ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэ сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт “Намрын ургац хураалтын үйл явц, тулгарч буй тулгамдсан асуудал” сэдвээр нийт тариаланчидтай уулзалт зөвлөгөөн хийжээ. ТЭДС тариаланчдаас өрөндөө авах улаанбуудайг 560 мянган төгрөгөөр тооцож байсан боловч 500 мянган төгрөг болгон бууруулсан нь тариаланчдын дургүйцлийг төрүүлсэн. Хэрэв тариаланчид энэ үнээр улаанбуудайгаа борлуулвал өнгөрсөн жилийн ганд нэрвэгдсэнтэй ялгаагүй санхүүгийн хүндрэлд орох юм. Тариаланчдын мэдээллэснээр, ХХААХҮЯ-ны судалгааны албанаас улаанбуудайн тонн тутмын өртгийг тооцож үзжээ.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Эх орны хөрсөнд тариалсан нэг тонн улаан буудайны өртөг 483.5 мянган төгрөг, импортынх харин 510 мянган төгрөг байсан учраас эх орны хөрсөнд ургасан эрүүл сайн улаан буудайгаа тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авна” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг тариаланчид маш их баяртай хүлээн авчээ. Салбарын сайд мөн “Буудайн импорт хаалттай, харин ч дотоодын хэрэгцээнээс илүү гарсныг экспортлох бодлого барьж ажиллана” гэж мэдэгдсэн байна.