ОХУ даяар өнгөрсөн ням гаригт Төрийн Дум буюу парламентын доод танхимын долоо дахь удаагийн сонгуульд анхаарлаа хандуулж байхад “Коммерсантъ” сонин үүнээс өөр мэдээллийг онцолж, олны анхаарлыг татжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орны аюулгүй байдлын албанд томоохон шинэчлэл хийхээр төлөвлөсөн тухай “Коммерсантъ” мэдээлжээ. Энэхүү мэдээллээр бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын удирдагч Йосеф Сталины анх байгуулж байсан гадаад тагнуул болон дотоод хяналтыг хослуулсан, 1943-1953 он хүртэл үйл ажиллагаа явуулсан Улсын аюулгүй байдлын яамыг сэргээн байгуулах гэж байгаа бололтой. Тодруулбал, Улсын аюулгүй байдлын яам буюу ЗХУ-ын үеийн МГБ-тэй ижил нэршлээр шинэ яам байгуулж, Гадаад тагнуулын алба болон Холбооны аюулгүй байдлын албыг нэгтгэн харьяалуулахаар төлөвлөсөн байна. 1953 онд татан буугдсан МГБ буюу Улсын аюулгүй байдлын яамыг 1954 онд сэргээн байгуулахдаа КГБ /Комитет Государственной Безопасности/ буюу Улсын аюулгүй байдлын хороо болгон өөрчилж, Засгийн газрын харьяа агентлаг болгосон юм. 1991 оныг хүртэл үйл ажиллагаа явуулсан КГБ-д ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 1975-1990 оны хооронд КГБ-ын гадаад тагнуулын хэлтсийн сөрөг тагнуулаар ажиллаж байсан гэдэг.
КГБ нь дан ганц улс орны аюулгүй байдал бус улс орон, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага байжээ. Өөрөөр хэлбэл Оросын дэглэмийг хамгаалах, гадаадын улс орон төдийгүй дотооддоо туршуулууд тавьж тэрс үзэлтнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сүм, спорт зэрэг бүх салбарт хяналт тавьдаг байгууллага байжээ.