Америк тэргүүтэй өрнөдийн орнууд сүүлийн жилүүдэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг өргөн ашиглах болсон. Дроныг тагнуулын нислэг хийх, хяналт тавих ба агаараас цохилт өгөхөд ашиглаж байгаа. Ирак, Афганистан, Ливи, Сирид болж байгаа үйл явдал дрон ашиглах нь эсрэг талд хөнөөл учруулах чадвараараа ердийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцноос дутахгүй болохыг харуулж байна. Иймд өрнө дахинтай сөргөлддөг улс орнууд дрон эсэргүүцэх техник, технологио хөгжүүлэх, өөрсдөө дрон барихад онцгой анхаарах болсон.
Жишээлбэл, Ираны Цэргийн нисэх хүчнийхэн америкчуудаас олзолсон “RQ-170 Sentinel” дроны зургийг байршуулж өөрсдийгөө ийм төрлийн зэвсгээс хамгаалах чадвартай гэдгээ харуулав. Батлагдаагүй мэдээгээр Америкийн “RQ-170 Sentinel” дроныг 2011 онд Ираны агаарын хилийг зөрчсөний дараагаар тусгай техник ашиглан өөрийн удирдлагадаа оруулж, бүрэн бүтнээр газардуулж олзолсон. Үүнээс гадна Америкийн “MQ-1C”, Израйлийн “Hermes 450” дронуудын зургийг харуулсан байна. Энэ хоёр дроныг 2014 онд хил зөрчсөний дараа Ираны сөнөөгч онгоцууд унагаасан аж. Үүнээс гадна иранчууд өөрсдийн үйлдвэрлэсэн “Саегэ” нэртэй дроны зургийг харуулсан байна. Энэ дроны гадаад байдал нь Америкийн “RQ-170 Sentinel”-тай маш адил тул 2011 онд олзолж авсан дроныг ашиглан өөрийн болгож үйлдвэрлэсэн гэж шинжээчид үздэг.