Б.БАДРАЛ
Германы Бауцен хотын эрх баригчид хэт барууны үзэлтнүүд ба Ойрхи Дорнодоос ирсэн цагаачдын томоохон мөргөлдөөний дараа тогтоогоод байсан хөл хоригийг цуцалсан тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр насанд хүрэгчдээр харгалзуулалгүй гарах, согтууруулах ундаа хэрэглэх боломжтой болжээ. Согтууруулах ундааны тухайд Германд насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийг 16 наснаас эхлэн спиртийн агуулга багатай ундаа худалдан авахыг зөвшөөрсөн байдаг бөгөөд хөл хорио тавигдсанаар өсвөр насны цагаач хүүхдүүд ч герман хүүхдүүдтэй адил эрх эдлэх боломжтой болно гэсэн үг. Гэхдээ цагаачид амьдардаг нийтийн байруудад дотоод цагийн хуваарийг мөрдсөн хэвээр байх бөгөөд энэ хуваарийн дагуу цагаачид 22 цагаас оройтолгүйгээр байрандаа ирж хоноглох ёстой, биедээ согтууруулах ундаа авч орох хориотой.
Цаашид үймээн гаргахаас сэргийлэх зорилгоор насанд хүрээгүй цагаачдад сарын тэтгэмжийн мөнгийг нь нэг дор өгөхөө больж, сарын хугацаанд бага багаар өгч байхаар болсон байна. Эцэг, эхгүйгээр Германд ирсэн 179 цагаач хүүхэд байгаагаас Бауцен хотод 62 нь амьдардаг.
Есдүгээр сарын 14-нд Бауцен хотод түр орогнох байр хайсан цагаачид ба хотын иргэдийн хооронд зодоон болсон. Зодоон үймээнийг цагаачид эхлүүлсэн. 20 орчим залуус ойролцоо нь цуглараад байсан хэт баруууны үзэлт 80 гаруй залуус руу шил, чулуу нүүлгэснээр үймээн эхэлсэн байна. Үймээнийг зогсоох, оролцогчдыг тараах ажиллагаанд 100 гаруй цагдаа оролцжээ.