Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ангар: Санхүүгийн системийн гажуудал Монголыг дампууруулж байна

-Хүнээр яривал Монгол Улс хөрөнгөө барьцаалж, таван жилийн цалингаа урьдчилж аваад архи уугаад шоудсан-

Т.ЖАНЦАН

Эдийн засагч, судлаач “Новел фанд” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангартай эдийн засгийн хямрал Монголд ямар боломж олгож буй талаар ярилцлаа.

-Манай улсын хөрөн­гийн зах зээл бараг хөгжөөгүй гэж хэлж болно.  Үүний шалтгааныг  хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжээд 26 жил боллоо. Гэтэл эдийн засгийн ганц л сектор зах зээлийнхээ зарчмаар хөгжиж чадахгүй байна. Энэ бол санхүүгийн систем. Жижиглэн худалдааг аваад үз. Дэлхийд үйлдвэрлэгдэж буй бүх барааг монголчууд хэрэглэх болсон. Тухайлбал, хамгийн хямд болон үнэтэй брэндийн бараа бүтээгдэхүүн Монголд зарагдаж байгаа. Мөн “И-март” гээд том сүлжээ дэлгүүрийн салбар нээгдлээ. Бас “Шангрила” сүлжээ зочид буудал байна. Хүнсний салбарт “Пицца хат”, “KFC” ажиллаж эхэлсэн.  Энэ бүгдийг зах зээл өөрөө үүсгэж байгаа юм. Зах зээл өрсөлдөөнд суурилсан байдаг. Иймд хэн илүү сэтгэж ашиг олох гэсэн нь боломжийг ашиглаад бараа бүтээгдэхүүнээ санал болгодог. Үүний нөлөөгөөр тухайн зах зээл хөгждөг. Санхүүгийн системийг задлаад үзвэл хөрөнгийн зах зээл 40, банкны сектор 40, бичил санхүү, даатгалын салбар 20-30 орчим хувийн харьцаатай  байдаг жишиг олон улсад бий. Өөрөөр хэлбэл, тулгын гурван чулуу шиг тэнцвэртэй байвал улс орон зөв хөгждөг. Аж ахуйн нэгжүүд нь хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай, банкнаас богино хугацаатай санхүүжилт авна. Гэтэл манай санхүүгийн зах зээлийн 95 хувийг ганцхан банк эзэлж байна. Үлдсэн жаахан хувь нь  хөрөнгийн зах зээл, бичил санхүү, даатгалын салбарт  ногддог. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд банкны систем дангаараа хөгжиж хөрөнгийн зах зээл нь бахь байдгаараа явж ирлээ. Өнөөдөр хөрөнгийн биржийн арилжааг аваад үз. Өдөрт тав, арван сая төгрөгт эргэлдэж байна. Мөн даатгалын компаниуд бас хөгжил алга. Жишээ нь, жолоочийн хариуцлагын даатгал зэргээр амь зуудаг. Бичил санхүүд ч сүртэй хөгжил байхгүй. Голоо зогоох төдий л байна. Тэгэхээр санхүүгийн салбар нь дөнгөж л амьтай голтой байгаа болохоор улсын хөгжлөө хойш нь татсан юм.  Энэ бол Монгол Улсын эдийн засгийн маш том гажуудал.
Муухайгаар хэлбэл эдийн засаг дахь хорт хавдар. Үүнийг засч, эмчлэх ёстой. Тэгж байж Монгол Улс цааш хөгжинө. Бид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн суурь асуудлаа мэдэхгүй явж ирсэн юм билээ. Учир нь эдийн засаг өндөр өсөөд төд өдөн сая тонн нүүрс, төмрийн хүдэр, зэс Хятадад зарж их  мөнгөтэй болсон. Тэгээд халамж тараагаад орхисон.
Гэтэл түүхий эдийн үнэ унаж улсын төсөв алдагдалтай гарч эдийн засаг хямарлаа. Одоо л манай санхүүгийн систем болохгүй байна гэдгийг хэн хүнгүй, хаа хаанаа ойлгох боломж гарч ирээд байгаа юм.

-Тэгвэл Монголын  санхүүгийн системийн гажуудлын тод жишээ нь юу байна вэ?
-Хар л даа. Өнөөдөр аж ахуйн нэгж, банк хоёр бие биесээ татаад хадан хясааны ирмэг дээр унах гээд дэнжигнээд зогсч байна.   Үүнийг аж ахуйн нэгжүүдийн зээлээс харж болно. Аж ахуйн нэгжүүд жилд 10 орчим их наяд төгрөгийн зээл авдаг. Бусад улсын жишгийг харвал аж ахуйн нэгжүүд гурван газраас зээл авч хэрэглэдэг. Хөрөнгийн зах зээлээс урт, банкнаас богино хугацаатай, бичил санхүүгийн үйлчилгээнээс ойр зуурын хэрэглээний зээл авдаг юм билээ. Гэтэл манайд бүх аж ахуйн нэгж ганц банкнаас л зээлж ирсэн. Өөр арга зам байхгүй учраас. Урьд нь асуудлаа мэдэхгүй явж ирсэн шалтгаан нь зээлийн өндөр хүүг бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээж  ашиг олж чадаж байсанд бий. Өнөөдөр эдийн засаг хямрахаар жилийн 20-30 хувийн хүүтэй зээл дааж давашгүй дарамт болсон. Үүнийг одоо л биеэрээ ойлгож байгаа юм. Урьд нь банкны системд чанаргүй зээл бараг байгаагүй.  Яагаад гэвэл зээлийн өндөр хүү шингэсэн бараа зарагддаг байв. Гэтэл хямралын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд нэг ч аж ахуйн нэгж ашигтай ажиллаж чадаагүй. Олсон орлого нь банкны зээлийн хүүд урсч байна. Аж ахуйн нэгжүүд жилд 10 их наяд төгрөгийн зээл авдаг гэж би дээр хэлсэн. Тэгвэл хамгийн багаар 20 хувийн хүүтэй гэж бодоход жилд хоёр их наяд орчим төгрөг банкинд төлнө. Одоо банкнаас гарсан зээл болгоны 10 орчим хувь нь чанаргүй зээл гэсэн ангилалд орж байгаа тооцоо гарсан.  Эцсийн дүнд энэ нь аж ахуйн нэгж, банкны систем, эдийн засаг муудсанд биш. Ерөөсөө манай улсын санхүүгийн системийн гажуудлыг харуул­сан хэрэг. Эдийн засгийн шинэчлэлт хийлгүй цааш явбал тав, арван жилийн дараа Монголд нэг ч аж ахуйн нэгж үлдэхгүй. Бүх нийтээрээ банкны боол болж хувирах дүр зураг бий. Тэгээд банк ч, улс ч хөгжихгүй. Ер нь, санхүүгийн системийн гажуудал Монголыг дампууруулж байгаа юм. Бүх зүйл хоёр талтай. Хямрал муу зүйл болов ч бидэнд эдийн засгийн суурь асуудлаа ойлгож, ухаарах боломж олголоо. Хүнээр яривал та олон жил өвчингүй юм шиг явлаа. Одоо суурь өвчнөө эмчлүүл гэсэн дохио өгч байна.

-Тэгэхээр эдийн засгийн шинэчлэлт хийж зөв тэнцвэр олохын тулд багагүй хугацаа, ажил шаардах байх даа?
-Маш энгийнээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь, банкны систем томорч хөгжсөн нь зөвхөн татвараас л болсон.  Тохижилт үйлчилгээний ажилтан өдөржин гудамжны хог шороо цэвэрлээд сард 400 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнээс 10 хувийн татвар төлнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 200 мянган төгрөг. Одоо 40 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ хэмжээний цалин авч буй хүн бас л 10 хувийн татвар төлөх ёстой. Гэтэл банкны сектор 26 жилийн хугацаанд татвараас чөлөөлөгдөж ирлээ. Хадгаламж эзэмшигчид нь татвар төлдөггүй.  Тэгээд жилд нэг их наяд төгрөгийн хүүгийн орлого хадгаламж эзэмшигчдэд өгдөг. Энэ орлого нь  банкны хадга­ламжийн дийлэнхийг эзэмшигч 500 хүрэхгүй хүнийх. Иймд өнгөрсөн хугацаанд зөвхөн тэдэнд үйлчилсэн хуультай явж ирсэн гэж хэлж болно. Нэг секторт давуу эрх олгохоор тэр нь хөгждөг жамтай. Банкны систем санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзлэх гажуудлыг төр бий болгосон. Санхүүгийн бодлого нь нэг л салбарын эрх ашгийг  хамгаалж ирлээ.  Одоо банкны өндөр хадгаламжийн хүүгээс татвар авдаг болох хэрэгтэй.

-Төрд энэ гажуудлаа засах эрх зүйн чадамж байна уу. Хадгаламжийн хүүний орлогоос татвар төлөхгүй гэх эсэргүүцэлтэй тулгарах байх даа?
-Нийгмийг хамарсан эсэргүүцлэтэй тулгарах зүйл байхгүй. Хадгаламжийн хүүгээс өндөр ашиг олдог 500 орчим л хүн байгаа гэж би дээр хэлсэн. Би нам бус. Аль нэг нам, эвслийг магтан дуулаад явдаггүй хүн. Төрд энэ асуудлыг шийдэх эрх зүйн чадамж бий гэж хардаг. Урьд нь аль ч Ерөнхий сайдын амнаас банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах тухай үг унаж байгаагүй. Шинэ Засгийн газар анх удаа банкны хадгаламжаас татвар авах санаачилга гаргасан. Харамсалтай нь, бусад асуудалтай хольж хутгалдаад уначихлаа. Гэхдээ Ерөнхий сайд санхүүгийн салбарынхантай уулзахдаа банкны сектор татвартай байх ёстой. Үүнийг УИХ-д дахин танилцуулна гэсэн. Санхүүгийн секторуудын гарааны цэг нь ижил байвал тэгш өрсөлдөх боломж бий болно. Өнөөдөр хөрөнгийн зах зээл татвартай. Банкных татваргүй болохоор эдийн засагт байгаа мөнгө хадгаламж болоод банк руу урсч байна. Ингээд мөнгөгүй хөрөнгийн зах зээлийг хэн ч сонирхохгүй,  ямар ч компани хувьцаа, бонд гаргая гэж шийдэхгүй байгаа юм. Товчхондоо зах зээлд байгаа бүх мөнгийг банк руу урсах замыг зааж өгсөн төрийн бодлого үйлчилж ирлээ.

-Танай ярианаас бид өнөөдөр банкны системийн чанаргүй зээл өслөө гэж санаа зовох хэрэггүй. Харин  аж ахуйн нэгжүүдээ өөд нь татъя гэж ярих нь зүйтэй гэж ойлголоо...?
-Харин тийм. Бид банкаа аваръя. Чанаргүй зээл өсөөд хэцүүдлээ гэж ярьдаг. Энэ бол буруу. Чанаргүй зээлийн хэмжээ өсөхийн хэрээр аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэсэн үг. Үүнийг хэн ч ярьдаггүй. Зарим банкийг зах зээлийнх нь жамаар дампууруулах хэрэгтэй. Ингэж байж санхүүгийн систем цэвэрлэгдэнэ. Төр засаг хамгийн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах хэрэгтэй. Тэдэнд урт хугацаатай, хүүгийн дарамтгүй, бага хүүтэй зээл хэрэгтэй байгаа юм. Зарим аж ахуйн нэгжид төсөлдөө суурилсан барьцаагүй зээл хэрэг болдог. Энэ санхүүжилтийг шийдэх арга замыг төр засч өгөх шаардлага өнөөдөр тулгарч байна. Хувьцаа гэдэг бол санхүүгийн гол хэрэгсэл. Гэтэл манайд хөгжөөгүй. Бид зөвхөн банк шүтээд хүн төрөлхтний нээсэн санхүүгийн хамгийн оновчтой хэрэгслийн  эсрэг яваад байгаа юм.
Чанаргүй зээл сүүлийн хоёр жилд хурдацтай өслөө. Урьд нь жилд 200 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл гардаг байв. Гэтэл өнөөдөр нэг их наяд 124 тэрбум төгрөгт хүрсэн. Хоёр жилийн дотор тав дахин нэмэгдлээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн борлуулалтгүй болсны илрэл. Одоо бүр дефляц болж эхлэлээ. Тэд бараагаа зарахын тулд үнэ хямдруулж байна гэсэн үг. Тэгээд чанаргүй зээлийн хэмжээ улам л нэмэгдэхийг харуулж байгаа юм. Иймд аж ахуйн нэгжүүдийг  тэтгэх 3-5 хувийн хүүтэй дунд буюу таван жилийн хугацаатай бондын санхүүжилт бий болгох зайлшгүй шаардлагатай.  Эсвэл хүүгийн дарамтгүй хувьцааны санхүүжилт хэрэгтэй юм. Үүнийг эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал нэхээд байна. Өнөөдөр 18 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлээр ямар ч аж ахуйн нэгж босохгүй. Хувьцаа гэдэг зүйлийг хүн төрөлхтөн 400 жилийн турш хөгжүүлж ирсэн. Тэгээд санхүүжилтийн хамгийн зөв хэлбэр бол хувьцаа гэдгийг баталсан юм. Ийм санхүүжилт байснаар эдийн засаг зөв эргэлдэж аж ахуйн нэгжүүд зөв явдаг. Ингэсээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд гаргаж эхэлнэ. Эцсийн дүнд банкны зээлийн тэр өндөр хүүг аж ахуйн нэгж бус хэрэглэгч л төлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Банкны зээлийн өндөр хүү нь нийт эдийн засаг дахь зардалыг өсгөдөг. Тэгэхээр хүмүүсийн хэлдэгээр Долоон буудлын Должин эмээгийн аяга хоол, сүүтэй цай, өмсч буй хувцаст тэр зардал шингэж байгаа юм.

-Тэгвэл та банкны хадгаламжийн татвар авах босго, хувь хэмжээг хэрхэн тогтоох боломжтой гэж харж байна вэ?
-Банкины хадгаламжийн дийлэнхийг  эзэмшдэг цөөн хүн бий гэж би дээр хэлсэн. Тэдний хадгаламжийн хүүнээс олох орлогод миний бодлоор 40 орчим хувийн татвар ногдуулж байж эдийн засаг зөв схемд орно. Засгийн газар 25 хувийн татвар авах шатлал гаргаад асуудал нь унасан. Магадгүй ирэх оны төсөвт уг татварыг эргэн оруулж ирж магадгүй. Харин Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх асуудлыг эргэн харж болно. Нэг ёсондоо үл хөдлөх хөрөнгийн татварт ногдуулах талбайн хэмжээг нэмэх, сарын цалин нь 2.5 сая төгрөг гэдгийг өсгөж болох асуудал. Гагцхүү банкны татварыг буцаах ямар ч шаардлага байхгүй.  Яагаад гэвэл дахин хэлэхэд жилд нэг их наяд гаруй төгрөгийн хүүгийн ашиг олдог цөөхөн хүн бий.

-Банкны хадгаламжид өндөр татвар ногдуулах боллоо гэж бодъё. Гэтэл тэр хадгаламжийн мөнгө Монголоос гарч банкны системд сөргөөр нөлөөлнө гэдэг яриа байдаг. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Ийм тархи угаалт байдаг. Төгрөг хаашаа гарч явах юм бэ бодоод үз. Монгол төгрөгөөр худалдаа наймаа хийдэг, хадгаламж авдаг өөр улс байхгүй.  Жилийн 17, 18 хувийн хүүтэй хадгаламж гэдэг бол манайхаас өөр хаана ч байдаггүй. Тэгэхээр жилд 30-40 хувийн татвар авахад тэд 9-10 хувийн ашиг авна. Төгрөг Монголоос гарна гэж айх шаардлага алга. Харин ч хөгжүүлэх гээд чадахгүй байгаа санхүүгийн бусад секторт орох боломж бүрдэнэ. Манай төр дэлхийн бусад улсынхтай адил стандарттай. Иймээс данхайж зарлага нь дэлхийн дунджаас их болсон тал бий. Тэгээд тэр зарлагаа нөхөх татвараа хамгийн бага дээр нь тавьсан.  Энэ систем цааш явахгүй. Хэзээ нэгэн цагт нурж унана. Өнөөдөр цөөн хэдэн хүн хэт баян, зарим нь гудамжинд хог ухаад явж байна. Баян хоосны ялгаа хэт гарч хоёр тийш салаад яваад байвал нийгмээрээ эрсдэлд ордог. Тэгэхээр өндөр татвар ногдуулах нь ганц Монголд биш дэлхий нийтэд жишиг болсон зүйл. Баян хоосны ялгааг ойртуулдаг ганц зүйл нь татвар. Товчхондоо өндөр орлоготой иргэдээс их татвар авч орлого бага нийгмийн эмзэг хэсэгт халамж болгон тараадаг. Аль ч нам ялсан, хэн ч төр барьсан үүнийг хийхээс өөр арга байхгүй. Цаг нь болсон. Энэ бол нэг нам, хувь хүний бус улсын асуудал.

-Та дээр банкны чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх тусам цаана нь аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэлээ. Ер нь хямралын шуурганд тэсч үлдэх аж ахуйн нэгж бий юү?
-Байхгүй. Миний харж байгаагаар бүх аж ахуйн нэгж дампуурахдаа тулчихаад байна. Ерөнхий сайд бүх салбарын төлөөлөлтэй уулзсан. Эндээс харахад Монгол Улсын эдийн засгийн бүх салбар сүүлийн хоёр жилд алдагдалтай ажиллаж ирсэн юм билээ. Үүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр зэрэг хамаарна. Сүүлийн 26 жил ашигтай ажилласан ганцхан салбар бий. Тэр бол банк. Хэчнээн хямрал болсон ч ашигтай хэвээр байгаа.

-Монголын зах зээл жижиг учраас хувьцааны зах зээл хөгжих боломж хязгаарлагдмал гэсэн яриа байдаг. Та эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол худал. Хувьцаа­гаар санхүүжилт босгох арга замыг л төр бодлогоор хаачих­сан. Ийм учраас хувьцааны зах зээл Монголд хөгжөөгүй. Түүнээс биш Монголд хөгждөггүй АНУ, Хонконг, Сингапур гээд бусад улс оронд хөгждөг гэсэн зүйл байхгүй юм. Угаасаа хүн, мөнгө, үр ашгийн тогтолцоо, зах зээл гэж байгаа нөхцөлд хувьцааны санхүүжилт гэдэг зүйл хөгждөг. Монголоос жижигхэн улсын хөрөнгийн бирж нь томорсон компаниуд тэр зах зээлээс хувьцаагаар санхүүжээд л амьдарч л байна шүү дээ. Монголд хангалттай хөгжинө. Гол нь төр арга замыг нь нээж санхүүгийн системийн секторуудын гарааны цэгийг нэг болгоод өгөөч гэж дахин дахин хэлмээр байна. Хувьцааны зах зээлд оролцогчид төрөөс их зүйл нэхдэггүй. Одоо үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа 10 гаруй компани бий. Тэд улсаас нэг ч төгрөгийн татаас авч үзээгүй. Энэ хуулийг  гаргаад өгөөч гэж лобби хийгээгүй. Татвараас чөлөөлж өгөх хүсэлт тавиагүй. Хүсдэг зүйл нь банкны сектортой адил татвартай болго гэдэг. Өнөөдөр нэг нь 10 нөгөөх нь 0 хувийн татвартай болохоор хөрөнгийн зах зээл хөгжөөгүй. Жишээ нь, уралдаж буй хоёр хүний нэгийнх нь хөлөөс 50 кг туухай зүүгээд нөгөөх нь дангаараа гүйж байна. Тэгээд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна гэж хэлж болохгүй. Иймд хоёулаа адил жинтэй туухайтай эсвэл туухайгүй уралдах асуудал тавьж байгаа юм.  Миний харж байгаагаар банкны  татвартай болчихвол таван жилийн дараа хөрөнгийн зах зээл санхүүгийн системийн 20 хувийг эзлэх хүртлээ хөгжинө.

-Таны ярианаас хямрал монголчуудыг эдийн засгийн салбарт бугшсан алдаагаа харах боломж олгожээ. Тэгвэл энэ алдаагаа төр засах байх гэж найдаж байна. Харин энэ хямралаас ойрын хугацаанд гарах боломж байгаа болов уу?
-Хямралаас богино хугацаанд гарна гэж байхгүй. Иймэрхүү байдал дор хаяж гурав, дөрвөн жил үргэлжилнэ.  Шидэт саваагаар дохиод хэдхэн хоногт татаад босгодог зүйл биш. Энэ боломжийг ашиглаад эдийн засгийн суурь асуудлуудаа засч авах хэрэгтэй. Татварын орчноо шинэчлээд, хууль эрх зүйн орчноо засаад явбал нааштай зүйл харагдаж магадгүй. Уг нь Монголын зах зээл жижигхэн. Гурван сая хүнтэй 10 тэрбум ам.долларын эдийн засаг. Хятадын нэг тосгон, Оросын нэг хот л гэсэн үг. Тэгээд газар дороо хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэх алт, зэс, төмрийн хүдэр гээд Менделевийн үелэх системийн 108 элемент бараг бүгдээрээ бий. Тэгэхээр босгоход маш амар. Хамгийн гол нь улс төрийн систем, намуудын байгаа байдал, төр барьж буй хүмүүсийн төлөвшлөөс шалтгаалаад хурдан хөгжихгүй байна.   Түүнээс биш нэг жилийн дотор Кувейт, Саудын Арави шиг болгож болох баялаг газар нутагт нь байгаа. Гагцхүү өнөөгийн улс төр нийгэм, сонгуулийн  систем, Үндсэн хуулийн хүрээнд боломжгүй. Одоо бидэнд хямралыг гэтлэхийн тулд гадаадаас зээл авахаас өөр арга алга. Гэтэл бид зээлдээ баригдсан. Хүнээр яривал хөрөнгөө барьцаалж таван жилийн цалингаа урьдчилж аваад архи уугаад шоудсан. Тэгээд нэг өдөр ажил хийгээд тэр хэмжээний мөнгө олно гэж байхгүй биз дээ. Монголын эдийн засаг яг ийм байдалд орсон. Урьд нь машинаа барьцаалаад зээл аваад шоудсан бол одоо байшингаа барьцаалах арга л үлдсэн гэж болно. Энэ мөнгөөр нэг хоёр жил амьдрах байх.

0 Сэтгэгдэл
Ухаантай залуу бна. Яг сайн онош . Одоо хар!!!!банк бугдыг авч бна ГОК !!!! Улс тор!!!
Хамгийн их уншсан