Б.БАДРАЛ
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага “ОПЕК”-ийн гишүүн орнууд Алжир улсад албан бус уулзалт хийгээд газрын тосны олборлох хэмжээг хоногийн 32,5 сая баррелиас илүү гаргахгүйгээр хязгаарлахаар тохиролцжээ.
Ингээд зогсохгүй ОПЕК-ийн гишүүн орнууд нь газрын тос олборлогч бусад оронд хандан олборлолтын хэмжээг хязгаарлах энэхүү тохиролцоонд нэгдэхийг уриалав.
Энэ оны арваннэгдүгээр сард болох албан ёсны хуралдааны үеэр аль улс хэдий хэмжээгээр олборлолтоо хязгаарлах ёстой талаар нэг бүрчлэн тохиролцохоор шийджээ. Ийнхүү экспортлогч орнууд олборлолтоо багасгах замаар газрын тосны үнийн уналтыг зогсоох гэж оролдож байгаа сургаар олон улсын биржүүд дээрх газрын тосны үнэ хурдацтай нэмэгдэж эхэллээ. Тухайлбал, Brent маркийн тосны үнэ таван хувь гаруйгаар өссөн байна. Сүүлийн хоёр жил гаруйн туршид улс орнуудын нөөцөлсөн нефтийн хэмжээ хэрэгцээнээс олон дахин давсан, АНУ нь занараас газрын тос гаргаж авах шинэ аргыг эрчимтэй нэвтрүүлснээр дэлхийн хамгийн том нефть олборлогч болж хувирсан гэх мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр газрын тосны үнэ огцом унаад байгаа юм.
Хоёр жилийн өмнө 100 ам.доллар даваад байсан үнэ огцом унаж одоо баррель нь 20 ам.доллар хүрч магадгүй тухай яригдах болсон. Үнийн энэхүү уналтаас хамгийн их хохирч байга орнууд ОПЕК-ийн гишүүд бөгөөд Алжирт албан бусаар уулзахаас өөр аргагүй болжээ.
ОПЕК-т Алжир, Ангол, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Катар, Саудын Араб, АНЭУ, Венесуэль, Эквадор гэсэн орон багтдаг. Эднээс хамгийн их хохирол амссан нь Венесуэль. Тус улсад нефтийн экспортын үнэ унасантай холбоотой өлсгөлөн, үймээн самуун эхлээд байгаа. Бусад улсад ч мөн дутахааргүй хохирол амссан нь ойлгомжтой. Гэхдээ ийм нөхцөлд хатуу тохиролцоонд хүрч бүгд олборлолтын хэмжээгээ багасгах үүргээ хариуцлагатай биелүүлэх шаардлагатай байгаа тухай шинжээчид ярьсан байна. Учир нь, өмнө үүнтэй адил тохиролцооны тухай яригдаж байсан ч тэртээ тэргүй үнэ бага үед олборлолтын хэмжээгээ бууруулбал олдог ашиг нь огцом унахаас гадна зах зээлд эзэлдэг уламжлалт хувиа алдах эрсдэлтэй. Иймд экспортлогч орнууд олборлолтын хэмжээгээ багасгана гэж тохиролцсон ч бодит байдал дээр багасгасан улс нэг ч байгаагүй болж таарсан. Зарим нь бүр нэмэгдүүлсэн тухай яригдаж ч байсан.
Үүнээс гадна ОПЕК-ийн гишүүн бус ч газрын тос олборлодог бусад улсад хандсан уриалга гэдэг нь үндсэндээ манай хойд хөршид хамааралтай гэж ойлгож болно. Орос нь газрын тосны үнэ буурахтай зэрэгцээд олборлолтоо эрс нэмэгдүүлэх замаар төсвөө бүрдүүлэх шаардлагатай тулгарсан юм. Оросын эдийн засаг Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас ихээхэн хохирол амсч байгаа гэдэг ч бодит байдал дээр газрын тосны үнийн уналт хамгийн их хохирол учруулсан гэдэгт судлаачид санал нийлдэг.
Алжирт болсон ОПЕК-ийн гишүүдийн албан бус зөвлөгөөнд Оросын Эрчим хүчний сайд Александр Новак оролцоогүй ч тус улсад болсон Олон улсын эрчим хүчний форумд оролцсон юм. Новакийн орлогч Молодцов нь ОПЕК-ийн гишүүн бус оронд хандсан уриалгын талаар тайлбарлахдаа ОХУ–ыг олборлолтоо нэмэгдүүлэхгүй төдийгүй бүр таван хувиар багасгахад бэлэн байгаа тухайгаа хэлсэн байна.
Гэхдээ энэхүү тохиролцоо бодит байдал дээр хэр биелэхийг арваннэгдүгээр сард болох албан ёсны уулзалтын дараанаас л хэлэх боломжтой гэсэн байна. Тэгээд ч энэхүү тохиролцоо нь зөвхөн хязгаарлалтын тухай яригдаж байгаа, багасгах тухай яриагүй гэдгийг онцлов. Хэрэв олборлолтын дээд хэмжээг тогтоож цаашид багасгасны дараагаар үнэ өсөөд ирвэл экспортлогч орнууд ашигаа бодоод олборлолтын хэмжээгээ бүр нэмнэ. Мөн газрын тосны үнэ нэмэгдээд ирвэл АНУ-д олборлож байгаа занарын газрын тосны олборлолт ашигтай болох тух тэндээс экспортлох хэмжээ нэмэгдэхэд газрын тосны үнэ улам унах эрсдэл байгаа гэжээ.
Ямартай ч, газрын тосны үнийн өсөлт шатахууны өсөлтөд яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна.