Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Ариунболд: Ургацын 70 хувийг хураагаад байна


Намрын сүүл сар эхэлж тариа ногоогоо хураах цаг шувтарч байна. Иймээс ургац хураалтын явц ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдтой ярилцлаа.

-Ойрын өдрүүдээс цаг агаар хүйтэрнэ хэмээн мэдээлж байгаа. Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?


-Энэ жил улсын хэмжээнд 480 гаруй тонн улаанбуудай, 175 мянган тонн төмс , 117 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар ургацын урьдчилсан бланс гаргаад байгаа. Одоогоор 210 мянган тонн буудай, 57 мянган тонн хүнсний ногоо, 95 мянган тонн төмс  хураан аваад байна. Ингээд бодохоор буудайн хураалт 70 гаруй хувьтай, төмс 65,  хүнсний ногоо 60 гаруй хувьтай явж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар хурд тунадас орж нийт хураалтын ажил долоон хоногоор саатсан. Бусдаар ургац хураалт ажил хэвийн явагдаж байна. Яамнаас орон нутагт  мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

-Ургац хурааж  дуусахад цөөхөн хоног үлдлээ. Энэ хугацаанд тариалангийн гол бүс нутгуудад цаг агаар ямар байх бол?

-Цаг агаарын байдлаас болоод ургац хураалтын ажил жигдрэхгүй байна. Тариалангийн гол бүс болох Сэлэнгэ, Дархан, Булган, Төв аймгийн нутгаар хур тунадастай байгаа учраас ажил багагүй удааширсан. Хэрэв цаг агаар тогтуун, тааламжтай байвал аравдугаар сарын эхний арав хоногт ургацаа хурааж дуусдаг. Байгалийн хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлж байгаа ч, төлөвлөсөн хугацаандаа дуусгах зорилго тавин ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр төвийн болон зүүн аймгуудад нэлээн сэрүүсч, цас орох төлөвтэй байгаа. Иймээс тариланчид болж л өгвөл ажлаа түргэлүүлэх хэрэгтэй. Ойрын өдрүүдэд шөнөдөө хасах хэм рүү орж байгаа. Тиймээс талбай дээр хураан авсан төмс, хүнсний ногоогоо хөлдөлт хайралтаас хамгаалах ажлыг хийх хэрэгтэй.

-Салбарын сайд тариланчдаас  тонн буудайг 560 мянгаар авна гэсэн шийдвэр хэлсэн гэсэн. Тариланчдаас буудайгаа авч эхэлсэн үү?


-ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн Дархан хотод тариаланчдын уулзаж ТЭДС-д тонн буудайг 560 мянган төгрөгөөр худалдан авах дуулгасан. Уг шийдвэрийн дагуу ТЭДС-гийн агуулахуудад буудайг худалдан авах ажил хэвийн үргэлжилж байна. ТЭДС-д хэдэн тонн буудай авсан эсэх талаар мэдээлэл бий.

-Ургац хураалтад шатахуун, тоног төхөөрөмж саатсан асуудал байна уу?


-Ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн ажил гацсан, дутагдсан гэсэн асуудал гараагүй. Техник  тоног төхөөрөмжийн хүрэлцээ ч сайн байгаа. Үүнээс гадна энэ жил цэрэг, оюутан, сурагчдыг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй холбож өгсөн. Тодруулбал, 953 цэргийн албан хаагч, 755 оюутан, 502 сурагч гээд нийт 2200 хүнийг гэрээгээр ажиллуулж байна. Цаг агаар хүнд, хугацаа богино үед хүн хүч нэмэх шаардлага гэнэт гарвал холбогдох газруудаас тусламж авна. Тухайлбал, Батлан хамгаалах яам болон цэргийн ангиудтай хамтарч ажиллах боломж бий.

-Энэ жилийн буудайн чанар ямар байна вэ. Гурилын үйлдвэрүүд дотоодын буудайн чанар муу, цавуулаг багатай байна гэж голдог тал бий?


-Тариланчид хураан авсан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн.  Буудайн чанарыг хэвийн байна гэсэн. Ямар нэгэн гомдол санал одоогоор яаманд ирээгүй. 

-Энэ жил ургац арвин байх шиг байна. Га-гаас хэдэн центнер буудай авч байна вэ?

-Орон нутагт бүрт харилцан адилгүй байна. Ургацын урьдчилсан блансаар тогтоож байсан хэмжээнээс буугаагүй. Өмнөх жилүүдээс илүү гэж ойлгож болно.

-Энэ жил дотоодынхоо  буудайн хэрэгцээ 100 хувь хангаад, мөн экспортод гаргана гэж байсан?


-Балансаар авсан буудай дотоодынхоо хэрэгцээг хангаад илүү гаргасан буудайгаа  экспортод гаргана. Эхний ээлжинд ургацаа хаягдалгүй бүрэн хурааж аваад дараагийн ээлжинд гадаадад гаргах тухайгаа ярина. Тухайлбал, чанар стандарт, сав баглаа бодол гээд шийдэх хэрэгтэй олон асуудал гарна.

-Буудайнаас гадна төмс, хүнсний ногоо тариалдаг иргэдийн асуудал хүнд байх шиг байна. Тариаланчдын хураасан ногоо үнэгүйдэж килограмм төмсийг 500 төгрөгөөр худалдаж чадахгүй байна гэж гомдоллож буй. Энэ асуудалд яамны зүгээс ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Төмс хүнсний ногооны борлуулалт жилийн жилд хүндрэлтэй байдаг. Иймээс нийслэл болон аймгийн төвүүдэд дундын дамжлагагүйгээр борлуулалтын ажлыг зохион байгуулж байна. Цаашдаа борлуулалтын ажлыг идэвхижүүлэхийн тулд хадгалалт борлуулалтын сүлжээ зохион байгуулна гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр оруулсан. Үүнийг эхлүүлэхийн тулд эхлээд хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох юм.

-Төмс, хүнсний ногоо тариалдаг хэдэн аж ахуйн нэгж болон иргэд байдаг юм бэ?

-Төмс, хүнсний ногоо тариалдаг 300 гаруй аж ахуйн нэгж,  30 гаруй мянга айл өрх бий.  Энэ олон мянган үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна гэдэг амар ажил биш. Иймээс өндөр зохион байгуулалтад оруулж хийх ажил байгаа. Буудайн борлуулалтын хувьд ТЭДС болон гурилын үйлдвэрүүдэд бөөнд нь борлуулж байгаа. Энэ нь үйл ажиллагаа үр ашгаа өгч байгаа болохоор ийм төрлийн ажил эхлүүлэх төлөвлөгөө бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан