Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Банзрагчийн ухаа морины цадиг

Баяр наадмын урь айсуй зуны дэлгэр өдрүүдэд  хурдан хүлэгүүд уяандаа эрэгцэж  удамт хүлгүүдийн талаар уяачид ярилцах зуур мэргэн таны санд дусал нэмэхээр эрхэм хурдан хүлэгийн бүхий л шинж бүрдмэл төрсөн нэгэн  хурдны талаар  энд бичлээ.

Нийгмийн хонгор, мянгадын чонон саарал зэрэг нэр алдар нь зард гарсан хүлэгүүдийн талаар нийтлэл нэвтрүүлэг олон гардаг.  Харамсалтай нь, төрийн наадмын найман медальтай Монголын хоёрхон  хурдны нэг шарга азаргыг сайн мэддэг ч  улсад гурав түрүүлж, тав  айрагдсан ухаа морины талаар төдийлэн олон хүн мэддэггүй.  

Богдхан уулын Зогсоол Жаргалантын хошуу  буюу одоогийн Төв аймгийн Баянцагаан сум 20 дугаар зууны Ардын хувьсгалын  наадмын цуваанд хамгийн олон морь цоллуулсан юм. Мөн зуун жилийн манлай хүлэгч  Д Даваахүү энэ нутгийнх. Хурдны хийморьтой энэ нутагт гурав дахь нэгэн зууны шилмэл хурдан ажнай төрсөн нь ард олондоо аварга зээрд нэрээрээ алдаршсан” Өрнөх амьдрал”  нэгдлийн малчин, Монгол Улсын  манлай уяач агсан Сэрээнямын Банзрагчийн сартай ухаа морь  юм. 1900-ээд  оны эхэн үеийн халхын сайчуулын нэг Өвгөний Батбуян гуай улсын наадамд ирэхдээ уралдсан морьдынхоо байг ачихаар илүү хомтой тэмээ хөтөлж явдаг эрдэм төгс уяач байжээ. Энэ хүний адуун сүрэгт төрсөн сартай ухаа хязааланг 1956 оны зун агтны адуунд  барьж  тоогоор тамгалан  уясан гэдэг. Олон адуунд оосор  дутахын зовлон тулгарч нэлээд хэсгийг уясны дараа зөв талын ташаан толгойныхоо хавтгайд 99 тоо тамгатай хязаалан ухаа үрээ дээсэн ногтоо тас татуулаад Баянцагаан сумын баруун урд талын Дөрвөлжингийн уулыг даваад явчихжээ.
Амь гуйсан амьтны араас явдаггүй  монгол хүний чанараа харуулж тоо бөглөх өөр үрээ өгөөд  орхиж. Өөрийгөө хэлтэлсэн  дээрх сартай үрээ Монгол төрийн наадамд гурав түрүүлж, тав айрагдсан  Монголын эрхэм хурдны нэгэн С.Банзрагчийн сартай ухаа морь юм.

1957 оны зун Ө.Батбуянгаас Түгжих Тавхай гэдэг хүн худалдаж аваад сумын наадамд уяж ирэхэд өртгөө гүйцээж  өгөөгүй гээд  Ө.Батбуянгийн  охин  Б.Надмид хазаарыг нь мултлаад хөөжээ. Ийнхүү эзэндээ буцаж ирээд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд уяагдаж битүү соёолон морь маань аман хүзүүнд хурдалсан түүхтэй.   1958 онд хавчиг морь сумын наадамд гуравт  хурдлаад  тар нь танигдсан болохоор дүнсгэр долоон  насанд нь өнжөөжээ. 
Есөн  настайдаа халхын хурднуудтай шандас сорьж  Хэнтий аймгийн Галшар сумын уугуул  Монгол Улсын анхны алдарт уяач Донойн Цэвэгмидийн унага, улсад түрүүлсэн  Төв аймгийн Баянцогт сумын Самдангийн халзан морийг дийлж түрүүлэн төрийн түмэн эх болон зард гарсан түүхтэй. 

 Үүнээс хойш Ардын хувьсгалын  44, 45  жилийн ойн наадамд түрүүлсний зэрэгцээ Ардын хувьсгалын  41, 47, 49 жилийн ойгоор айрагджээ.  Мөн 1971 оны АХ-ын 50 жилийн ойд 19 насандаа айргийн гуравт  хурдалж  улсын наадмын тэгш ойг дамнан 40 жилийн ойгоор түрүү, 50 жилийн ойгоор гуравдугаар байрт шалгарсан нь Монголын талд төрсөн онц хурдан хүлэг гэдгээ түмэн олонд харуулж  ийм амжилт гаргасан хоёр  морины нэг  болсон аж. 

Нөгөө хурдан буян нь Ардын хувьсгалын  30 жилийн ойгоор хязаалан түрүүлээд 40 жилийн ойгоор 14 настайдаа  аман хүзүүдсэн Баянцогтын Самдангийн халзан морь билээ. Энэхүү хурдан буян нь энэ наадмын дараа жил буюу  1972 оны улсын баяр наадмаар  20 насандаа Монгол Улсын  алдарт уяач М.Данзаннямын хурдан хээр морины дараа ирж аман хүзүүдснээр  ард олноос  өвгөн зээрд нэрийг хүртжээ.  Мөн энэ жилийн наадамд  энэ сумын Д.Бүүрээгийн хээр морь гуравт  хурдалж  нэг сумын гурван  их насны морь улсын наадамд дараагаараа орсон ховорхон тохиолдол болсон гэдэг.  Ийнхүү төрийн наадамд гурав түрүүлж, тав  айрагдсан  Монгол төрийн найман медальтай  хоёрхон хурдны нэг болсны нөгөөх нь Амгалан төрийн ажнай шарга азарга.

Ухаа морины амжилт үүгээр дууссангүй 1974 оны Баянцагаан сумын 50 жилийн ойгоор 22 насандаа Элдэв-Очирын шарга морины дараа орж аман хүзүүдснээр ясны хурдан ажнай гэдгээ  дахин  батлан харуулсан. 1956 -1974 он хүртэл 18 жил уралдаж төрийн наадамд гурав түрүүлж, тав айрагдсан  хурдан ажнай байсныг хожмын өдөр уяачдад  нотолсон билээ.  Монгол Улсын манлай уяач С.Банзрагч гуайг амьд сэрүүн ахуйд нь таны ухаа морь хурдан уу хэмээн асуухад “Тарган уралдвал айрагддаг, эцэнхий уралдвал түрүүлдэг тийм л  морь” гэж хариулдаг байсан гэдэг. Энэ нь олон жилийн дээрх жишээгээр нотлогдон батлагдсан юм.  Монгол түмний их баяр цэнгэл наадамд хол тасархай уралддаг хурдан буяны гайхамшигт түүх ар араасаа л үргэлжилдэг. 1966 оны үерийн жил төв цэнгэлдэх хүрээлэнд бөх барилдалгүй тавын даваанаас спортын төв ордон руу шилжүүлсэн гэдэг. Энэ үед хоёр хоног усан бороо тасралтгүй орж ухаа морь уяан дээрээ бөмбөртөл чичирч зогсохыг харсан уяачид  “Энэ наадмаас мултарч дээ” хэмээн таамаглаж байжээ.

Гэтэл ухаа морь тоосгүй жилийн тэрхүү наадамд хол тасархай түрүүлж орж ирснийг ахмад уяачид одоо хэр нь дуу алдан ярьцгаадаг юм. Эцэнхий  ирэн дээрээ уралдаж түрүүлсэн энэ наадмын дараа гуяных нь зураа гүйцэд гарч гурван  овоо нь  тэгширвэл энэ ухаа морьтой адуу уралдахгүй гэж халхын уяачид хүлээн зөвшөөрч байсныг нутгийн олон одоо ч  дурсан ярьсаар л... Чухам л ийм гуурст ажнай монгол нутагт дахин төрөх болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан