Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2010 оны энэ өдөр Японы нийслэл Токио хотын Кокугикан ордонд зодог тайлсан юм. Японы сүмогийн холбооноос зохион байгуулсан их аваргын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очсон бол Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос түүний найз нөхөд, хүндэт зочид нь уригдан очсон байдаг.
Арлын орны үндэсний спортоор хичээллэж, нэгэн үе сүмогийн дэвжээг эзэгнэж байсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж албан ёсоор сүмогийн ертөнцийг орхихдоо хамгийн сүүлд дэвжээгээ үнсээд “Миний цээжинд хоёр зүрх цохилж байна. Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна” хэмээж байсан удаатай. Тэрээр 1999 оны нэгдүгээр сард сүмогийн ертөнцөд хөл тавьж, 2003 онд Ёкозүна цол хүртэж, сүмогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зиндаанд нийт 669 даваа авч байсан юм. Мөн Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртсэн амжилтаараа сүмогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгддэг билээ.