Азийн олимпын зөвлөлийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей Вьетнам улсын Данан хотноо болжээ. Уг хуралд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, АОЗ-ийн ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах болон ОУОХ-ны гишүүд, АОЗ-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ОУОХ-ны эв санааны нэгдлийн мэргэжилтнүүд оролцож тайлан мэдээ хэлэлцсэн байна. Азийн олимпын зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэхүү хуралд "Рио 2016" олимпын наадамд Азийн тамирчид оролцсон судалгаа" сэдвээр илтгэл тавьжээ. Мөн энэ үеэр "Саппоро-2017" Азийн өвлийн наадам, "Жакарта-2018" Азийн наадам, "Ашхабад-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах хороодын илтгэлийг хүлээн авчээ. Мөн 2026 онд 20 дахь удаагийн Азийн наадмыг зохион байгуулах хотоор нэр дэвшигч Япон улсын Нагояа хотыг батламжилж, зохион байгуулах хотын гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон байна.