Хан-Уул дүүргийн 14-р хороонд шинээр баригдсан 59 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус сургуулийн нээлтэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга н.Ариунбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч н.Анхбаяр Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлстийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Нээлтийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээж хэлсэн үгэндээ "Сургууль цэцэрлэгийн асуудал бол улсын нэн тэргүүний асуудал байдаг.: Өнөөдөр бид сургууль цэцэрлэгийн хүртээмж муу байгааг мэднэ. Харин ийм үед тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, нээлтээ хийж байгаад баярлаж байна. Нийт сурагчид маань зөв, шударга сайн боловсролтой иргэн болж төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Нийт багш, сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе." хэмээлээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар баригдсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн цэцэрлэгийн насны хүүхэд, 180 хүүхдийн бага ангийн хүүхдүүдийг хүлээн авах хүчин чадалтай юм байна.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг "Манай Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол маань ирээдүйд 60 орчим мянган хүн амтай, эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн бүс нутаг болон хөгжинө. Тэр ажлын эхлэлийг бид өнөөдөр харж байна. Сая УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд сурагчдын автобусны асуудалд анхаарлаа хандуулаач гэсэн хүсэлтийг тавихад улсын төсөвт оруулна гэж амалсан. Удахгүй манай сургууль автобустай болох нь. Сургуулийн нээлт гэдэг бол хүүхэд багачуудын хувьд их том баяр байдаг. Хүүхдүүд минь энэ сайхан шинэ сургуульдаа ихийг сурч сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе" хэмээлээ.