Б.БАДРАЛ
Орос, Монголын Засгийн газар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг. Хэн нь ч давуу эрхгүй гэсэн үг. Тиймээс ямар нэг шийдвэр гаргахын тулд маш сайн зөвшилцөж ойлголцох ёстой болдог. Ойлголцолд хүрч чадахгүй бол УБТЗ гэдэг энэ том байгууллага хөгжих боломжгүй. “РЖД”-ийн дарга Олег Белозеров есдүгээр сарын 14-нд манай улсад айлчлан УБТЗ-ын хэтийн төлөвийн тухай УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаад явсан. “РЖД”-ийн дарга УБТЗ-ыг сайжруулан хөгжүүлэх шаардлагын тухайд ярихдаа “Энэ оны зургаадугаар сард Ташкент хотноо гурван улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан гарын үсэг зурсан Орос-Монгол-Хятад гэсэн эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхэд туслах ёстой маш чухал чиглэл. Энэ хөтөлбөрийн дагуу Монголын төмөр замын сүлжээг хөгжүүлэх долоон төслийг боловсруулна гэж заагдсан байна. Харин одоогийн байдлаар Евразийн транзит ачааны ердөө нэг хувь нь Монголоор дамжуулан тээвэрлэгдэж байна” гэсэн юм. Европ Азийг холбосон гүүр болоход УБТЗ-ыг хөгжүүлэх асуудал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх гээд байгаа гэсэн үг.
Ийм нөхцөлд УБТЗ-ын даргыг сонгох хэлэлцээр Орост боллоо. Удирдлага хэн сонгогдохоос маш олон зүйл хамаарах нь ойлгомжтой. Жишээлэхэд, Монголын төмөр замын гол хэсэг болох 1100 км замын үйлчилгээнд 320 аж ахуйн нэгж, 15000 гаруй хүн ажилладаг гэсэн статистик мэдээ байна. Гэтэл Канад 55 мянган км төмөр замтай атлаа түүний техник үйлчилгээнд 10000 хүн ажилладаг юм байна. УБТЗ нь Хятадыг Европтой холбосон хамгийн товч зам гэгддэг ч түүгээр нэг км газар ачаа тээвэрлэлт хийхэд 28 цент байгаа нь бусад улсад мөрдөгдөж байгаагаас даруй 30 хувиар их байгаа тухай мэргэжлийн хүмүүс дуулгаж байсан. Ийнхүү удирдлагын нүсэр бүтцийг хялбаршуулах замаар зардлаа багасгах гэх мэт чухал шийдвэр гаргах шаардлага тулгараад байгаагаас гадна долоон төсөл боловсруулах тухай “РЖД”-ийн удирдлага онцолж байна. Ийм эгзэгтэй үед “РЖД” компанитай холбоотой таагүй мэдээ Оросын хэвлэлүүдээр гарах боллоо. Гэртээ 8,5 тэрбум рубль бэлнээр нь хадгалж байгаад баригдсан Оросын ДЯЯ-ны авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Захарченког “РЖД”-ээс мөнгө хулгайлах, угаах үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүн гэсэн мэдээлэл тархаад байна. Оросын “Новая газета” сонин “РЖД” –ээс мөнгө луйварддаг бүлэглэлийн нөүтбүүк олж авсан бөгөөд зарим мэдээг олны хүртээл болгож. Тус сонинд мэдээлснээр Д.Захарченко нь “РЖД”-ээс зохион байгуулдаг барилга угсралтын тендерүүдийг монополь эрхээр авдаг, тендерийн мөнгийг банкуудаар дамжуулан угаадаг бүлэглэлд оролцдог байж. Ийнхүү луйврын аргаар тендерт ялж олсон мөнгөө оффшор бүс дэх хуурамч компанийн данс руу гуйвуулаад дараа нь бэлнээр авдаг байсан аж. Ийм аргаар 250 сая орчим ам.долларын гуйвуулга хийсэн баримт “Новая газета” сонины олж авсан нөүтбүүкт байсан гэнэ. Тухайлбал, Панамд бүртгэлтэй “Bachelor Group Inc”, Кипрт бүртгэлтэй “Ancillmar Ltd” гэсэн компаниудын оффшор дансыг ашиглан олон зуун сая ам.долларын хөрөнгө идсэн юм байна. Том төслүүд хэрэгжүүлнэ гэж яриад байдаг атлаа иймэрхүү луйврын бүлэглэлүүдэд тендерүүдээ алдаж аманд ч үгүй хамарт ч үгүй болж хоцрохгүйн тулд энэ талаар нэлээд сайн судалж үзэх шаардлагатай байх. Мөн өөр нэг заавал хөндөх ёстой сэдэв нь УБТЗ-ыг цахилгаанжуулах асуудал. Үүний тулд ахиад л Оросоос цахилгаан эрчим хүч худалдаж авах уу, эсвэл өөрсдөө дэлхий даяараа татгалзаж эхлээд байгаа нүүрсний цахилгаан станц олныг барих уу. Үгүй бол мартагдах шахаад байгаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг арай өөр өнцгөөр сөхөх цаг нь болсон бололтой.