Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амьжиргааны түвшинг дахин тодорхойл”



Б.МЯГМАРЖАВ


Өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүдийн хувьд хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг нь цөөнгүй. Гэтэл уг мөнгийг олгогохоо байснаар хоногийн хоол нь  тасрах болсон гэх эмэгтэйтэй таарлаа. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох Засгийн газрын шийдвэр гомдол дагуулж байна. Энэ талаар тодруулахаар хариуцсан яам болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг зориход “Дарга нар солигдоод хариуцсан хүн алга. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байлаа. Тиймээс хорооны халамжийн ажилтнаас мэдээлэл авахаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороон дээр ирэхэд “Дээрээс хүүхдийн мөнгийг ингэж олгоно гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Бид иргэдтэй л адил мэдээлэлтэй байна. Тэгээд ч хэлтсийн дарга зөвшөөрөл өгөөгүй болохоор хариулах боломжгүй” гэсэн юм. Ийнхүү хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар хариуцсан яам тамгын газраас мэдээлэл авах гэсэн боловч чадсангүй. Шинэ Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн яам, агентлагийн дарга нарын томилгоо дуусаагүйн улмаас тухайн ажлыг хариуцах эзэн нь олдохгүйд хүрч байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгч л болж байна. Хариуцсан мэргэжилтнүүд нь хүртэл ажлаа хийлгүй өнөөдөр ямар дарга ирж, намайг халах бол гэсэн айдастай сууна. Гэтэл дарга нар нь дээрээ суудлаа буулаацалдахаа л бодохоос хотын захад хэчнээн айлын хүүхэд хоолгүй хонож байгааг сөхөөрөх ч тэнхэл алга.

Сүхбаатар дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсээр орохдоо хүүхдийн мөнгөний талаар тодруулахаар явж буй бүсгүйтэй таарсан юм. Тэрээр өөрийгөө С.Цэцэгдарь хэмээн танилцуулаад “Эгч нь гурван хүүхэдтэйгээ өрх толгойлон  амьдардаг. Нөхөр маань архинд орж гэртээ ч ирэхээ байсан. Бага охин гурван сартай болохоор ажил хийх боломжгүй байна. Нэг,тавдугаар ангид сурдаг хоёр хүүтэй. Хүүхэд сургуульд орохоор мөнгө  их хэрэгтэй болох юм. Уг нь, хоёр хүүхдийнхээ мөнгөөр ойр зуурын хүнсээ цуглуулаад болдог л байлаа. Гэтэл зургаадугаар сараас хойш хүүхдийн мөнгө олгоогүй. Дээр нь нялх хүүхэдтэй болохоор живх, сүүнд их  мөнгө хэрэг болох юм. Хүүхдийн мөнгийг олгоно гэхээр баярлаж суулаа. Гэсэн ч I-X бүлгийн айл өрхөд олгоно гэсэн. Тэгээд хэддүгээр бүлэгт багтаж байгаагаа асуухаар ирээд өөрийн гэсэн хашаа байшинтай учраас 15 бүлэгт багтаасан байна билээ” хэмээн гомдоллон ярьсан юм.

Даргатай нь уулзах гэсэн юм гээд хаалга сахин суух бүсгүй “Манай нөхөр барилгын ажил хийдэг. Гэтэл энэ жил барилгын ажил нь зогсоод манайх гэдэг айл сөхөрч байна. Гурван хүүхэд Нэг, хоёр, тавдугаар ангид сурдаг гурван хүүхэдтэй. Уг нь, гурван хүүхдийн мөнгө маань амьдралд минь овоо л нэмэр болдог байлаа. Нэг хүүхдэдээ гутал  ч гэсэн  авч өгдөг байсан. Харамсалтай нь, энэ мөнгө зогсчихлоо. Тэгээд ч тэр амьжиргааны түвшин тодорхойлж байгаатай санал нийлэхгүй. Манайхыг 32 инчийн телевизтэй будаа агшаагч, угаалгын машинтай байна гээд 16 бүлэгт оруулсан байна. Түвшнээ дахиж тодорхойлуулахын тулд өргөдөл бичиж болно гэсэн. Гэтэл өргөдөл бичээд тодорхойлуулъя гэтэл яг тодорхой шийд гараагүй учраас дур мэдэж танайд очиж амьжиргааны түвшинг чинь дахин тодорхойлж чадахгүй. Даргаас зөвшөөрөл авч байж болно. Өнөөдөр /өчигдөр/ шинэ дарга нь ирсэн гэсэн. Өмнө нь өгч болоод байсан юм одоо яагаад өгч болдоггүй юм бэ. МАН мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гээд гарч ирсэн шүү дээ. Гэтэл дөнгөж гарч ирээд амлалтаасаа буцах байсан юм уу. Хариулт нэхэж байна” хэмээв.

Айл өрхийн амьжиргааны түвшинг жилд нэг удаа тогтоох журамтай уг нь. Иймээс өрхийн амьжиргааны түвшингээ тодорхойлуулсан айлуудын  хувьд нэг жилдээ тухайн түвшинд л амьдрах ёстой. Иргэдийн хувьд амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулах хүсэлт ихтэй байгаа нь олонтаа тааралдсан юм. 

Хүүхдийн мөнгийг олгоно, олгохгүй гэдэгтэй зэрэгцэн хүүхдийн мөнгөө олж аваагүй иргэд ч нэлээд байгаа аж. Тухайлбал, Баянзүрх  дүүргийн 16 дугаар хорооны иргэн И.Лхамгэрэл “Манай хүү 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд төрсөн. Энэ үеэр хүүхдийн мөнгийг олгоно, эсвэл ялгавартай олгоно гэж шуугьж байсан. ХААН банкинд 20 мянган төгрөгөөр хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Гэтэл наймдугаар сард хүүхдийнхээ дансыг шалгатал мөнгө ороогүй байсан. Ингээд л орхичихсон. Олгоно, олгохгүй гээд байсан болохоор би олгохгүй юм байлгүй дээ гээд хөөцөлдөөгүй” гэв.

Хүүхдийн мөнгийг халамж хавтгайруулж олголоо хэмээн шүүмжлэх нь ч бий. Тэгвэл хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлж, 2012 оны аравдугаар сараас хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг олгож эхэлсэн юм. Харин гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэлийг үндэслэн ялгаваргүйгээр олгож байсан юм. Гэвч  одоогоор нийт хүүхдүүдийн  60 хувьд нь олгоно үлдсэн 40 хувийн хүүхдийн мөнгийг хүүгүй байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор болж байгаа гэсэн. Харамсалтай нь I-X бүлгийн хүүхдэд нийт хүүхдийн 60 хувь нь хамрагдана гэдэг итгэлгүй тоо санагдана. Учир нь, захын хүнээсээ танайх амьжиргааны хэддүгээр түвшинд орсон бэ гээд асуувал хорооноос тодорхойлсон түвшин нь таалагдахгүй бай­гаа тухай гомдоллох болно. Нөгөөтэйгүүр халамжийн ажилчдын зүгээс амьжиргааны түвшингөөр бага бүлэгт орох юм бол банкнаас зээл авч чадахгүйд хүрнэ. Иймээс ганц хүүхдийн мөнгө авах гэж амьжиргаагаа доошлуулах хэрэггүй хэмээн зөвлөж буй.

Гэтэл амьдрал боломжийн хэрнээ танил талаа ашиглан түвшингээ тодорхойлуулсан хүн олон байгаа талаар иргэд мэдээллэсэн. Тухайлбал, эхнэр нөхөр хоёуулаа ажил хийдэг нэг хүүхэдтэй, сард 350  мянган төгрөгөөр орон сууц хөлслөн амьдардаг хэр­нээ орох оронгүй гэдэг нэрийд­лээр амьжиргааны түвшингээр дөрөвдүгээр бүлэгт орсон талаар хэлсэн юм.

Эдийн засаг хүнд үед  хүн бүрт л сарын 20 мянган төгрөг далайд дусал нэмэр гэгч болж байна. Иймд амьжиргааныхаа түвшинг зөвөөр тодорхойлж иргэдээ ялгаваргүйгээр хандаасай. Хүүхдийн мөнгө очих ёстой хүмүүстээ  хүрээсэй. Гаргасан шийдвэрээ эргэн хараасай гэдгийг л хүсч байгаа юм. Иргэдээ  алагчлах үзэл баян хоосны ялгааг даамжруулж иргэдийн дургүйцлийг хүргэх биз ээ.

0 Сэтгэгдэл
20хон мянган төг шүү дээ!ТҮШЭЭД минь.өнчин ядуус бид нь иймхэн юмаар амьдардаг юмдаа.бас өрөөсөн нүдгүй,өрөөсөн хөлгүй бид өнөөдөр тэтгэвэрээ хасууллаа.Та нар минь үүнийг минь булааж байхыг бодоход аргагүй их ядуурчээ. авдаа ав? эвий эвий ТҮШЭЭД минь. Эрдэнэ засгаа аа аа аа аа ....
Хамгийн их уншсан