Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Ф. Ломмэн: Мөнгөний бодлогын өндөр хүү эдийн засгийн өсөлтөө боомилно

Монгол Улс уул уурхайн орлогод суурилсан эдийн засагтаа өөрчлөлт хийхийг бүхий л судлаач, эдийн засагчид зөвлөсөөр байна. Энэ удаагын эдийн засгийн хямрал төсөв, мөнгөний үрэлгэн бодлогоос салах, санхүүгийн системээ өөрчлөх цаг үе ирсэнийг мэдрүүлэх болжээ. Азийн хөгжлийн банкнаас ч бас үүнийг анхааруулав. Тус банк Азийн болон Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тайлангаа шинэчлэн гаргалаа. Уг тайланд “Монгол Улс эдийн засагтаа тохиргоо хийх ёстой үе шат эхэлж байна. Төсвийн гадуурх зарцуулалт, хэт уян төсөвийн болон мөнгөний бодлого хямралд хүргэсэн. Үүнийг өөрчлөх ёстой” хэмээн дурдлаа.  Ингээд Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны сүүлчээр 0.3 хувь байх төлөвтэй гэж үзэв. Энэ оны эхний зургаан сард эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Гэвч он дуустал өсөлт гарахгүй харин уналт үргэлжилнэ хэмээн тооцлоо. Учир нь иргэдийн хэрэглээ маш сул байгаатай холбоотой. Харин ирэх жил эдийн засаг сэргэж эхний зургаан сард 1.4 хувиар өсөхөөр төсөөлжээ. Уг өсөлтийг хөдөө аж ахуй, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт бүрдүүлэх нь.  АХБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн “Монголын уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг ирэх жилүүдэд  эерэг болгоно.  Эрдэс түүхий эдийн арвин их баялаг нь Монгол Улсын хувьд чухал байх хэдий ч илүү олон зүйлсээс эдийн засаг, ирээдүй хамаарах юм.  Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж уул уурхайд түшиглэсэн өсөлтийг  хүртээмжтэй болгох нь чухал.  Эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийн өсөлтийг эрчимжүүлэх хөгжлийн хамгийн том сорилт байх болно” гэж онцлов.

Инфляц өснө

Эдийн засагчид өрхийн орлого буурсан, зээл өссөн, ажилгүйдэл нэмэгдсэн нь дефляц үүсгэхэд тун ойрхон байгааг онцолж буй. Тэгвэл АХБ-наас хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүн, түлш шатахууны үнэ харьцангуй тогтвортой байна. Гэвч төсвийн тэлэх бодлого, мөнгөний нийлүүлэлтээс үүдэн наймдугаар сард түр зуурын дефляц ажиглагдлаа. Энэ он дуустал инфляц 3.2 хувь орчим гарна. Ирэх жил 5.4 хувь болж өсөх төсөөлөл гарлаа. Инфляцад хатуу ширүүн өвөл, ургац хураалтын нөхцөл байдал нөлөөлөх тооцоо хийсэн аж. Мөн гадаад валютын ханш өндөр байгаа тул импортын барааны үнэ өссөн. Тэгэхээр дефляц болохгүй гэж АХБ-ны эдийн засагчид тодорхойлж байна. Гэхдээ сүүлийн хоёр улирал дараалан өрхийн орлого 10 хувиар буурсан. Үүнийг дагаад хэрэглээ нь гурван хувиар хумигдсаныг анхаарахгүй орхиж болохгүй юм.

Монгол Улс олохоосоо илүү алдана

Бараа бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн жилийнхээс 9.6 хувиар буурсан. Тэгвэл импорт 17 хувиар буурч гадаад худалдааны тэнцэл илүү өндөр ашигтай, урсгал тэнцэл харьцангуй бага алдагдалтай гарах нөхцлийг бүрдүүлжээ. Ингээд  манай улсын төлбөрийн тэнцэлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурав.  Урьд нь төлбөрийн тэнцэл алдагдал өсч 700 орчим ам. долларт хүрч гадаад валютын нөөцийг сэгсрэх аюулт хүргэж байсан удаатай. Гэвч гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон хэмээн Сангийн яам, Монголбанкнаас мэдэгдэж байгаа. Гэтэл Монгол Улс ирэх хоёр жилд их хэмжээний өр төлнө. Тухайлбал, Хөгжлийн банк, Чингис бондын тус бүр 500 сая ам.доллар төлөх график бий. Уг өр төлөх явдал нь төлбөрийн тэнцэлд ихээхэн дарамт учруулна. Энэ хэрээр Монгол Улс олохоосоо илүү алдана гэж АХБ-ны тайланд дурджээ. Төсвийн алдагдал өнгөрсөн онд  636 тэрбум төгрөг байв. Харин энэ онд 1.9 их наяд боллоо. Уг алдагдалын заримыг задлаад үзвэл бараа бүтээгдэхүүний худалдан авалт 20, гадаад өрийн хүү төлөлт 8.8, зээл олголт 43 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Хямралын буруутан алдагдал өндөр, данхайсан төсөв

Манай улсын гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.доллар болсон. Энэ нь гурван сарын импортыг хангах хэмжээний мөнгө.  Ингээд ам.долларын эрэлт өсч төгрөгийн ханш суларсан тул  Төв банк наймдугаар сард бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөж 15 хувьд хүргэсэн.  Эдийн засагчид ам.долларын ханш огцом өсөхөд импорт төдийлөн нөлөөлөөгүй. Харин иргэд ам.долларын хадгаламжтай болох эрмэлзэл нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж буй юм. АХБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн “Монголын эдийн засагт оновчтой бодлого хэрэгтэй байна. Мөнгөний бодлогын өндөр хүү цаашид эдийн засгийн өсөлтөө боомилно. Тэгэхээр Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлаа зөв үнэлж бодлогын хүүдээ тохиргоо хийгээд явах байх. Гэхдээ бодлогын хүүгээ огцом өсгөсөн явдал үр дүнгээ өгч төгрөгөөс илүү ам.долларыг сонгох явдлыг зогсоосон. Уг нь эдийн засаг хямархад төсөв, мөнгөний бодлогоо сулладаг. Гэтэл Монголд тийм боломж алга. Учир нь улсын төсөв хэт данхайсан, алдагдал өндөр, илүү зардалтай, төсвөөс гадуурах зарцуулалт их байгаа нь мөнгөний зөөлөн бодлого явуулахад бэрхшээл учруулж байна. Төсвийн бодлогоо цэгцлэх, өрийн удирдлагад анхаарах цаг үе ирсэн. Ингэж байж Монголын эдийн засагт гэрэл гэгээ асна” хэмээн хэлэв.

Монголын эдийн засгийн аврагч хөдөө аж ахуйн салбар

АХБ-наас гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нь эдийн засгийн сэргэлтэд нөлөө үзүүлэх нэг гол хүчин зүйл гэдгийн онцолсон. Монгол Улсын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах гэж оролдсон нь орж ирсэн мөнгө дайжихад хүргэсэн. Иймд хөрөнгө оруулалт татах бүхий л арга сүвэгчлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг  төсөв, мөнгөний цэгцтэй эерэг зөөлөн бодлого чухал. Үүнд Засгийн газрын одоо авах гээд байгаа “Стэнд бай” хөтөлбөр эерэг нөлөө үзүүлнэ гэж тус банкны эдийн засагчид үзэж байна. Хамгийн гол нь АХБ-наас Монголын эдийн засагт уул уурхай гол нөлөө  үзүүлсэн хэвээр байх болно гэдгийг онцолж буй. Гэвч хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн гол үндэс тулгуур болох учиртай гэсэн билээ. Тэр дундаа мах, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр илүү үр дүнтэй. Хөрөнгө оруулалт татах салбар гэдгийг  онцлон тэмдэглэв. Учир нь өнөөдөр дэлхий нийтэд байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хүн төрөлөхтөний гол хэрэглээ болж байгаа явдал юм. Тэгэхээр энэ хямрал Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй гэдгийг тодотгон харуулж байна. 

Түүхий эдийн үнэ  өснө. Гэвч...

Дэлхийн эдийн засгийн байдал ороо бусгаа байгаа ч Азийн хөгжиж буй орнууд өсөлтөө хадгалсаар байна. АХБ-ны “Азийн хөгжлийн төлөв” тайланд тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт 5.7 хувьтай байх төсөөлөл хийлээ. Энэ өсөлтөд БНХАУ, БНЭУ гол нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэв. Тухайлбал, Хятадын юань олон улсын нөөцийн валютад бүртгэгдсэн. Иймд тус улсад орох хөрөнгийн урсгал нэмэгдэх тул эдийн засгийн өсөлтөд нь эерэг нөлөөлөх юм. Мөн Энэтхэгийн иргэдийн эрэлт өсч байгаа нь эдийн засгаа тэтгэх болсон. Филиппин, Тайланд зэрэг орон дэд бүтцийн салбартаа улсын төсвөөсөө хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Эдгээр нь Азийн зах зээлд түүхий эдийн үнэ өсгөх гол хөдөлгүүр болно гэж эдийн засагчид тооцоолж байна. Гэвч уг өсөлтын зам дардан байхгүй. Учир нь АНУ, Еро бүс, Японы эдийн засгийн өсөлт удаан байгаа. Тэдний төсөв, мөнгөний бодлого нь ямар байдлаар хэрэгжих нь хөрөнгө оруулалтын урсгал, түүхий эдийн үнэд нөлөөлдөг аж. Эцэст нь хэлэхэд хямралаас гарах гарц, гэрэл гэгээтэй ирээдүй Монголд бий. Хамгийн гол нь цаашид бүсээ чангалж халаасаа сэгсрэхгүй амьдарахын тулд энэ хямралаар илэрсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын алдаагаа засах нь чухал гэдгийг эдийн засагчид, судлаачид онцолсоор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан