Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг Пакистан хоёр дайтаж магадгүй


Б.БАДРАЛ

Есдүгээр сарын 29-ний шөнө Энэтхэгийн зэвсэгт хүчнийхэн Пакистаны нутаг дээрх бай руу довтолж, пакистанчууд их буугаар хариу буудсан хэрэг гарлаа. Энэ хоёр улс нэг бус удаа дайтаж байсан, одоо ч харилцаа нь сайнгүй тул иймэрхүү зэвсэгт мөргөлдөөн гарсанд гайхах зүйлгүй мэт. Гэвч энэ хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй, бүс нутгийнхаа геополитикийн том тоглогчдын нэг тул хил орчмын жижиг мөргөлдөөн яах ийхийн зуургүй цөмийн дайн болж хувирах аюултай.

Болсон явдал

Пүрэв гарагийн шөнө болсон мөргөлдөөнийг хоёр улс янз бүрээр тайлбарлаж байна. Энэтхэгийн талын тайлбараар тусгай хүчний цэргүүдийг суулгасан нисдэг тэргүүд Пакистаны хилийг таван газраар давж, ар талд нь десант буулгажээ. Үүний дараагаар Энэтхэгийн тусгай хүчнийхэн лалын хэт даврагсад Энэтхэгийн хилчид рүү пуужин харваж байсан төхөөрөмжүүд рүү гэнэтийн дайралт хийж “Жейш-э-Мухаммед, “Лашкар-э-Тоиба”, “Хизб-уль-Мужахеддин” гэх мэт алан хядах бүлэглэлийнхэн, Пакистаны армийн зааварлагч ба пуужин харвах төхөөрөмжийн харуул гээд нийт 40 гаруй хүнийг хөнөөжээ. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тулааны явцад Энэтхэгийн хоёр алба хаагч шархадсан гэхээс өөр хохирол амсаагүй бөгөөд бүгд эсэн мэнд буцаж ирсэн гэнэ.

Харин Пакистаны тал нь Энэтхэгийн цэргүүд хил давах гэсэн оролдлого хийсний дараагаар их буугаар гал нээж 21 энэтхэг цэргийг устгасан, Пакистаны зүгээс хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн гэж тайлбарлажээ. Мөн Энэтхэгийн талыг ил цагаан түрэмгийлэл ба ялагдал хүлээснээ далдлахын тулд сүржин тайлбар өгч байна гэв.

Шалтгаан

Энэтхэг Пакистан хоорондын удаа дараагийн дайн тулааны гол шалтгаан нь Жаму ба Кашмир муж. Британичууд Энэтхэгт тусгаар тогтнол олгохдоо исламын шашинтнууд дийлэнх олонх болж амьдардаг газар нутгийг Пакистан нэртэй улс болгож салгасан байдаг. Ингэж салгах явцад Жаму ба Кашмир нь хинду хаантай ч иргэдийнх нь дийлэнх нь лалын шашинтай бие даасан тусгаар улс болж үлдсэн. Гэвч лалын шашинт иргэд нь хинду шашинт хааны мэдэлд амьдрахыг хүсэлгүй бослого гаргасан. 1947 онд эхэлсэн бослогыг хаан нь өөрийн хүчээр дарж чадахгүй байсан тул энэтхэгчүүдээс цэргийн тусламж хүсэхэд пакистанчууд ч зүгээр хараад суухыг хүссэнгүй цэргээ илгээж хоёр жил үргэлжилсэн эхний дайн дэгдсэн түүхтэй. Энэ дайны явцад Жаму ба Кашмир гэдэг хаант улс оршихоо больж газар нутгийнх нь 60 хувь Энэтхэгт, 40 хувь Пакистанд очсоноор дууссан юм. Үүнээс хойш Жаму ба Кашмир мужийн харьяалал нь Энэтхэг ба Пакистан хоорондын хэрүүлийн алим болсоор ирсэн. Энэтхэгийн талд үлдсэн хэсэг дэх лалын шашинтнууд салан тусгаарлаж Пакистанд нэгдэхийн төлөө олон жилийн турш партизаны дайн явуулж, үүнийг нь Пакистаны тусгай албад, армийнхан идэвхтэй дэмжсээр ирсэн түүхтэй. Ийм нөхцөлд дайн дэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал гэдэг нь ойлгомжтой. 1947-1949 оны эхний дайнаас хойш энэ хоёр 1965 он, 1971 он, 1999 онуудад байлдаад авсан. Энэ хооронд хэдхэн өдрийн өмнө болсонтой адил жижиг мөргөлдөөн тоо томшгүй олон болсон.

1999 оноос хойш Жаму ба Кашмир дахь байдлыг талууд том дайн болгочихолгүй хянасаар ирсэн. Гэтэл хэдэн сарын өмнө Энэтхэгийн тусгай хүчнийхэн “Кашмирын Че Гевара” хочтой гол салан тусгаарлагч Бурхан Вани гэгчийг устгасан нь байдал ахиад хурцадах шалтаг болж хувирчээ. Пакистанчууд Бурхан Вани алагдлаа гэж төрийн хэмжээнд гашуудал зарласан бол хэт үндсэрхэг үзэлтнүүд нь Энэтхэг рүү дайрч Кашмир мужийг чөлөөлнө гэж мэдэгдсэн. Есдүгээр сарын 18-нд Пакистанд тусгайлан бэлтгэгдсэн дөрвөн хорлон сүйтгэгч нууцаар хил даван орж ирээд Энэтхэгийн 19 цэргийг буудан хороосон явдал гал дээр тос хийсэн хэрэг болсон. Үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нь Пакистаныг алан хядлагыг экспортлогч улс гэж буруутгаад, энэтхэг цэргүүдийн аминд хүрсэн этгээдүүдийг заавал гэсгээнэ гэж мэдэгдэж байсан юм. Мэдэгдэл зүгээр нэг үг байгаагүй гэдгийг есдүгээр сарын 29-нд болсон үйл явдал харуулсан гэж болно.

Хэтийн төлөв

Мумбайд болсон алан хядах ажиллагаанаас хойш Энэтхэгийн удирдлага нь Пакистаны тусгай албадтай холбоотой лалын хэт явцуу үзэлт алан хядагчдын элдэв үйлдэлд эрс хатуу хариу өгөх бодлогыг баримтлах болсон юм. Мумбай хотод Пакистаны тусгай албадын бэлдсэн гэгддэг алан хядагчид дайралт хийсний улмаас 226 хүн алагдаж байсан. Энэтхэгийн Ерөнхий сайдын аюулгүй байдлын зөвлөх хүчирхийллийг эсэргүүцэх шинэ бодлогын тухайд Пакистаны удирдлагад анхааруулга болгож “Мумбайд болсонтой адил ахиад ганц алан хядах ажиллагаа болдог л юм бол та нар Белужистанаа алдана шүү. Пакистан нь Энэтхэгээс олон дахин хэврэг. Энэтхэгийг өөрийгөө хамгаалах ердийн арга хэрэгслээ идэвхтэй болгож өөрчлөхөд л пакистанчууд ялагдсан гэдгээ ойлгоно” гэсэн байдаг.
Энд Белужистан гэж зүгээр нэг дурдаагүй гэдгийг судлаачид онцолсон байсан. Пакистаны энэ муж нь тусгаар улс болохын төлөө олон жилийн турш тэмцэл явуулж байгаа юм. Үүнийг “Та нар манай Кашмирын салан тусгаарлагчдыг дэм­жээд байгаа бол бид танай Белужистаны салан тусгаарлагчдыг чинь дэмжи­нэ” гэсэн мессежийг Пакис­­танд өгсөн хэрэг гэж үзсэн. Ер нь, Кашмир мужтай холбоо­той асуудал дээр Пакистаныг илүү дуулгавартай болгохын тулд шаардлагатай бүх аргыг хэрэглэхэд бэлэн гэдгээ энэт­хэгчүүд ойлгуулаад эхэллээ.

Салан тусгаарлагч Белу­жистан мужийг дэмжихээс гадна Пакистаны тариачдыг ундны усгүй үлдээж чадна гэдгээ анхааруулав. Инд мөрнөөс ус татан газар тариалан эрхэлдэг олон сая пакистанчуудын хувьд энэ тун таагүй мэдээ. Инд мөрний урсгалын дийлэнх хэсэг нь Энэтхэгээр урсдаг тул усыг ингэж хаах бүрэн боломжтой. Ганц хоёр усан цахилгаан станцын далан барихад л хангалттай. Пакистанчуудын хувьд үүний үр дагавар нь ямар ч дайн тулаанаас ч дутахааргүй уршиг тарих нь ойлгомжтой. Энэтхэг Пакистан хоёр 1960 онд Инд мөрний усны тухай гэрээ гэж байгуулсан.

Энэтхэгчүүд тус гэрээнд заагдсанаас илүү усыг авах хориотой. Гэрээ байгуулагдсанаас хойш хоёр ч удаа дайтаад авсан ч Энэтхэгийн тал Инд мөрний усыг нэг ч удаа хааж байгаагүй юм. Тэгэхээр энэ удаагийн байдал илүү ноцтой гэж ойлгогдохоор. Мөн Пакистаныг арилжааны давуу эрхтэй түнш гэсэн статусгүй болгоно гэж мэдэгдсэн. Энэ бол Пакистаны эдийн засагт тун таагүй тусах нь ойлгомжтой.

Нөгөө талаас Пакистан энэ бүхнийг зүгээр хараад суухгүй. Наад зах нь Энэтхэгийн зүүн хойд нутгийг усаар тэтгэдэг Браммапутра голын эх нь Хятадын нутгаар дамждаг. Харин Хятад нь Пакистаны найдвартай түнш, Энэтхэгтэй бас газар нутгийн маргаантай тул хариу болгож Браммапутрагаас илүү их ус авах, хааж эхлэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр усны асуудалд илүү болгоомжтой хандах байх. Арилжааны давуу эрхтэй түншийг болиулна гэсний хариуд ч ямар нэг алхам хийх л байх.

Энэ мэтээр Энэтхэг Пакистан хоёр нь нэг сүрдүүлгийн хариуд илүү их сүрдүүлэг хийж, нэг их буугаар буудахад арван их буугаар хариу буудан мөргөлдөөн болгоны дараа дайчлагдах хүчний хэмжээг нэмэгдүүлсээр байна. Энэ мэтээр үргэлжлээд байвал эрт оройгүй хамгийн сүүлийн хүчирхэг зэвсэг болох цөмийн зэвсгээ ашиглах дээрээ тулна.

Үр дагавар

Энэ хоёр улс тус бүртээ 90-110 нэгж цөмийн цэнэгт зэвсэгтэй. Урьд нь цөмийн зэвсэг хэрэглэхээр нэгнээ сүрдүүлж дайн эхэлдгийн даваан дээр Орос, Америк гэсэн хоёр их гүрэн оролцон болиулж байсан түүхтэй. 2001 онд зэвсэглэсэн этгээдүүд Энэтхэгийн парламентын ордон руу нэвтэрч долоон хүний аминд хүрсэн. Үүнийг энэтхэгчүүд Пакистаны тусгай албадын хийсэн хэрэг гэж буруутгаад Пакистаны хил рүү цэргээ татаж эхэлсэн юм. Ингэснээр хоёр улсын хил дагуу Энэтхэгийн талаас 500 мянган цэрэг, Пакистаны талаас 487 мянган цэрэг төвлөрсөн төдийгүй талууд харилцан цөмийн зэвсэг хэрэглэхээр сүрдүүлж эхэлсэн. Санамсаргүй ганц буудлага гэх мэт тун ялихгүй зүйлийн уршгаар аймшигт дайн эхэлж мэдэхээр болсон.

Иймд АНУ нь Пакистанатай, Орос нь Энэтхэгтэй хэлэлцээр хийсний хүчинд болзошгүй цөмийн дайныг зогсоож байв. Цөмийн дайн гарсан тохиолдолд хамгийн багаар бодож 10 сая хүн амиа алдана гэж шинжээчид тооцсон байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан