Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ургац их ч худалдан авалт мууджээ


Ю.НЯМГЭРЭЛ


Намар арвин хишгээ хайрласан сайхан улирал. Алтан шаргалаар гоёдог энэ өдрүүдэд тариаланчид ургацаа хурааж, монголчууд өвөлд бэлтгэж байна. Харин өнгөрсөн долоо хоногт “Ургацын далай-2016 өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог худалдааллаа.
Шинэ сортын хүнсний ногоог нээлттэй өдөрлөгөөр худалдаалж байгаа тул хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс бага зэрэг доогуур борлуулж байсан юм. Тухайлбал,
• Төмс, байцаа килограмм нь 500 төгрөг
• Лууван 700
• Шар болон улаан манжин 800
• Сонгино 1000 төгрөгийн ханш­тай байлаа.
Харин Ховдын амтат тарвас килограмм нь 1000 төгрөгөөр зарагдаж, Увсын чацаргана литр нь 5000 төгрөгт хүрсэн юм. Мөн худалдаанд зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээс үнээр бус нутгийн бренд нэрээр түлхүү зарагдаж байсан бүтээгдэхүүнүүд байв. Жишээ нь, Увс аймаг чацаргана, Ховд аймаг тарвас, Өмнөговь аймгийн Булган сум улаан лооль, Сэлэнгэ аймгийн Шаамар сум зөгийн бал гээд нутаг, орны нүүр царай болсон олон бүтээгдэхүүн байлаа.
Өдөрлөгт хамгийн их борлуулалттай байсан бүтээгдэхүүн нь Увс нутгийн брэнд болсон чацаргана. Дэлхийн зэрлэг чацарганы 60 орчим хувь нь Монголд ургадаг. Тэгвэл чацарганы өлгийн нутаг нь Увс аймаг юм. Харин Шаамарын зөгийн бал зөгийтэйгээ ирээ юу гэмээр зөгий балаа тойрон эргэлдэж байсан нь олны сонирхлыг татлаа. Ховдын тарвас ч гэсэн амтны хувьд хаана ч гологдохгүй. Ургасан ургац, болсон болц нь хүртэл цаанаа нэг өөр гэж тарвасны бөөний худалдаачид хошуурч байв.

Мөн өөртөө олон төрлийн витамин болон бусад шимт бодисыг агуулдаг, бүтцийн хувьд жимс, жимсгэний төрөлд багтаж, хэрэглээнд хүнсний гэх ойлголттой болсон улаан лооль нь  глюкоз, фруктоз, нимбэгний хүчлээр баялаг байдаг байна. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний ургац, чанараар Булган сум манлайлдаг бөгөөд тариалсан улаан лооль нараар улайдаг учраас амт чанар сайтай аж. Тус нутгийн дийлэнх иргэд брэнд болсон улаан лоолио тариалж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд шинээр айл болж байгаа залуу хосуудад хүртэл нутгийн удирдлагын зүгээс багахан хэмжээний улаан лооль тарих газар өгдөг байна. Өдөрт 200 грамм улаан лооль хэрэглэвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг аж.

Иргэдийн сонирхлыг хамгийн их татсан нь улаан сармис

Өдөрлөгийн үеэр хүмүүс хамгийн их сонирхож байсан бүтээгдэхүүнхий нэгд улаан сармис зүй ёсоор багтаж байна. Нэг килограмм нь 25 мянган төгрөгт хүрсэн энэ бүтээгдэхүүн нь 1990-ээд оноос газар тариалангийн үйлдвэрлэлийн уналттай зэрэгцэн ховордож, устаж үгүй болоход хүрсэн ч Завхан аймгийн тариаланчид улаан сармис тариалж эхэлсэн байна. Энэ сармис агууламжийн хувьд цагаанаасаа хэд дахин илүү, хүний чадавх тэнхээг сайжруулж, эрүүлжүүлдэг гэгддэг юм байна. Мөн залуужуулах гээд олон төрлийн эрдэс бодис агуулдгаараа онцлог аж. Энэ ургамлыг хүнсэнд хэрэглэдэг хүмүүс наад зах нь ханиад хүрдэггүй. Харин Завханаас өөр газар бараг ургадаггүй тул иргэд ч тэр бүр хүнсэнд хэрэглээд байж чаддаггүй гэнэ.
.
Н.Оюунчимэг: Тарьсан ногоо маань үнэгүйдэж байна

/Төв аймгийн Эрдэнэ сумын тариаланч/

-Энэ жил ургац арвин байв уу??
-Энэ жил өмнөх жилээс ургац сайн авлаа. Манай аав ээж 30 гаруй жил ногоо тарьсан хүмүүс тул тариалах тал дээр дээрээ туршлагатай байсан. Харин би энэ жил анх удаагаа ногоо тарьсан. Их ч сайхан ургасан. Ер нь, манай нутагт их сайхан жил болсон.

-Ургацаа хурааж дууссан уу?
-Хараахан дуусаагүй байна. Одоо энэ өдөрлөгөө дуусгаад очиж үлдсэн ургацаа хуураана даа.

-Хүнсний ногооны борлуулалт хэр байна вэ?
-Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ сонирхож байгаа хүн олон байна. Гэхдээ яг худалдаа, наймаа хийж байгаа хүн цөөндүү л байна. Би анх удаагаа энэ өдөрлөгт оролцож байна. Өнгөрсөн жил энэ арга хэмжээнд оролцоогүй болохоор худалдан авалт хэр байсныг хэлж мэдэхгүй ч өнөө жилээс их байсан байх гэх бодолтой л сууна. Бас иргэд тэр бүр олон кг-аар худалдаж авахгүй байна. Ганц, хоёр  килограмм ногоо авах юм. Бөөнөөр авах хүн бүр ховор юм. Ер нь, сурталчилгаа сайн хийж өгөх хэрэгтэй байж гэж бодож байна. Өнөөдөр “Ургацын далай” өдөрлөг болж байгааг мэдэхгүй хүмүүс ч байгаа байх.

-Энэ жил хүнсний ногооны үнэ бага зэрэг буурсан байна. Та яагаад буурсан гэж бодож байна?
-Тариаланч олширсонтой холбоотой байх. Айл болгон ногоо тарьдаг болсон. Мөн нарийн ногоог ихэвчлэн тарьж байна.

-Хэрэв авч ирсэн ногоонууд чинь  зарагдахгүй бол буцаагаад аваад явах уу?
-Ченжид өгнө. Харин өөрсдийн гар дээрээ зарахаасаа доогуур ханшаар өгдөг. Нэг машинд хэдэн тонн ногоо орсноос хамаараад үнээ бодоод өгдөг дөө.

-Ногоогоо хадгалах зоорь бий юу?
-Байгаа. Гэхдээ хүнсний ногоог удаан хадгалахаар соёолоод муудаад ирдэг. Тиймээс аль болох хурдан борлуулах гэж хичээдэг.

-Дотоодын хүнсний ногооноос гадна Хятадаас их ногоо оруулж ирж байгаа. Манай дотоодын хүнсний ногоотой хэр өрсөлдөхүйц вэ?
-Манай ногоо бол чанарын хувьд сайн. Харин Хятадаас орж ирж байгаа ногоо бордоогоор бордоодчихсон хурдан боловсорсон байдаг. Бид бол хугацаанд нь тарьж, хугацаанд нь хураадаг. Илүү бордооогоор бордохгүй хөрсөнд нь ургуулдаг болохоор илүү байгалийн юм даа

-Нэг гаа талбайд төмс тарихад ямар ашиг олдог вэ?
-Олон хүн авч ажиллуулна. Тэр хүмүүсийн цалин, усалгаа арчилгаа хийнэ гээд зардал багагүй гардаг. Тиймээс яг тэд гэж хэлэхэд хэцүү. Зарим жил ургац муу хураах ч үед ашигтай байж чаддаггүй.

Н.Болормаа: Манай тариаланчдын тарьсан ногоо чанартай байдаг

/Баянгол дүүргийн иргэн

-Энэ жил хүнсний ногооны үнэ хэр байна вэ?
-Харьцангуй хямд байна. Гэхдээ олон килограммаар нь худалдан авах боломж муу байна. Ер нь, өдөр өдөрт нь авдаг.

-Хүнсний бүтээгдэхүүндээ дотоодын бүтээгдэхүүн хэрэглэдэг үү. Эсвэл үнэ хямдыг нь бодож импортоор орж ирснийг сонгодог уу?
-Дотоодын хүнс, ногоо хэрэглэдэг. Гаднаас орж ирсэн зарим ногоо сэлт сайн ч, түүнийгээ дагаад өндөр үнэтэй байдаг. Хямдхан байгааг нь бордоодчихсон байдаг гэж бодоод авч хэрэглэдэггүй. Би хувьдаа манай тариаланчдын тарьсан хүнсний ногоо чанарын хувьд сайн гэж боддог.

-Хүмүүсийн худалдан авах чадвар муу байгааг юутай холбоотой гэж харж байна?
-Өрхийн орлого муу, улс маань хямралтай байгаатай холбоотой байх. Мөн айл болгон өр, зээлтэй болчихсон.

-Танай өрхийн сарын орлого хэд гэдгийг асууж болох уу?
-Нөхөр бид хоёрын сарын орлого нийлээд 900 мянган төгрөг болдог. Хэрэглээгээ багасгах үедээ багасгаж байгаад л дараа сартай золгож байна. Сар, сарын цалингаас цааш нь хийж хадгалж чадахгүй байна.

0 Сэтгэгдэл
Тарвас 4 кг авсан чинь тал нь хальс байсан ба дотроо том цууралт үүссэн байсан амт нь ч төдий сайн биш тэгсэн мөртлөө эх орны гээд байсан. Талаас илүүг нь хаясан тул сурснаараа Эрээний тарвас хямд тул авахаас дахиж монгол чанаргүй тарвас авахгүй. Иймэрхүү л ногоо их байна даа
Тарвас 4 кг авсан чинь тал нь хальс байсан ба дотроо том цууралт үүссэн байсан амт нь ч төдий сайн биш тэгсэн мөртлөө эх орны гээд байсан. Талаас илүүг нь хаясан тул сурснаараа Эрээний тарвас хямд тул авахаас дахиж монгол чанаргүй тарвас авахгүй.
Хамгийн их уншсан