Халаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны өдрийн байдлаар 1720 барилгад өгчээ. Харин 65 цэцэрлэг халаалт авахаас 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгөөд байгаа аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа ба энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс залгах юм.