгаа. Сербийн Слободан Милошевич, Иракийн Саддам Хуссейн, Египетийн Хосни Мубарак, Тунисын Бен Али, Ливийн Муаммар Каддафи, Йемений Али Абдалла Салех гэх мэт дарангуйлагчдын дараа Сирийн Башар Асадыг унагаад дэлхий даяар ардчилалыг тогтоогч гэсэн имижээ улам бэхжүүлж Хойд Солонгосоос эхлээд Беларусь, Туркменистан, Иран хүртэл улсуудад анхааруулга өгөх зорилготой. Асадыг унагасны дараа нь өөртөө үнэнч хүчнээс бүрдсэн шинэ Засгийн газар байгуулах, Ираны нөлөөг багасгах гэх мэт олон зорилго тавиад байгаа.
Товчхон хэлвэл энэ хоёрт Сирийн дайнд хэн ялах нь хамаагүй гол нь өөрсдийн дэлхий дахин болон бүс нутаг дахь байр сууриа батжуулахыг хүсч байна. Сирид хамгийн гол нь тэдний талыг баримтлагчид л дангаар Засгийн эрхэнд гарч үлдэх ёстой. Тэр болтол нэлээд хэдэн жил болохыг тааж хэлэхэд хэцүү. Гэхдээ гайхалтай зүйл болж Орос Америк хоёр өөр өөрийн талыг баримтлагчдаас бүрдсэн эвслийн Засгийн газар байгуулж алан хядагчдын идэвхийг Сирид дарлаа гэхэд ард нь бүр ч ээдрээтэй олон асуудал гараад ирнэ. Гарч ирэх ч гэж дээ одоогоор Сирийн иргэний дайн, Алеппогийн тулаанаас болоод анхаарлын гадна үлдээд байгаа хэрэг.
Асуудлууд
Наад зах нь “Лалын улс” ба түүний талыг баримтлагчид Ирак, Ливи, Ливан, Афганистан, Пакистан, Йемень, Нигери гэсэн улсуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашилбал “Лалын улс” бүлэглэлийг исламын шашны суннит урсгалынхан бүрдүүлдэг гэдэгт асуудлын гол нь оршиж байна гэж судлаачид үзжээ. Иракийн дайны дараагаар шиит урсгалынхан төр засаг, арми, цагдаа, тусгай албадад голлох үүрэг гүйцэтгэж байсан суннитуудаа халж, нүд үзүүрлэх болсон нь “Лалын улс” бүлэглэл үүсэх гол түлхэц болсон. Тэгэхээр тэд Сирид ялж чаддаггүй юм гэхэд Иракт байр сууриа эргүүлэн авахаар тэмцсээр байх болно.
Шиит ба суннит хоорондын зөрчил Саудын Арави, Куйвет, Арабын Нэгдсэн Эмират гээд газрын тосоор баялаг улс болгонд байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар шиитүүд нь газрын тосоор хамгийн баялаг нутагт суурьшиж ирсэн байдаг ч ямагт нүд үзүүрлэгддэг, эрхгүй хүмүүс.
Суннитуудыг Саудын Арави дэмжиж, шиитүүдийг Иран дэмжиж байгаа цагт энэ тэмцэл тийм ч амар намжихгүй. Энэ хоёр улс бүс нутагтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн төлөө ил далд тэмцээд удаж байгаа. Цаашид ч өрсөлдсөөр л байна. Наад захын жишээ нь Йеменьд Ираны дэмжлэгийг авч байгаа шиит босогчид ба Саудын Арабын дэмжиж байгааг суннит урсгалыг дагагч Засгийн газар хоорондын дайн. Саудын Араб нь өөрийн хүмүүсийг дэмжихээр Йеменийг бөмбөгдөж, цэргээ оруулсан ч амжилтад хүрээгүй. Хамгийн сүүлийн мэдээгээр хуситууд нь Саудын Арабын байлдааны онгоцыг пуужингаар буудаж живүүлсэн байх юм.
Дараагийн нэг асуудал нь курдууд. Туркт 18-20 сая, Иранд 8-10 сая, Иракт 5 сая, Сирид 1,5 сая курд үндэстэн амьдарч байна. Хамгийн гол нь тэд эдгээр улсууд руу нүүгээгүй, цагаачлаагүй бүгд уугуул нутагтаа амьдарч байгаа тул тусгаар улс болохын төлөө тасралтгүй тэмцэж, дайтсаар ирсэн одоо ч дайтсаар. Сирид гэхэд л курдууд өөрийгөө хамгаалах хүчин буюу “пешмерга” нэртэй зэвсэгт бүлгүүд байгуулж “Лалын улс”, сөрөг хүчин ба засгийн газрын армитай амжилттай тэмцэж байна. Тэд Сирид тусгаар улс биш юм гэхэд автономитой болохыг хүсдэг. Туркийн курдууд “Курдын ажилчны нам” нэртэй нам байгуулж салан тусгаарлахаар олон жил байлдаж байна. Иракийн курдууд 2003 оны дараа де факто тусгаар улс байгуулж чадсан. Газар газрын курдууд нэгэндээ идэвхтэй дэмжлэг үзүүлдэг тул Сири ба Иракт автономитой болж чадвал Туркт байгаа угсаа нэгтнүүдээ дэмжинэ гээд ээдрээ олон. Ирак ба Сирийн курдууд газрын тосоор хамгийн баялаг бүс нутгийг хянадаг гэвэл ээдрээ бүр ч их болно. Энэ болгон дээр их гүрнүүдийн ашиг хонжоо орж ирнэ.
Энэ мэт шашин, яс үндэс, газрын баялагтай холбоотой ээдрээ зөрчил их байгаа тул Хойд Африк, Ойрхи Дорнод нь ойрын хэдэн жилдээ л дэлхийн хамгийн халуун цэг байсаар байх бололтой.