Н.БАТ
Татварын ерөнхий газар энэ оны улсын төсөвт 1,7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх ёстой. Одоогоор 1,2 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд наймдугаар сарын байдлаар татварын орлого 40 тэрбумаар тасраад байгаа юм байна. Татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжүүд 200 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа бөгөөд үүнээс 90 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахаар ШШГЕГ-т шилжүүлжээ. Харин татварын 107 тэрбум төгрөгийн өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг Засгийн газрын шийдвэрээр 60 хоногийн хугацаатайгаар нээжээ. Эдийн засгийн хямралаас үүдэж, Татварын ерөнхий газарт тулгамдаад байгаа зарим асуудлаар тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Зоригтой ярилцлаа.
-Монгол Улсын хувьд эдийн засгийн хүндрэлтэй байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Гэтэл эдийн засгийн цоорхойг нөхөх арга нь татвар нэмэх гэсэн төсөл Засгийн газар оруулж ирээд багагүй асуудал үүсгэлээ. Мэдээж татварын шинэчлэл хийх ёстой байх. Гэхдээ татвар нэмэх нь зөв үү. Энэ талаар эхлээд таны бодлыг сонсъё?
-2007 оноос мөрдсөн татварын хуулиа өнөөдөр өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн нөхцөл байдал ч өөр болсон. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан энэ үед татварын бодлогод өөрчлөлт оруулах ёстой.
Татварын хуулийн шинэчлэлийг татварын хоёр дахь шатны шинэчлэл гэж нэрлэж байгаа. Үнэндээ хуулийн шинэчлэлээ нэлээн сайн судалж, Сангийн яам, судлаачид Засгийн газартайгаа хамтраад хийх ёстой. Энэ удаагийн татварын шинэчлэл маань татвар төлөх ёстой иргэдийг бүрэн хамруулахад чиглэх ёстой. Татварын баазаа өргөжүүлнэ, хуулийн хэрэгжилтийг сайн болгоно, жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлнэ. Ингэж байж л хүндрэлээс гарна. Түүнээс татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр хүндрэлээс гарна гэвэл худлаа. Тэртэй тэргүй аж ахуйн нэгж байгууллагуудын маань санхүү хүндэрчихээд татвар төлөх байтугай, цалингаа хэрхэн тавих вэ гэдэг асуудалтай тулчихаад байна. Ийм үед нэг хэсэгтээ төр засгийн бодлогоор татварын ачааллыг нь хөнгөлж, бизнес эрхлэх боломжийг нь бүрдүүлэх ёстой. Татварын хуулийн шинэчлэлийг ч энэ чиглэлээр хийх болов уу гэж бодож байна. Тэгэхдээ татварын хуулийг Засгийн газар санаачилж, УИХ-д өргөн бариад баталдаг учраас шууд ингэж хийнэ ээ гээд хэлбэл хэцүү.
-Татвар нэмэх талаар та ямар байр суурьтай байна вэ. Энэ тухай яригдахаар л бизнесийнхний итгэл улам сулраад байдаг?
-Ер нь, цаашдаа татварын хувь хэмжээг буулгах шаардлагатай. 2006, 2007 онд бид татварын хувь хэмжээг ихээр буулгаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хувь хүний орлогын албан татварыг өсөн нэмэгдэх шатлалтай байсныг буулгасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг буулгах тусам татварын орлого нэмэгддэг хандлага дэлхий нийтэд бий. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж иргэд татварын хувь хэмжээ буурснаар татвараа төлье гэсэн ойлголт нэмэгддэг. Үүнийг л аль болох боловсронгуй болгож, татвар төлөгч татварын байцаагч хоёр нүүр тулж уулзах байдлаас ангижрах систем рүү л шилжих ёстой. Өнөөдөр татвараа төлж барагдуулах, хяналт шалгалт хийх тэр бүх технологи шинэчлэгдсэн. Гар утаснаасаа элдэв төлбөр төлж байгаатай адил татварын бүх мэдээлэл гүйлгээг хийдэг байх тогтолцоо руу л орох гэж бид хичээж байгаа. Жишээ нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем маш сайн хэрэгжиж байгааг та бүхэн мэдэрч буй байх. Энэ нь нэг талдаа ард иргэд маань төлсөн татварынхаа хоёр хувийг буцаагаад авах боломжтой. Нягтлан бодох бүртгэлийн систем нь сайжраад төлдөг татвар нь нэмэгдэх хандлагатай байна. Далд эдийн засаг багасахад ихээхэн нөлөөтэй зүйл. Тиймээс НӨАТ-ын урамшууллын систем шиг татварын нэгдсэн тогтолцоог бий болгож, авто замын татвараа харж байдаг ийм л цахимжсан системд шилжих ёстой. Энэ нь зөвхөн хуульд өөрчлөлт оруулах биш юм. Байгаа хуулийнхаа орчинд татварын үйл ажиллагаагаа шинэчлэх, татвар төлөгчдөдөө илүү амар болох чиглэлээр татварын хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх ёстой юм. Түүнээс хэдэн байцаагч аж ахуйн нэгж дээр очоод бүх баримтыг чинь хянана, шалгана гээд байх нь хэр үр дүнтэй байх билээ. Тухайн аж ахуйн нэгжийнхээ ажилд л хүндрэл учруулж байгаа хэрэг. Гаалийн мэдээ, өөрийн мэдээллийн сан дээр үндэслээд эрсдэлийн удирдлагын систем гэдгийг нэвтрүүлсэн. Тэнд аль компани нь илүү их эрсдэлтэй байна вэ, татвараас зайлсхийж, нууж болзошгүй компани хэд байна вэ гэдгээс хамаарч хяналт шалгалтаа хийж байна. Хяналт шалгалт хийнэ гэдэг чинь хоёрхон хувийн орлого олохын тулд 30 хувийг нь ажиллуулаад байгаа юм биш. Татвар төлөгчдөө хуулиа биелүүлэхэд шахалт үзүүлэх механизм. Гол нь эрсдэлтэй, хууль зөрчөөд байгаа хэсгийг татварт хамруулах, бусад татвар төлөгчид нь шударга байдлыг бий болгох ёстой. Түүнээс татвар төлөгчдийг дарамтлах гэж бид ажилладаггүй.
-Татварын өртэй компаниудыг өршөөлд хамруулахаас гадна эдийн засгийн ийм хүндрэлтэй үед төрөөс авч болох ямар арга хэмжээ байдаг юм бэ?
-Татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ байгуулаад тодорхой графикийн дагуу өрийг нь төлүүлэх асуудал бий. Мэдээж хуулийн хугацаатай. ТЕГ-ын даргын эрх мэдэлд данс нээх, өр хойшлуулах хугацаа 60 хоног байдаг. Тэгэхээр 60 хоногийн хугацаанд татварын өрөө төлөхийг нь хойшлуулаад он гаргаад татвараа төлөх бололцоог бүрдүүлж өгч болно. Их хурал, Засгийн газрын шийдвэр, хуулиар зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, ямар төрлийн бизнес эрхлэгчдэд татварт ногдуулсан хүү торгууль алдангийг хэдий хугацаагаар хойшлуулж болох вэ гэдгийг хуулиар зохицуулах бололцоотой. Тэгэхээр арилжааны банк, Татварын алба хамтраад үүнийг судалж шийдэх л ёстой асуудал.
-Манай татварын хувь хэмжээг бусад улстай харьцуулбал ямар төвшинд байдаг юм бэ?
-Манайх харьцангуй багад орно. 2007 онд Монгол Улс Азийн орнууд дундаа нэлээн бага татвартай орон боллоо гэж бид ярьж байсан. Бусад орны хувьд тодорхой хувиар жилээс жилд татвараа багасгаад байдаг туршлага бий. Жишээ нь, Сингапур улс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний татвараа жил бүр 2 хувиар буулгаад байдаг. Тухайн үед 20 гаруй хувьтай байсан татвар нь магадгүй өнөөдөр манайх шиг 10 хувьтай байхыг үгүйсгэхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ манайд 10 хувь. Хамгийн өндөр нь Оюутолгой компани. 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг. Бусад аж ахуйн нэгж бол бүгд л 10 хувийг төлж байгаа. Хувь хүн ч мөн адил байдаг. Энэ бол өндөр татвар биш. Гол нь манай эдийн засаг гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад хүндэрчихсэн учраас 10 хувийн татвар маань аж ахуйн нэгждээ ачаалал өгөөд байгаа юм. Жишээ нь, Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл энэ татвар тун бага болно.
-НӨАТ-ын урамшууллын систем хэр үр дүнгээ өгч чадаж байгаа вэ?
-Үр дүнгээ өгч чадаж байгаа шүү. Жишээ нь, өмнө нь НӨАТ төлөгч зарим аж ахуйн нэгж “манайх үйл ажиллагаа явуулаагүй ээ” гээд X тайлан өгч байлаа. Зарим томоохон сүлжээ дэлгүүрүүд манайх ийм хэмжээний борлуулалт хийсэн гээд тайлагнадаг байсан. Гэтэл НӨАТ-ын урамшууллын систем нэвтрүүлээд ирэхээр бүх хүнд НӨАТ-ын падаан өгч байна. Падаанаар нь тооцоод үзвэл хагас жилийн байдлаар бидэнд бүтэн жилийн орлого гэж тайлагнаж байсан хэмжээтэй дүйхүйц орлого гарч ирж байна. Мэдээж бүх аж ахуйн нэгж дээр биш. Гэхдээ л далд эдийн засагт нуугдаж байсан орлого ил гарсан. Магадгүй томоохон сүлжээ дэлгүүрүүд шинэ салбарууд нээж, орлого нь их хэмжээгээр өссөн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан НӨАТ-ын урамшууллын систем аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг үнэн зөв болгоход тус дөхөмтэй систем. Үүний цаана нь жижиг худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бас бий. Үүнийг хэрхэн тодорхой болгох вэ гэдэг бол шийдэх ёстой зүйл.
-Яг үнэндээ иргэдийн хувьд НӨАТ-ын урамшууллын системд эргэлзэж эхэллээ. НӨАТ-ын хоёр хувиа буцааж авна гэж итгэж байгаа хүн бараг л үгүй болоод байна?
-Нэгэнтээ хууль нь гарчихсан учраас энэ систем хэрэгждэгээрээ хэрэгжээд явна. Ирэх оны төсөвт хүмүүсийн маань худалдаж авсан бараа, НӨАТ-ынх нь хоёр хувийг суулгаж буцааж олгох ёстой. Мэдээж багагүй мөнгө гарна. Тодорхой үе шаттай шийдэх байх.
-Одоогоор үйл ажиллагаа нь зогссон гэдгээ та бүхэнд мэдэгдээд байгаа аж ахуйн нэгж хэд байна вэ?
-Статистик мэдээллээр үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдийн тоо тодорхой болчихдог. 2016 оны эхээр ийм байдал их байлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо баримт бий. Түүнээс 60 гаруй мянга нь үйл ажиллагаа нь зогссон компаниуд байна. Гэхдээ хэрвээ эдийн засгийн байдал сайжраад, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого нь зөв байвал компаниа үргэлжүүлээд хөл дээр нь босгох боломж бий. Тэр итгэлийг сэргээх хэрэгтэй. Та бүхэнд бизнесээ ямар нэгэн дарамтгүй эрхлэх боломжтой гэдэг итгэлийг л бий болгох ёстой.