Б.БАДРАЛ
“Лалын улс” бүлэглэлийнхэн Оросын тусгай албаны тагнуулыг баривчилсан бичлэгийг интернэтээр тараажээ. Тус бичлэгт энгэр дээрээ “Буруу номтон” гэсэн тэмдэглэгээ бүхий хүн өөрийгөө Холбооны аюулгүй байдлын албаны ахмад Петренко гэжээ.
Тэрээр Ерөнхийлөгч Путинд хандаж “Даалгавар гүйцэтгэж яваад Исламын улсын хүмүүст баригдсан. Ямар тавилан намайг хүлээж байгааг та мэдэж байгаа” гээд суллаж авахыг гуйсан байна. Цаашлаад аюулыг үл харгалзан бүх ажиллагааг түүний дотор Хойд Кавказад янз бүрийн даалгавар амжилттай биелүүлж байсан тухайгаа хэлжээ. Мөн өөрийн оршин суудаг хаягийг Москва мужийн Царицыно хот Пионерийн гудамж гэж хэлсэн байна. Энэ дагуу сэтгүүлчид шалгахад ийм нэртэй хот Москвад байдаггүй, харин Москва хотод Царицыно гэсэн дүүрэг байдаг ч тэнд Пионерийн гудамж гэж байдаггүйг тогтоожээ.
Энэхүү бичлэгийг “Лалын улс” бүлэглэлийн ухуулга сурталчилгааны “Furat Media” гэгч медиа суваг тараажээ. Энэ суваг нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас хүмүүс элсүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээн дэх лалын хэт явцуу үзэлтнүүдийн орос хэл дээр явуулдаг бүх хуудас ба видео бичлэгийг нэгтгэн хянадаг, чиглүүлдэг болсон аж. Үүнээс өмнө 2015 оны эхээр “Furat Media” суваг нь Оросын Холбооны аюулгүй албаны ажилтан гэсэн хоёр хүнийг цаазаар авч байгаа бичлэгийг тарааж байсан билээ.